тараад багийн хэдэн найзтайгаа уулзахаар боллоо. Болзсон цагтаа
цугларч мэнд усаа мэдэлцэн “За хаачих вэ?” гэж бие бие рүүгээ харцгаав.
Нэг найз маань “Гадаа сайхан байна. Бүгдээрээ алхая” гэхэд нөгөөх нь
“Шороотой, явган хүний зам ч байхгүй газраар яах гэж алхах юм. Харин
хундага дарс шимсэн шиг нэг аятайхан газар сууя л даа. Ярьж хөөрөе” гэж
байна. Гэтэл “алкахол” хэрэглэдэггүй нэг найз маань “Хааяа нэг
уулзахаараа архи, дарс гэх юм” гэж гомдоллонгуй аястай хэлэх юм. За
тэгвэл яах вэ? хаачих вэ?
Нээрээ л залуучууд бид уулзаад чөлөөт
цагаа хаана хэрхэн өнгөрүүлэх вэ гэсэн асуултад “хаана ч биш” гэсэн эзэн
биегүй хариулт л урган гарч байна.
Манай орны хүн амын 70 гаруй
хувийг 18-35 насны залуус эзэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын гэсэн
тодотголтой чөлөөт цагаа өнгөрүүлэх газраас илүү хувийн хэвшлийн буюу
бизнес эрхлэгчдийн гарт залуусын чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл нь байгаа
юм шиг. Бидний чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл байдал нь найзуудаараа
уулзаад пабд 12 цаг хүртэл сууж жаахан юм ярих, бааранд орж согтуу,
танхайчуудтай зэрэгцэн бүжиглэх, караокед орж дуулахаар бол ундаа авч
болохгүй заавал архи, пиво авах гэсэн сонголтууд байгаа. Бид алийг нь ч
сонгож болно. Гэтэл та, би, бид бүгдээрээ заавал архи пивотой
холбоотойгоор чөлөөт цагаа өнгөрөөмөөргүй л байна шүү дээ.
Залуусын
чөлөөт цагаа өнгөрөөх газар бүр ч байхгүй биш л дээ. Үндэсний соёл
амралтын хүрээлэн, кино театрууд, боулинг клуб, теннис, сургуулиудын
спорт заал, усан бассейн, фитнес клуб, Интернэт тоглоомын төв, цанын
бааз гэх мэтчилэн чөлөөт цаг өнгөрөөх газар байгаа боловч зарим нь
хэтэрхий үнэтэй, зарим нь үйлчилгээ маш муу, чанарын шаардлага
хангадаггүй, сөрөг муу нөлөөтэй гээд л муу тал нь давамгайлах юм. Жишээ
нь дунд сургуулийн хүүхдүүд чөлөөт цагаа РС тоглоомын газар өнгөрүүлдэг
болжээ. Компьютер тоглоомоос болж олон хүүхэд эрүүл мэндээрээ
хохирохоос гадна хүмүүжлийн маш том доголдолтой болж байгаа нь бидний
нүдний өмнө ил.
Ер нь бидний чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын
ихэнх нь зугаа цэнгэл, ууж, идэх, эрүүл мэндээ хохироох тал руугаа л
яваад байгаа биз. Уг нь залуучууд бидний чөлөөт цагаа өнгөрүүлэх газар
нь мэдлэг мэдээлэл олгосон, эрүүл ахуйн шаардлага хангасан, стрессээ
тайлж, элдэв сөрөг зүйл байхгүй тав тухтай орчинг бүрдүүлсэн газар байх
ёстой юм болов уу. Тэнд нь залуучууд өөрийгөө аль аль талаар нь
хөгжүүлдэг, залуус хоорондоо мэдлэг мэдээлэл, санаа бодлоо солилцдог,
алжаалаа тайлдаг, ер нь залуусын хүссэн бүгд л байвал зүгээр юм шиг ээ.
Залуусын
чөлөөт цагаа өнгөрөөх газрын асуудлаар авч хэрэгжүүлж байгаа нэг арга
хэмжээ нь НҮБ-ын хүн амын сан болон Швейцарын хөгжлийн агентлагтай
хамтран “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр 2013-2017” төслийг хэрэгжүүлэхээр
болжээ. Энэ төслөөр залуучуудад зориулан хот, аймаг, дүүрэгт 14
хөгжлийн төвийг байгуулах гэж байгаа аж.
Залуучуудын хөгжлийн
төвд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх л нөхцөл боломжийг хангасан
байх юм. Жишээ нь номын сан, интернэт, төрөл бүрийн дугуйлан,
боловсролын зөвлөгөө үйлчилгээ, тодорхой сургалтууд, мөн эрүүл мэндийн
зөвлөгөө үйлчилгээ, төрөл бүрийн чиглэлээр хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөх
зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр зөвлөгөө тусламж үзүүлэх зэрэг үйл
ажиллагаа явуулахаар ажиллаж байгаа аж.
Улсаас залуучуудийн
төлөө хийж бүтээж байгаа олон зүйл байгаа бололтой. Гэвч одоогоор бэлэн
болсон нь үгүй тул найзуудаараа уулзаад нэг аятайхан уушын газар сууж
яриа өрнүүлэсхийгээд байж байя даа. Хурдан 2017 он болоосой.