Үндсэн чиглэлд УИХ-ын гишүүд нэмж олон хуулийн төсөл оруулах саналаа хүргүүлсэн бөгөөд тэдгээр бүхий л төслүүдийг багтаачихвал Үндсэн чиглэлийн хүрээ хэмжээ хэт том болж, биелэлтэнд сөргөөр нөлөөлөх байсан учраас Засгийн газраас оруулж ирсэн анхны бүтцээр нь дэмжиж, намрын чуулганаар гишүүдийн оруулж ирсэн төслүүдийг нэмэлтээр оруулж ирэх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан байна. З.Энхболд ийм нөхцөл байдал үүсээд байгаа талаар “Бид анх нэг давхар байшин барих төлөвлөгөө зураг оруулахад, урд нь нэг хэсэг залгаад, дээрээс нь хэдэн давхар нэмээд огт өөр барилга болгочихож байгаатай ялгаагүй болох гээд байна. Хоосон мөрөөдлийн жагсаалт гаргаж, түүнийг нь хэлэлцэх гэж цагаа барж байх шаардлагагүй” гэв. Ингээд гишүүн дор бүрээ өөрийн санаачилсан төслөө үндсэн чиглэлд багтаах санаа байгааг хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэр бүрийг нь багтаахаар хэлэлцэх нь цаг хугацааны хувьд бэрхшээлтэй гэж үзсэн байна.
Яг үүн шиг өмнөх үндсэн чиглэлд олон асуудлыг багтаасан нь биелэлтийг хангалтгүй байдалд хүргэсэн буюу нийт төлөвлөсөн төслүүдийн 10 хувийг л багтааж амжсан аж.
Ийнхүү засгийн газрын оруулж ирсэн байдлаар нь үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжсэнээр холбогдох хуулийн төслүүдэд Засгийн газар хариуцлагатайгаар санал гаргах боломжийг бүрдүүлэх юм.