Япон ёкозүна төрүүлэх япончуудын хүслийг харгалзан үзэж Мэргэжлийн сумо бөхийн холбооноос озэки Кисэносатог ирэх башёд 14 давбал шууд ёкозүна цол олгохоор болжээ. Ёкозүнаг сонгох хорооны тэргүүн 78 настай Хитоши Учияма ийм санал дэвшүүлсэн юм байна.
"12-13 даваа бол хангалттай биш ээ. Би түүнийг уналгүй түрүүлээсэй гэж бодож байна. Гэвч 14 даваа авбал хангалттай гэж үзэж болох юм" хэмээн Учияма хэлжээ. Өөрөөр хэлбэл, Кисэносато долдугаар сарын башёд түрүүлж чадаагүй байлаа ч гэсэн 14 давбал ёкозүна цол олгоно гэж буй нь энэ юм.
Уг нь хоёр башёд түрүүлсэн озэки юмуу эсвэл түүнтэй адилтгах амжилт үзүүлсэн озэки цолтонд ёкозүна цол олгоно гэсэн заалт байдаг.
Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми ирэх сарын башёд Кисэносатог 13 давж, түрүүлбэл шууд ёкозүна цол олгож болох тухай өгүүлж байсан юм.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn