Ахынхаа компанийг хууль бусаар шилжүүлэн авсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Ахынхаа компанийг хууль бусаар шилжүүлэн авсан гэв

Талийгаач төрсөн ахынхаа компанийг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх хэргийн хохирогчид гэх иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Би нөхөр С.Батбаатарийн хамт “Икслэнд констракшн” компанийг хамтран хувьцаа эзэмшин байгуулсан. Гэтэл өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард С.Батбаатарыг нас барсны дараа төрсөн дүү болох “Мөнгөн тулга Цамхаг” компанийн захирал С.Баттулга гэгч ахынхаа гарын үсгийг дуурайлган бичиж, хуурамч тамга тэмдэг ашиглан талийгаач ахынхаа компанийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингэж хуурамч тамга тэмдэг ашиглан, гарын үсэг зурсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Одоогоор хэрэг Чингэлтэй дүүрэгт мөрдөн байцааж байгаа. Өмнө нь зургаан мөрдөн байцаагчийн гар дамжсан дээрх хэрэгт мөрдөн байцаагчид хайнга хандаж байгаа” гэж компанийн хамтран эзэмшигч байсан Ш.Чимгээ мэдэгдсэн юм.

Ш.Чимгээгийн өмгөөлөгчөөр Ц.Байгалмаа, н.Энхжаргал нар ажиллаж байна. Өмгөөлөгч Ц.Байгалмаа “Ш.Чимгээ талийгаач нөхөртэйгээ 2006 оноос хойш хамт амьдарч байсан ч гэрлэлтээ батлуулаагүй байдаг. Талийгаачаар овоглосон нэг хүүхэдтэй. Хуульд ямар хүмүүсийг өв залгамжлагч байна гэхээр талийгаачийн төрсөн хүүхэд, эхнэр нөхөр, эцэг эх өвлөгч байхаар заасан байдаг. Энэ хүмүүс байхгүй тохиолдолд дүү нь өвлөгч байх хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл талийгаачийн төрсөн дүү С.Баттулга “Икслэнд констракш” компанийг хуурамч тамга тэмдэг ашиглан, хууль бусаар өөртөө шилжүүлсэн байдаг. Ингээд “Мөнгөн тулга Цамхаг” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Бид цагдаагийн байгууллагад гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс шинжилгээ хийлгэж Батбаатар гарын үсгийг бичигч хэрэгсэл ашиглан үйлдээгүй, бар ашиглан үйлдсэн хуулбар гарын үсэг байна гэсэн дүгнэлт гарсан. Ер нь хуулийн зохицуулалтын хувьд өв залгамжлагч байх асуудалд учир дутагдалтай зүйл байдаг юм байна. Тухайн хүнийг нас барснаас хойш нэг жилийн дотор цагдаад хандах ёстой байдаг ч нэг сарын дараа хуурамчаар бичиг баримт үйлдэн компанийг шилжүүлсэн байна” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж