Монголчуудын төдийгүй гадаадынхан ч үйлчлүүлэх дуртай байдаг “Модерн номадс”-ын 10 жилийн ойн энэ өдрүүдэд болж байгаа. Тэгвэл тэд арван жилийн ойдоо зориулан бас нэгэн бэлэг бэлтгэсэн нь уламжлалт монгол хоолны жор бүхий маш гайхамшигтай номыг хэвлэн гаргажээ. “Уламжлалт монгол хоолны 99 жор” номын нээлт өнөөдөр боллоо. Бидний зарим нь монгол хоол төдий л баялаг бус гэсэн өөнтөгч бодолтой байдаг. Гэхдээ энэхүү номыг хараад та өөрийн эрхгүй энэ бодлоосоо ичихээс өөр аргагүй. Зөвхөн 99 жорыг л багтаасан гээд бодохоор монгол хоолны аугаа баялгийг магтахаас өөр аргагүй. Номын онцлог нь тухай хоолыг хэрхэн хийхээс эхлээд хэрхэн таваглан чимэглэх болон агуулагдаж буй илчлэг зэргийн товч тодорхойгоор илэрхийлсэн. Басхүү түкүва, түнтэг, дээдсийн гүнцэг гээд сайн мэдэхгүй хоол ч бий. Бидний сайн мэдэх гурилтай шөл, битүү шөл, элэгний сорс тэргүүнийг ч яаж ямар ногоогоор хачирлан хослуулж, болох хэрхэн зөв амтлах зэргийг “яруу тод”-оор харуулаад өгч. Гишүүний амтлаг шөл, гурван шимтийн шөл, дөрвөн шимтийн шөл гэх мэтчилэн эмчилгээний гайхалтай хоолуудыг санал болгож. Ер нь л эзэгтэй нар ч гэлтгүй, хоол судлал, үйлчилгээний газартай хамааралтай хэн боловч заавал авч харахаар. Харин гадаадынханд бол янзын сайхан сурталчилгаа болохоор ном. Магадгүй тэд гадаад хэлээр орчуулан гаргахаар төлөвлөж байгаа биз. Хамгийн гол нь энэ номноос бас бидний очих дуртай “Модерн номадс”-аас амтархан иддэг олон хоолыг харж болохоор. “Модерн номадс”-ийн хоолны мастерууд, тогооч нар энд мөн гар бие оролцон бүтээсэн болохоор аргагүй биз.
Магадгүй тураг мах бүхэл битүү хоол, толгой шийр, гэдэс дотроор хийсэн хоол, зууш, дотор махан шөлтэй хоол, сүү, цагаан идээ, ногоотой хоол,аяганы хийц, загасан хоол гэсэн ангилалтай нүд гайхуулам гоё зурагтай номыг арааны шүлс асгаруулам гэж тодотгох нь магадгүй тийм ч тохиромжгүй байж магадгүй л дээ. Гэхдээ л танд гэж зөвлөхөд нэлээд сайн хооллосныхоо дараа л энэ номыг эргүүлж үзээрэй. Цатгалан байхад хүртэл дахиад л “уруу татаж” аппетит хөдөлгөмөөр шүү.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү
А.ТУЯА