Шри-Ланкийн цаг уурын албанаас 4-р зууны үед тус улсыг удирдаж байсан Махасен хааны нэрээр олон хүний амийг авч одсон аймшигт далайн хар шуургыг нэрлэсэндээ уучлал гуйжээ. Шри-Ланкийн улстөр болон иргэний нийгмийнхний зүгээс хоёр долоо хоногийн өмнө гурван улсыг ниргэж, ихээхэн гамшиг, хохирол дагуулсан далайн хар шуургыг Махасен хааны нэрээр нэрлэснийг хүчтэй эсэргүүцсэн байна. Үүний дараа Шри-Ланкийн цаг уурын хүрээлэнгийн захирал С.Х.Кариявасам тус улсын бахархалт түүх болон хаан Махасений нэр хүндэд сэв суулгасандаа уучлал гуйжээ.
Бангладеш, Мьянмар, Шри-Ланкийг ниргэсэн Махасен далайн шуурганы улмаас нийт 18 хүн амь үрэгдэж, олон мянган байшин барилга эвдэрч сүйдсэн билээ. Түүнчлэн зөвхөн Бангладешид л гэхэд далайн хар шуурганы улмаас эрэг хавийн бүс нутгаас нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан юм.
Махасен хаан нь манай эрний 277-304 оны үед Шри-Ланкийг захирч байсан аж.
Б.АНХТУЯА