Зарим нутгаар ургамал цухуйгаагүй байна

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар ургамал цухуйгаагүй байна

Цаг агаар өчигдөр гэнэт хүйтэрч, бороо цас орж, зарим нислэгүүд саатахад хүрч байхад хөдөөгөөр бүр ч илүү зударч, мал хуй нь хэцүүдсэн байх гэж санаа зовох хүн олон байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутгаас мал сүйдсэн, шуурганд уруудсан гэсэн мэдээлэл ирээгүй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Харин бэлчээрийн ургалтын байдал одоогоор нийт нутгийн 40 орчим хувьд сайн, 50 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Өмнөговийн ихэнх Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Хөв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим нутгаар муухан, Баян-Өлгийн Дэлүүн суманд ургамал цухуйгаагүй байгаа ажээ. Ер нь жил бүрийн өдийд бэлчээрийн ургамлын ургалт иймэрхүү байдаг тухай цаг агаарчид хэлсэн юм.

Монгол орны нийт газар нутгийн 90 орчим хувьд нь нь цөлжилт явагдсан бол 78 хувь нь доройтолд орж, үржил шимээ алдсан юм байна. Тухайлбал, Дундговь, Дорноговь, Ховд, Увс, Баянхонгор, Говь Алтай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн газар нутгийн дийлэнх нь иймэрхүү байдалтай байгаа ажээ. Тиймээс бэлчээрийн арчилгаанд онцгой анхаарал хандуулах, нийт мал сүргийн бэлчээрлэх талбайг жигд оновчтой шийдэх хэрэгтэй тухай малчид учирлаж байна.

Залуу малчдыг бэлтгэх хэрэгтэй

Уул уурхайн салбар дан ганц улсын хөгжлийг хангаж чадахгүй гэдгийг одоо үед хэн бүхэн онцлох болсон бөгөөд тогтвортой хөгжилд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй юм. Тиймээс тогтвортой хөгжил, ажлын байр, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиг орлого авчрах хөдөө аж ахуйн салбараа, тэр дундаа мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэх хэрэгтэй ажээ. Үүний тулд залуу малчдын тоог нэмэх буюу малчин өрхийн хүүхдийг зургаан нас хүрэхээр нь сургуульд суралцуулж, эргээд малчин болгох, аятай тухтай амьдрахад нь дэмжих хэрэгтэй гэж малчид тайлбарлаж байна. Одоо цагт малчин болвол ирээдүй дуусна гэдэг сөрөг ойлголтыг арилгахын тулд ийнхүү хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх боломжтой шинэ боловсруулсан, оновчтой санааг залуусын дунд уралдуулах, тэдгээрийг нь урамшуулах тогтолцоог бий болгох хэрэгтэй юм байна.

Тиймээс малчин гэхээрээ заавал эзгүй хээр талд мал хариулж явахдаа биш, мал аж ахуйг эрчимжүүлсэн фермерийн шинжтэй болгох нь зөв ажээ. Газрын баялгаа ухаж, гадны хөрөнгө оруулалтад найдаж суухаас илүү хөдөө аж ахуйн арвин туршлагатай монголчууд энэ салбартаа илүү анхаарч, уламжлалт болон шинэ арга барилыг хослуулах хэрэгтэй болсон биз ээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж