Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын шигшээ баг

 Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1913
FIFA –д элссэн он: 1914
Холбооны ерөнхийлөгч: Сунил Гулати
Ерөнхий дасгалжуулагч: Боб Брэдли
Багийн ахлагч: Карлос Боканегра
Шигшээдээ олон тоглосон: Коби Жонс – 164
Олон гоол оруулсан: Ледон Донован – 42
Одоогийн чансаа: 18
Хамгийн өндөр чансаа: 4 /2006 он/
Анхны тоглолт: АНУ 0:1 Канад /1885 он/
Хол зөрүүтэй ялалт: АНУ 8:0 Барбадос /2008 он/
Хол зөрүүтэй хожигдол: Норвег 11:1 АНУ /1948 он/
Хоч: Янкууд

Амжилт: 1930 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2009 оны Тив хоорондын цомын мөнгөн медальт, 1984 оны олимпийн наадмын мөнгөн медальт
Түлхүүр тоглогч: Лендон Донован
Дэлхийн аваргаар “тэсрэх” магадлалтай тамирчин: Жози Альтидор

Дэлхийн I дайн эхлэхээс ганцхан жилийн өмнө хөлбөмбөгийн холбоогоо байгуулсан америкчууд 1904 Сент Луисийн олимпийн наадамд хоёр баг оролцуулж, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд элссэн Хойд Америк тивийн анхны баг болж, мөн анхны дэлхийн аваргад оролцож, хүрэл медаль авч томоохон амжилт байгуулсан. 1950 оны Бразилд болсон дэлхийн аваргад Англитай хамт нэг хэсэгт ороход, англичууд тохуурхаж, “Бид нар АНУ-тай тоглох юм уу” гэж даажигнаж байсан гэдэг. Нэг үндэс угсаа, хэл соёлтой улсуудын хувьд бие биенээсээ илүү гарчих гэсэн үзэл байсан нь тодорхой. Дээр нь дэлхийн дайнд том гавьяа байгуулахад АНУ ихэнх үүргийг гүйцэтгэж, хөгжлөөрөө Англиас бараг илүү гарах хэмжээнд хүрээд байсан юм.
Тоглолт ч ширүүхэн болж, хөлбөмбөгийн эх орныхон хожигдох нь тэр. Цорын ганц гоолыг Гаетиенс оруулсан ч гурван баг биенээ тойрсон учир англичууд хэсэгтээ дээр нь бичигджээ. Түүнээс хойш олон жил АНУ-ын хөлбөмбөгийн баг сураггүй байж байгаад 1994 онд нутагтаа дэлхийн аваргыг зохион байгуулах болсон нь FIFA-д хэрэгтэй байлаа. Менежмент, шинэ санааг үргэлж сэдэж байдаг америкчуудаас зохион байгуулалтаас эхлээд бүхий л зүйлийг хүлээж, цаашдын хөлбөмбөгийн тэмцээн, уралдаанд ашиглах бодолтой байсан юм. Хэсгийн тоглолтоо амжилттай хийж, Колумбын багийг буулган авснаар хэсгээсээ гарсан ч хасагдах шатанд, түрүүлсэн Бразилийн багийн гишгүүр болсон. Харин 2002 онд Азид бужигнуулсан шигшээ бол АНУ байлаа. Хэсэгтээ Португалийг буулган авч, хасагдах шатанд Мексикийг 2:0-оор ялж, Германд хожигдсон. Бүрэлдэхүүн хүчирхэг биш ч, багийн тоглолт өөлөх юмгүй байв. Брюс Арена дасгалжуулж, Клаудио Рейна, Лендон Донован, Брайн МакБрайд, Эдди Льюис, Клинт Матис, Томму Санне нар нээлт болсон юм. 2006 онд АНУ орсон учраас Итали, Гана, Чехийн багтай хэсгийг хоёр дахь үхлийн хэсгээр нэрлэж байлаа. Харамсалтай нь, Чех, Ганад хожигдож, түрүүлэх тавилантай Италитай тэнцсэн ганц баг болсон. Ониеву, Бизли, Конвей, Демпси гэсэн залуучууд хүч түрэн гарч ирсэн бөгөөд Европын томоохон лигүүдэд тоглох Янкуудын тоо эрс өссөн.
Харин 2010 оны дэлхийн аваргад АНУ тун эвгүй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байгаа. Англи, Алжир, Словеньтэй тун давгүй сугалаа татсан. Урьдчилсан шатанд толгой өвдөлгүй бүсээ тэргүүлсэн бөгөөд дасгалжуулагч Бредли олон ч тамирчныг тоглуулан туршсан. Өмнөд Африк тэдэнд ээлтэй байгаа. Учир нь жилийн өмнө болсон Тив хоорондын цомд хүчирхэг Испанийг хожиж, шигшээ тоглолтод шалгарч үлдсэн түүхтэй. Булан, хаалттай цохилтуудын хувилбарыг дээд зэргээр гүйцэтгэдэг, ерөнхийдөө байрласан тоглолт хийдэг.
Тактикийн хувьд 4-4-2 хувилбараар тоглож, хаалгачаар Тим Ховард, хамгаалагчаар /баруун жигүүрээс/ Жонатан Спектор, Дэ Мерит, Огучи Ониеву, Карлос Боканегра, хагас хамгаалалтад Клинт Демпси, Майкл Бредли, Рикардо Кларк, ДеМаркус Бизли, довтолгоонд Лендон Донован, Жози Альтидор гэсэн гарааны бүрэлдэхүүн гарах магадлал өндөр юм. Дасгалжуулагч Боб Бредли хэсгээсээ нэгээр гарч, дараагийн шатанд Германаас зөрж, шөвгийн наймд үлдэх төлөвлөгөөтэй байгаа. Хэсгийн эхний тоглолтоо Англитай хийнэ.

Түлхүүр тоглогч: Лендон Донован

1982 оны гуравдугаар сарын 4-нд Калифорнийн Онтариод төрсөн. АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд нутгаасаа авч болох бүхий л шагналыг авсан. Лендон мэргэжлийн хөлбөмбөгчний хувиар анхны гэрээгээ “Баейрн Леверкусен” багтай 16 насандаа хийжээ. Мөн АНУ-ын хөлбөмбөгийн холбооны 17-гоос доош насны идэрчүүдийн хөтөлбөрт хамрагдан, хожмын шигшээгийн андууд болох Д.Бизли, Б.Конвэй нартай хамт бэлтгэл хийх болсон юм. Энэ баг нь 1999 оны идэрчүүдийн ДАШТ-д дөрөвдүгээр байрт орж, Донован тус тэмцээний “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн билээ. Тэрээр АНУ-ын лигт 96 гоол оруулсан амжилттай байна. 2000 оны зуны олимпийн наадамд оролцсоноосоо хойш тэрбээр үндэсний шигшээдээ багтах болж, мөн оны ДАШТ-д шөвгийн наймд шалгарсан амжилтад өөрийн хоёр гоолоороо чухал хувь нэмэр оруулсан юм. 2006 оны ДАШТ-д мөн шигшээ багаа төлөөлөн оролцсон. 2008 оны зургадугаар сарын 8-нд Аргентиний шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод Донован шигшээ багтаа 100 дахиа тогложээ. Өнгөрсөн жил болсон Тив хоорондын цомын тэмцээнд шигшээ багаа удирдан амжилттай тоглосноор мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр жүжигчин Бьянка Кайличтай 2006 оны 12-р сарын 31-нд гэр бүл болж, өдгөө Калифорнийн Манхэттен Бичид амьдарч буй.

Б.Батзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж