
Папуа-Шинэ Гвинейн зөвлөх геологич Жэри Гэри болон бичил уурхайч Миами Син Абба нарын яриа ихээхэн сонирхол татаж байлаа. Тус улс зэс алтаар баялаг бөгөөд долоон сая хүн амынх нь 80 хувь нь хөдөө орон нутагт аж төрдөг ажээ. Хүн амын 57 хувь нь бичиг үсэг мэддэггүйгээс болж ажилгүйдэл газар авч тэр хэрээр бичил уурхайг сонгох нь илүүтэй гэдгийг тэд онцолсон. Нийт хүн амынх нь хоёр хувь бичил уурхай эрхэлж, уул уурхайн бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэдэг ажээ. Тус улсад төрийн мэдлийн уурхай гэж нэг ч байдаггүйн дээр хувийн хэвшлийн томоохон уурхайгаас бичил уурхайд ажиллагсдын тоо 3-4 дахин олон гэнэ. Бичил уурхайчдын жилийн орлого 200 сая пенум / Папуа-Шинэ Гвинейн мөнгөн тэмдэгт/-д хүрсэн бөгөөд нийт хүн амын 10 хувийг бичил уурхайн салбарынхан тэжээдэг гэж тэд мэдээллээ. Тус улсын бичил уурхайчид мөнгөн ус хэрэглэсэн хэвээр төдийгүй бичил уурхайн орчинд хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг хүндхэн асуудын нэг гэнэ. Гэвч Папуа-Шинэ Гвинейн алтны нөөц байнга өсөн нэмэгдэж байдаг болохоор ирээдүй гэрэлтэй харагддаг гэсэн өөдрөг мэдээллээр үгээ өндөрлөв. Камбоджийн хувьд ч жил бүрийн 11-5 дугаар сард тариалангийн талбайгаа бичил уурхайгаар сольдог үзэгдэл нийтлэг ажээ. Тэдний хувьд алт гэдэг олборлоход аюултай ч тээвэрлэхэд хамгийн амархан үнэт металлыг цианид натриар баяжуулсан хэвээр байгаагаас хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй хохирол хүндхэн асуудал болсоор байгаа юм. Тус улсад байгаль орчны доройтол хамгийн хүнд сэдэв болсон гэдгийг Камбоджийн байгаль орчны яамны газрын орлогч дарга Лон Райтирак онцлов.
“Бичил уурхай нөхцөл байдал, ололт сорилт” сэдэвт Ази Номхон далайн бүсийн хурлын үеэр зарим зочид төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны иргэн “Баатар ван” ТББ-ын гишүүн, “Нутгийн хишиг” нөхөрлөлийн ахлагч бичил уурхайчин н.Хүрэлбаатар:
-Манай тосгоны хэмжээнд 21 нөхөрлөл 108 гишүүнтэй ажиллаж байна. Ууланд гарч ажиллаж байгаа нь 50 гаруй хүн бий. Миний хувьд бичил уурхайн чиглэлээр тав дахь жилдээ ажиллаж байгаа. Эхний гурван жил хувиараа ашигт малтмал олборлож байсан бол сүүлийн хоёр жилд нөхөрлөл байгуулан бичил уурхайчин болсон. Ингэснээр бид нинжа буюу хувиараа ашигт малтмал олборлоч биш болж, ад үзэгдэх нь хүртэл багасаж байна. Хүндрэлтэй асуудал нь гэвэл сар тутам төлдөг 53 мянган төгрөг юм. Хүн бүр сар тутам энэ хэмжээний татвар төлнө гэдэг амаргүй. Олборлож буй газрын асуудал ч бэрхшээлтэй санагддаг. Учир нь бичил уурхайчдад гарц багатай газрыг олгох нь элбэг. Өрх гэрийнхээ сарын хэрэглээнээс илүү гаргаж энэ хэрийн татварыг сар бүр тогтмол төлөхөд бэрхшээл тохиолдох үе бий. Одоогоор сум орон нутгаас дэмжлэг аваагүй ч алсдаа бидэнд чиглэсэн дэмжлэг ирнэ гэдэгт итгэдэг. Манай нөхөрлөлийнхөн “Сентарра гоулд”-ын хайгуул хийж байсан талбайд ажилладаг. Тус газарт үйлдвэрлэлийн аргаар олборлолт явуулах боломжгүй учир биднийг ажиллуулж байгаа. Тиймээс зарим сар олсон зүйлгүй өнгөрөх ч бий. Түнхэлийн нөхөрлөлүүд бол насанд хүрээгүй хүүхдийг огт ажиллуулдаггүй.
Баянхонгор аймгийн бичил уурхайчин Л.Бямбадорж:
-2000 оноос хойш олон жил дараалан давхцсан ган зудын улмаас малаа алдсан хүмүүс л бичил уурхай руу хошуурсан шүү дээ. Тэр үед хувиараа ашигт малтмал олборлогчид голдуу байсан. Харин 2009 оноос хойш түр журмын дагуу иргэд нөхөрлөл байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Баянхонгор аймагт 60 гаруй нөхөрлөл, 600 гаруй бичил уурхайчдыг нэгтгэн ажиллаж байгаа. Засгийн газраас гаргасан журамд заасны дагуу бичил уурхайчид үйлдвэр ашиглаж орхисон болон үүсмэл ордод ажиллах учиртай. Ашигласан газраас олборлолт хийдгээс болж унац муу байх нь бий. Тиймээс бид орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөн сарын татварын хэмжээг 21 мянган төгрөг болгон бууруулсан. Байгаль орчныг хайрлан хамгаалах асуудал бичил уурхайчдын хувьд ихээхэн ойлгомжтой байдаг. Өөрсдөө тэр нутаг оронд төрж өссөн, одоо ч аж төрж буй учир байгальд халгүйгээр олборлоход онцгой анхаардаг. Нутгийн удирдлага болон тусгай зөвшөөрөлтэй компанитай гурвалсан гэрээ байгуулан ажиллаад ирэхээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлтэд анхааран ажиллаж байгаа. Манай нөхөрлөл 10-аад хүнтэй. Гарц гайгүй сард нэг хүний 600-700 мянган төгрөгийн цалин авдаг. Бичил уурхайн орчинд эмэгтэйчүүдийг хөнгөн ажил дээр л томилдаг. Угаалганд ганц нэг эмэгтэй бий. Тогооч нар нь эмэгтэйчүүд, бусдаар хүнд ажилд эмэгтэй хүн ажилладаггүй. Хүүхэд бол бүүр байхгүй.
Монголын бичил уурхайчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа:
-Одоогийн байдлаар албан бус статистикаар улсын хэмжээнд 60-100 мянган иргэн хувиараа ашигт малтмал олборлодог гэсэн тоо бий. Тэднийг хоршоо нөхөрлөлд багтаан эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр манай холбоо ажиллаж байна. Бичил уурхайн салбарт албан ёсоор ажиллаж байгаа нь 5-6 мянга гэж үздэг. Энэ салбар бол ажилгүйдлийг бууруулахад ихээхэн хувь нэмэртэй гэдгийг онцлон хэлмээр байна. Нас хүйс, мэргэжил, боловсрол хамаарахгүйгээр олон хүнийг ажлын байраар хангаж байгаа бичил уурхайн салбарыг төрөөс анхаарах цаг болсон. Өнөөдөр 10-аад аймагт бичил уурхайг явуулах албан ёсны шийдвэр гарчихаад байна. Гурвалсан болон хоёр талын гэрээ хийсэн бичил уурхайчид татвар даатгалд хамрагдаад зогсохгүй улс, орон нутагтаа хувь нэмрээ оруулж байгаа. Увсын Тариалан сумын бичил уурхайчид л гэхэд нөхөн сэргээлтийг амжилттай хийж сумын тэргүүний татвар төлөгчөөр тодорсон нь бий. Энэ мэт амжилттай ажиллаж буй бичил уурхайчин олон бий гэлээ.
Нэгэн үе “нинжа” гэх муу нэр, луу данстай олон түмэн дундаа ад үзэгдэн байсан хувиараа ашигт малтмал олборлогчид “бичил уурхай” гэсэн дээвэр дор нэгдэж, тив дэлхийн өнцөг булан бүрийн бичил уурхайчидтай жаргал зовлонгоо хуваалцах боломжтой болж байна. Алс холын оронд бичил уурхайн орчинд оршин байдаг хүндрэл манайд ч мөн давтагдаж байгаагийн дээр тэрхүү хүндрэлийг амжилттай туулсан нэгний туршлагыг сонсох боломж олдож байгаа нь “Бичил уурхай нөхцөл байдал, ололт сорилт” сэдэвт Ази Номхон далайн бүсийн хурлын нэг онцлог юм.