Д.Болд, Т.Пүрэвсүхийн хослол тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Д.Болд, Т.Пүрэвсүхийн хослол тун удахгүй

"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн хүртээл болно. 

NEWS.mn сайт уг төслийг дэмжин, уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байгаа юм. Нэг дуучин, нэг хөгжимчин хамтран уран бүтээл туурвих явцыг харуулах, амьд хөгжмийн ажлыг харуулах зорилготой төслийн хүрээнд рок, попын шилдэг 16 уран бүтээлчийн найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулж эхэлсэн нь үзэгч, сонсогчдод ихэд таалагдаж байгаа.

Одоогоор төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослол, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтарсан уран бүтээлиийг үзэгчдэд хүргээд байсан бол өнөөдөр ийнхүү дөрөв дэх уран бүтээлийн эзэд тодорлоо. Тэд бол Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх нар юм. Энэ удаад Болд өөрийн хит уран бүтээлээс “Хайртай хүний гарлуу гүйгээрэй” дууг дан төгөлдөр хуурын хамт дуулжээ. Хэдхэн хоромын дараа тэдний уран бүтээл сошиал медиад байрлах юм.

“Pro Sound” студийн дууны найруулагч Рагутай түүний санаачилсан “The Mongolian Live Sessions” төслийн талаар ярилцлаа.

-Төслийн хүрээнд нэлээдгүй уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Гарсан даруйдаа л үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа нь төслийн зорилго хэрэгжиж байна гэсэн үг үү?

-Тийм шүү. Миний хийсэн “The Mongolian Live Sessions” төсөл бол дуучин, хөгжимчин хоёр хэрхэн амьдаар дуулж, бүтээлээ хүргэж байгааг дүрсжүүлэх зорилготой. Ний нуугүй хэлэхэд, манай зарим дуучдыг хүмүүс жинхэнэ дуучин мөн үү, биш үү гэдэгт эргэлздэг. Олон хамтлаг, дуучид шинээр төрч байгаа ч шинэ Б.Сарантуяа, шинэ Д.Болд, Нандинцэцэг байна уу? Энэ асуулт асуудал болоод байна. Манай төсөл дээр уран бүтээлчид зөвхөн амьдаар дуулж, хөгжимдөнө. Ямар ч аранжровк, засвар байхгүйгээр. Бүх зүйл “амьд”.

-Төслийн багт Монголын шилдгүүдийг багтааж чадсан харагдаж байна. Уран бүтээлчдийн сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-“The Mongolian Live Sessions” төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнтэй “Никитон”-ы гитарчин Өөжгий, дуучин Д.Болдтой “Арга билэг” хамтлагийн ахлагч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяатай  “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргил, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй Монголын номер нэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, реппер Rokit Bay-тэй хамгийн сайн хип хоп DJ Заяа, “Sweetymotion”-той төгөлдөр хуурч Б.Чинбат, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү гээд бүгд Монголын шилдэг дуучид, хөгжимчид оролцож байгаа.

Өмнө нь Монголд ийм олон алдартай дуучид, хөгжимчдийг нэгтгэсэн төсөл хэрэгжиж байгаагүй. Бүгд тус тусдаа уран бүтээлээ хийж байсан. Яагаад энэ төсөл чухал вэ гэхээр, одоо студи дээр нэг юм уу, дөрвөн мөрөөр дуулж бичүүлдэг уран бүтээлчид чухал биш болсон. Та нар хараарай, youtube сайт дээр байгаа “Live Sessions” бичлэгүүд ямар гоё гээч.

-Яагаад дуучин Т.Ариунаа, “Никитон”-ы Б.Батчулуун гээд зарим сайн уран бүтээлчид энэ төсөлд багтаагүй юм бэ?

-“The Mongolian Live Sessions II”-ыг хийнэ гэж төлөвлөсөн учраас. Тэнд Ариунаа, Бачка, реппер Gee, The Lemons гээд бусад уран бүтээлчдийг багтаахаар эхнээсээ уран бүтээлчидтэй нь уулзан тохирсон. Анхныгаа хийж, үзэгчдэд хүргээд хоёр дахь төслийн ажилдаа орно. Би энэ төслөө амжилт олно гэдэгт итгэлтэй байгаа.

-Клипний ажлыг ямар студи, продакшнтай хамтран хийж байгаа вэ?

-“TJ entertainment”-ынхан клипний зураг авалтыг дөрвөн камераар хийж байгаа. Спонсороор “Номин констракшн” ажиллаж байна.

-Яагаад зөвхөн “Social media” хэлбэрээр түгээхээр болсон юм бэ? DVD болгон гаргахгүй юм уу?

-Сошиал медиа бол хамгийн чухал. Яагаад гэвэл, одоо телевиз үздэг хүмүүс байгаа ч бүх хүмүүс фейсбүүк, твиттер, инстграм, youtube байнга ашигладаг болсон. Бидний төсөлд илүү сонирхолтой маркетинг  хэрэгтэй байсан. Хамгийн мундаг сошел маркетингийн компани болох “CCCP”-тэй хамтран ажиллаж байгаа. Одоо цомог биш, сошиал медиа л чухал шүү дээ. Реалити хэлбэрээр бүгд youtube дээр гарах учраас цомог гаргах талаар бодоогүй байгаа.  Би сошиал медиаг нэгдүгээрт тавьдаг. Хэрвээ цомог гаргавал олсон орлогыг нь өнчин хүүхдийн төлөө зориулах ч юм уу хүмүүнлэгийн үйлст гар сунгана даа.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж