“Дархан хэл” наадмыг өнгөлсөн шүлгүүд

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

“Дархан хэл” наадмыг өнгөлсөн шүлгүүд

Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” яруу найргийн наадмын тэргүүн байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, тус наадмын дэд байрт шалгарсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй нарын шүлгийг та бүхэндээ хүргэж байна. Сонирхуулахад тэд ирэх сарын хоёронд Хөх хотод очиж шагналаа гардах юм.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул

Эгшиглэнт эх орон
Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх
Их тунгалаг орон минь
Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох
Аяс гүн хөндүүрлэл минь
Загасны нүд соёмбоноос ширтэх нь
Таныг хайрлахын учир шалтгаан гэнэ
Завилаж суугаад нарыг дуулах нь
Таныг бахдахын өндөр түрлэг гэнэ…
Ай яруухан…
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий… гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг харцрын туяанд хармаар
Эх орон минь..
Манхан даваад хөтөлсөн жингийн цувааны мөр бол
Манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм
Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол
Манай тоололруу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм
Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол
Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм
Атан тэмээний явдал дунд зөөлөн аяласан дуу бол
Алтан дэлхий нарыг аргадаж мандуулдаг тарни юм…
Ийм хөх дууг зүүдэндээ сонссон хүү
Тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг хувьтай
Ийм эх орныг онож төрсөн хүн л
Тийм надин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай
Ай яруухан…
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг харцрын туяанд хармаар
Эх орон минь…

МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй

Эх ороноосоо уучлалт гуйх шүлэг
Цэцэг бүхнийг чинь тасалж намайг баярлахад
Та уйлж байсан юм уу, Эх орон минь
Эцэг тэнгэрийн чинь гэгээн мэлмий үрүү чулуу шидэж намайг зүггүйтэхэд
Та өвдөж байсан юм уу, Эх орон минь
Тунгалагхан гол горхийг чинь булингартуулж намайг дураараа авирлахад
Та энэлэж байсан юм уу, Эх орон минь
Уянгалаг шувуудын чинь дууг тасалж, намайг дэггүйтэхэд
Та гуниглаж байсан юм уу, Эх орон минь
Эх орон минь би чамаасаа түмэн уучлалт гуйя
Согоо бэлчээрлэсэн нугаас чинь янзага цочооход
Та айж байсан юм уу, Эх орон минь
Солонго мандаасан талаас чинь зэрэглээ сандаачихад
Та уймарч байсан юм уу, Эх орон минь
Газрын хэвлийгээс чинь үндэс тасалж тоглоход
Та шаналж байсан юм уу, Эх орон минь
Гартаа атгасан чулуугаа харийн хүнд бэлгэлэхэд
Та харуусч байсан юм уу, Эх орон минь
Эх орон минь би чамаасаа түмэн уучлалт гуйя
Ширхэг өвсөн дээр тогтсон шүүдэр таны нулимс байж
Шир ширхийн дуугарах цасны чимээ таны өвдөлт байж
Ширгэж буй гол мөрөн таны энэлэн байж
Шингэж буй наран зүг буцах шувууд таны гуниглал байж
Цочиж боссон янзага таны айдас байж
Цоохор эрвээхэй төөрсөн зэрэглээ таны уймараа байж
Газраас тасарсан үндэс таны шаналан байж
Гарт атгасан өнчин чулуу таны харуусал байж
Эх орон минь би чамаас түмэн уучлалт гуйя
Харин, хийсэн бүхний минь төлөө
Хамгийн сүүлд Эх орон минь чи надаас нэг л удаа уучлалт гуй
Чиний төлөө үхэхэд,
Дэвссэн тохомны хэмжээтэй газраа надад өмчлүүлж
Дэрлэж унасан чулууг минь уучлалт гуйсан хөшөө болгож хайрла

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж