-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Очирбатын Даваасүрэн гэдэг. Манай аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар барилгачин хүн. Би өөрөө Дорноговь аймгийн харьяат.
-Охин тань юунаас болоод таван жил гаруй хэвтэрт байгаа юм бэ?
Миний охин М.Ариунтунгалаг 2008 оны нэгдүгээр сард олгой тусаад аймгийнхаа эмнэлэгт хагалгаанд орсон. Анх хагалгааг хэн гэдэг эмч хийснийг мэдээгүй. Харин хагалгаа болсоноос дөрөв хоногийн дараа н.Отгонбаяр гэж эмч миний охинд хагалгаа хийснийг мэдсэн. Эхний хагалгаа бол яг стандартын өрөөнд болсон. Дөрөв хоногийн дараа охины минь гэдсээр өвдөөд очиж яагаад ингээд байгааг нь асуухад эмч нь мэдэхгүй байсан. Тэгээд намайг гадаа байж бай гэж хэлчихээд боолтны өрөөнд хоёр дахь хагалгааг хийсэн. Нилээд удсаны дараа хүүхдээ ав гэсэн. Тэгсэн чинь шархыг нь задлаад гуурс тавьчихсан байсан. Маргааш нь охины минь бие дахин муудаад нөгөө эмчдээ хандахад эмч нь мэдэхгүй байсан. Тиймээс Эх нялхас руу явахаар болсон. Хотод ирэхэд Эх нялхасын эмч нар “хүүхдийн чинь олгойг тэрүүхэн тэнд нь тасалсан болоод торгоогоод хаячихсан байна. Зуун хувь эмчийн буруутай үйлдэл” гэдгийг хэлсэн. н.Отгонбаяр гэж тэр эмч охинд минь анхны хагалгааг буруу хийснээс болж өнөөдрийг хүртэл нийт таван удаагийн хагалгаанд орсон.
-Эмчийнхээ нэр дээр шүүхэд гомдол гаргаж үзсэн үү. Охины тань эмчилгээний зардалд нийт хэдэн төгрөг орохоор байгаа вэ?
-Бид хоёр Хятад руу хүртэл явсан. Тэнд очсон чинь эмч нар нь үзчихээд “Ийм хагалгааг ёстой үзээгүй юм байна. Ямар эмч гэхээрээ ийм хагалгаа хийдэг байна аа” гээд гайхаад байсан. Би 2010 онд энэ эмчийн нэр дээр шүүхэд хандаад эмчилгээний зардалд хорин сая төгрөг нэхэмжилсэн. Тэгэхэд хоёр сая нэг зуун ерэн мянган төгрөг тогтоосон. Энэ мөнгийг нь цувуулж аваад, эм тариа, боолт гээд дууссан. 2012 оны 7 сард Солонгосын Хьюнда эмнэлэгийн эмч нар ирэхэд нь охиноо үзүүлсэн юм. Тэгсэн чинь тэд дараа нь охины чинь хагалгааны нийт зардал 40 сая вон болно гэсэн хариу өгсөн. Гэхдээ энэ хагалгаа маш хүнд хагалгаа гэдгээ тэд анхааруулсан. Үхтэл үр харам гэгчээр ямар ч байсан энэ хагалгаанд нь оруулчих юмсан гээд л зүтгэж байна.
-Буруутай үйлдэлийнхээ төлөө энэ эмч маань ёс зүйн хариуцлага хүлээсэн үү? Одоо хаана юу хийж байгаа вэ?
-Энэ эмч хоёр хоног л баривчлагдсан. Өөр ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Тухайн үедээ миний буруу гээд хорин мянган төгрөг өгч байсан мөртлөө одоо бол миний буруу байхгүй, хөлөө хүрэх газраа хүртэл заргалдаарай гэдэг болсон. Цэцэг ногоо шиг ургаж явсан охиныг минь ийм болгочихоод байхад манай аймгийн шүүх тэр хүний талд шийдвэр гаргасанд үнэхээр их гомдолтой байдаг. Тэр үед машингүй байсан эмч маань өнөөдөр машинтай, сайхан орон гэртэй, цагаан халаад нөмрөөд ажлаа хийгээд л явж байна. Гэтэл охиноо эмчлүүлэхийн тулд би өнөөдөр хашаа байшингаа зарчихаад айлын гэрт толгой хорогдоод явж байна. Дээрээс нь Дорноговь аймгийн бүх эмч нар бид хоёрыг мэддэг хэрнээ асаргаа авах гэхээр н.Нямгэрэл гэдэг эмч “дээрээс шалгалт ирдэг” гээд асаргаа өгдөггүй.
-Охины тань биеийн байдал өнөөдөр ямар байна?
-Миний охин чинь олгойны хагалгаанд орохоосоо өмнө бие нь огт өвддөггүй байсан. Одоо бол үс нь бууралтаад, ар талаас нь үс нь унаад яг л хөгшин хүн шиг болчихсон. Тэгээд өвчнөөсөө болоод биен дээрээ их юм эрээчнэ, үзүүртэй юмаар сийччих гээд байдаг юм. Байнгын уур уцаартай, хэвтэрт байдаг. Би өнөөдөр бусдын мууг үзэх гээгүй. Зүгээр л цоо эрүүл байсан хүнийг алдаа гаргаснаасаа болоод ийм байдалд оруулчихсан хүний толгойг илээд өнгөрөөгөөд байгааг л гайхаж байна.
-Охин тань “Алдаа гаргадаггүй эмч болох” мөрөөдөлтэй гэсэн?
-Би өөрөө аавыгаа дууриагаад барилгын мэргэжилтэй хүн л дээ. Охин маань өмнө нь ээж шигээ хүн болно гэдэг байсан. Одоо байнга хэвтэрт өвчиндөө шаналаад байж байхдаа “Би хэн нэгнийг ингэж байлгахгүй юмсан. Сайн эмч болно оо” гэж ярьдаг. “Сайн эмч болохын тулд би гадаадад сурна. Би босдог л юм бол зорьсондоо заавал хүрнэ” гэдэг юм.
-“Гэгээн мөрөөдөл” гэсэн хандивын тоглолтынхоо талаар уншигчдад маань сонирхуулаач?
-Ирэх сарын 3-нд болно. Тасалбарынх нь үнэ 10 мянган төгрөг байгаа. Мөн 16-17 лавлах үнэгүй хүргэж өгч байгаа юм. Энэ тоглолтонд маань дуучин МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, МУГЖ, дуучин Б.Дашдондог, МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэ, СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, “Хурд”, “Харанга”, “Мотив”, “Киви”, “Sweetymotion” зэрэг хамтлаг дуучид, “Болор цом”-ын эзэн яруу найрагчид оролцох юм. Тоглолтыг “Ачит амирлан” сан, Монгол-Европын нийгэмлэг, “Гүнгэрвээ” компани зэрэг маш олон байгууллага ивээн тэтгэж байгаа. Халуун сэтгэлт та бүхнийг энэхүү тоглолтыг ирж үзэн, 155889 дугаарт мессеж илгээж М.Ариунтунгалаг охины минь “Алдаа гаргадаггүй эмч болох” мөрөөдлийг нь биелүүлэхэд тус нэмэр болооч ээ гэж гуйж байна.