-Төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлэхээр төлөвлөсөн уул уурхайн салбарын нөхцөл байдал хүндхэн байгаагийн дээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уналттай байна. Цаашид ч энэ өсөх магадлал муу гэх юм. Ийм нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарах уу. Хэрэв төсвийн орлого дутвал хэрхэн нөхөхөөр төлөвлөсөн бэ?
-Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл болох БНХАУ-ын зүгээс ирэх жилүүдэд эдийн засгийн хэт халалтаас сэргийлэх зорилгоор эдийн засгийн өсөлтөө тодорхой төвшинд хязгаарлах бодлого баримтлахаа мэдэгдээд байна. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлтийг хязгаарлах бодлого баримталж байгаа нь үйлдвэрлэл буурч улмаар уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтийг бууруулах эрсдэл үүсч болзошгүй байна. Мөн Европын холбоо болон АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа нь манай улсын уул уурхайн салбарт яах аргагүй нөлөөлж байна.
2013 оны батлагдсан төсвийн дагуу нүүрсний салбараас салбараас нийт төсвийн орлогын 6,4 хувийг бүрдүүлэхээр тооцсон. Гадаад зах зээл дээрх нүүрсний үнийн бууралттай холбоотойгоор нүүрсний салбарын экспорт буурах, ашигт ажиллагаа багасах хандлага ажиглагдаж байна. Нүүрсний салбарын гол экспорт 2-3 дугаар улиралд хийгддэг. Тиймээс бид ирэх улиралд нүүрсний салбарын байдал хэрхэн өөрчлөлт орохыг ажиглаж байна.
-Он гарсаар төсвийн орлого тасалдсан уу?
-Эхний улиралд нэгдсэн төсвийн нийт орлого 92,5 хувийн гүaцэтгэлтэй гарсан. Төсвийн орлого их хэмжээгээр тасрах буюу хуулиар тогтоосон тодорхой нөхцөл байдал бий болсон тохиолдолд төсөвт тодотгол хийх боломжтой. Гэхдээ энэ нь манай эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай бөгөөд ирэх улирлуудад Чингис бондын мөнгө эдийн засгийн эргэлтэд орно. Мөн Монголбанкнаас баримталж буй мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр дотоод эдийн засгийн идэвхжил эрчимжих болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Дэлхийн банкны эдийн засагчид төсвийн алдагдлыг ДНБ-ний зургаан хувьд хүрсэн гэж мэдэгдсэн. Уг нь төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн заалт байдаг. Алдагдлыг бууруулахын тулд ямар алхам хийж байгаа вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал нь тухайн төсвийн жилийн ДНБ-ний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байхаар зааж өгсөн. Энэ дагуу энэ оны нэгдсэн төсвийн төлөвлөгөө нь ДНБ-ний хоёр хүртэл хувийн алдагдалтай байхаар батлагдсан. Засгийн газрын зүгээс УИХ-аас батлагдсан төсвийн алдагдлын хүрээнд төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх учиртай. Оны эхний улирлын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 83.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байгаа. Ирэх саруудын гүйцэтгэлээр төсвийн орлого буурч, төсвийн алдагдал ДБН-ий гурван хувиас илүү гарвал хуулийн дагуу төсөвт тодотгол хийнэ.
-Байдал хэвээр үргэлжилбэл оны төгсгөлд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна гэж судлаачид таамаглаж байна. Ийм байдалд хүргэхгүйн тулд яах ёстой вэ?
-Яг одоогийн байдлаар экспорт, импортын хэмжээ өмнөх үеийнхээс ихээхэн бууралттай, эдийн засгийн идэвхжил муу байгаа нь орлого төвлөрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Ер нь төсвийн орлого төвлөрүүлэлтэд дараах хоёр хүчин зүйл голлон нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна. Гол экспортлогч улс болох БНХАУ-ын эдийн засгийн байдал таамаглаж байснаас доогуур, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт багасч, үнэ буурч буй нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Хоёрдугаарт, дотоод эдийн засгийн идэвхжил харьцангуй доогуур байна. Он гарсаар макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд харьцангуй бага өсөлттэй байгаа. Тухайлбал аж үйлдвэрийн болон импортын хэмжээ эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 17,3 хувиар буурсан. Энэ байдал цаашид үргэлжилбэл төсвийн орлого тодорхой хэмжээгээр буурах нь ойлгомжтой. Гэхдээ Монголын эдийн засаг үүн дотроо уул уурхай, зам, барилга гээд голлох салбаруудын бүтээн байгуулалт эрчимждэг улирал одоо л эхэлж байна. Мөн Чингис бондын хөрөнгөөр хөгжлийн хөрөнгө оруулалтууд хийгдээд эхэлбэл эдийн засгийн нөхцөл байдал сайжрах хандлагыг дагуулахаар байна. Түүнчлэн Монголбанкнаас эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогоо сулруулж байгаа нь дотоод эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Дүгнэж хэлбэл, төсөвт үзүүлж буй гадна орчны нөлөөллийг сулруулах, дотоод эдийн засгийн идэвхжлийг дэмжих бодлогын шийдвэрүүдийг яаралтай гаргах шаардлагатай байна.
-Төсвийн орлого буурч байгаа болохоор хөрөнгө оруулалтыг танах шаардлага тулгарах уу?
– Төсвийн орлого буурч байгаа нь хөрөнгө оруулалтын санхүүжилтэд нөлөөлнө. Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлын тендер нь зарлагдаад, гүйцэтгэгч нь шалгарсан, гэрээ нь байгуулагдсан ажлуудын санхүүжилтийг бүрэн олгох болно. Бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүйгээр цаашлах боломж бий. Тавдугаар сарын 7-ны байдлаар энэ онд шинээр эхлэсэн 29 барилга байгууламжийн ажил бий. Эдгээрт 14 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь энэ жилийн хөрөнгө оруулалтын ердөө нэг хувьтай тэнцэнэ. Цаашид хөрөнгө оруулалтаа танах шаардлагагүй. Харин ч төсвийн ерөнхийлөн захирагчид болон гүйцэтгэгч компаниуд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэх шаардлагатай. Тендер нь зарлагдаагүй хүлээгдэж байгаа, тендер зарласан ч гэрээ байгуулааагүй, барилга байгууламж, төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх, гүйцэтгэгч байгууллагууд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зам, барилгыг богино хугацаанд барьж байгуулахад онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
-Өнгөрсөн бааасан гаригт УИХ-аар “2014 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл”-ийг баталсан. Тэрхүү чиглэл, мэдэгдэлд инфляцийг зургаан хувьд барих, эдийн засгийн өсөлтийг 14,7 хувьд хүргэхээр тусгажээ. Ийм боломж бий юу. Зарим эдийн засагчдын хувьд энэ онд инфляци нэг оронтой тоонд барина гэдэгт ч эргэлзэж байгаа. Тэгэхээр ирэх оны төсөөлөл тийм өөдрөг байх болмж байна уу?
-Төлөвлөгөөг биелүүлэх хэмжээнд гаргадаг. Тиймээс биелүүлнэ. Энэ онд инфляцийг нэг оронтой тоонд барих талаар Засгийн газар болоод Монголбанкнаас тодорхой хэд хэдэн арга хэмжээ авч байна. Үүний үр дүн ч мэдэгдэж байгаа. Инфляцийг хөөрөгддөг хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бий. Үүнд мах, гурил, шатахууны үнийг барих тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Орон сууцны үнэ ханшийг хөөрөгдөхгүйн тулд барилгын материал бэлтгэхэд зориулж 380 тэрбум төгрөг, моргейжид зориулж 500 гаруй тэрбум төгрөгийг зах зээлд гаргасан. Энэ бүхний үр дүнд нийлүүлэлтийн “шок”-оос гарах боломж бүрдсэн. Өнгөрсөн хугацааны туршлагаас эргэн харахад зах зээл дэх нийлүүлэлт дутмагаас болж инфляци хөөрөгддөг байсан.
2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд бид төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Мөн зардлыг хязгаарлах бодлого барьж байна. Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бус урсгал зардлыг бууруулахаар тусгасан. Төсвийн зардал ирэх онд ДНБ-ий 37 хувьтай тэнцэх хэмжээнд тусгагдсан. Тэгвэл 2015 онд 34 хувь, 2016 онд 32 хувь болон буурах юм. ДНБ өссөн хэмжээгээр зарлага дагалдан нэмэгддэг байсан бол цаашид ДНБ-ий өсөлтөөс зарлагын өсөлт бага байхаар тооцож байгаа. Энэ бүх цогц арга хэмжээний үр дүнд инфляци зорилтот хэмжээнд хүрнэ.
-Эдийн засгийн өсөлтөд голлох салбарыг нэрлэ гэвэл та ямар салбарыг хэлэх вэ. Өөрөөр хэлбэл бид ганц уул уурхайгаас хараат бус олон тулгуурт эдийн засаг руу хандаж чадах уу?
-Мэдээж уул уурхайн салбар тэргүүлэх юм. Ойрын хэдэн жилдээ уул уурхайн эзлэх хувь эдийн засагт өндөр хэвээр байна. Харин дараагийн дугаарт барилгын материал, авто зам, төмөр замын бүтээн байгуулалт дорвитой хувь нэмэр оруулах болно.
-Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн онцлог юу байх вэ?
-Ирэх 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд урьд жилүүдээс онцлог хэд хэдэн чухал зорилтыг багтаасан. Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн зургаан төрлийн зорилтыг тусгасан.
Нэгдүгээрт, төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх.
Хоёрдугаарт, бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь шатны шинэчлэлтийг хийнэ. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлснээр төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болно.
Гуравдугаарт, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн төвшинтэй уялдуулан индексжүүлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Инфляци ямар хэмжээгээр өснө, цалин тэтгэврийн төдий хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн үг.
Дөрөвдүгээрт, улсын төсвөөр санхүүжүүлэх, шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлыг өмнөх оны төвшингөөс бууруулахгүй байх замаар эдийн засгийн тогтвортой орчинг бий болгоно.
Тавдугаарт, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ.
Зургадугаарт, төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, хэрэгжилтийг тайлагнах зэрэг бүхий л үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж, ил тод байдлыг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах юм. Энэ бүх бодлогын дагуу төсвийн хүрээний бодлогыг боловсруулсан.
-Төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр манай улс дэлхийн улс орны альхан талд яваа вэ?
– Манай улс дэлхий нийтийн хэмжээнд дундаж байр эзэлдэг. Хойшид илүү ил тод байлгах үүднээс Сангийн яаманд тусгай вэбсайт нээн ажиллуулж байна. Энэхүү сайт руу хүссэн хүн бүр орж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт ямар ажил хийхэд зориулж хичнээн төгрөг хуваарилсан болон хэрхэн гүйцэтгэж байгааг харж болно. Сум орон нутаг, объект нэг бүрээр харах боломж бий. Ингэж иргэдийн хяналт сайжрах хэрээр төсвийн хөрөнгийн үргүй зардал буурах магадлалтай.
-Иргэдийн оролцоо хэр байна вэ?
-Иргэдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. Шууд бидэнтэй харилцахаас гадна Засгийн газрын дэргэдэх 1111 тоот утсанд хандан санал гомдлоо илэрхийлэх болсон. Бидэнтэй холбоотой санал бүрийг долоо хоног тутам нэгтгэн хариу өгдөг болсон.
-Төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн тааруу байна гэх шүүмжлэл их гардаг. Яавал үр дүнтэй зарцуулдаг болох вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтыг улс орны хэрэгцээ шаардлагад үндэслэн санхүүжүүлдэг. Хэрэгжилтэд захиалагч байгууллагууд голлон хяналт тавьдаг. Харин Сангийн яам хөрөнгө хуваарилахдаа төсөвт тусгагдсан байдал, хугацаа, төсөвт өртөг, ажил хүлээж авсан акт зэргийг үндэслэдэг. Цаашид төсвийн хөрөнгө оруулалтыг илүү үр дүнтэй болохын тулд дөрвөн жилээр төлөвлөдөг болох, төлөвлөгөөг зөвхөн яам, агентлагийн мэргэжилтний төвшинд бус ард олны хэлэлцүүлгээр сонгодог болох эхлэлийг тавьж байна. Саяхан бүх аймаг, сумаар манай мэргэжилтнүүд биечлэн явж санал авсан. Үүнийг нэгтгэн ирэх дөрвөн жилийн зорилт болон батлагдах юм. Ингэж гэмээнэ ард олны хүсэл шаардлагад нийцүүлсэн хэрэг болно. Оршин сууж буй газрынхаа хэрэгцээг тэнд амьдарч буй хүмүүс л мэднэ шүү дээ.
-Дөрвөн жилээр төлөвлөсөн тохиолдолд төрийн залгамж халаа үгүй бол үр дүн гарахгүй. Тэгэхээр эхлүүлснээ дуусгах залгамж бий болох магадлалтай юу?
-Тийм ээ. Дунд болон урт хугацааны төлөвлөгөөг биелүүлэх нь аль ч нам, аль ч Засгийн газрын үүрэг болж өгөх юм. АН ч юм уу МАН удирдах зөвлөлөөр шийдсэн бус ард түмний шийдвэр гэдэг утгаар залгамжлахаас аргагүйд хүрнэ.
-Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил санхүүжилтээс шалтгаалан саатах, хүлээлт үүсэх явдал зогссон уу?
-Оны эхний таван сарын байдлаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өссөн дүнгээр 340 тэрбум төгрөгийн хуваарь тавигдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр 117 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийчихээд байна. Үлдсэн 223 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл ирээгүй, чанар шалгагдаагүй зэргээс шалтгаалан санхүүжүүлээгүй байгаа гэсэн үг. Түүнээс биш Сангийн яамнаас шалтгаалан хүлээгдэж байгаа нэг ч төгрөг байхгүй.
-УИХ-ын зарим гишүүд ирэх оны эдийн засаг нийгмийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлийг яаруу баталлаа гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ нь хийх ажил тодорхой байсантай холбоотой юу?
-Санал нэг байна. Энэ оны хийх ажил гэдэг энэ оны хийсэн ажлын үргэлжлэл учир ойлгомжтой байсан байх. Ер нь бол УИХ-ын нэгдсэн чуулганы өмнө бүлэг болоод байнгын хороодын төвшинд нухацтай хэлэлцсэн болохоор яаруу баталсан гэж дүгнэж болохгүй. Нөгөөтэйгүүр цаг хугацаа бага, хийх ажил их байна. Бүтээн байгуулалтын олон ажил цаг минутаар хэмжигдэн хүлээгдэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бас нэгэн зорилт бол хурдтай, эрч хүчтэй байх юм. Үүнтэй ч уялдаж байгаа. Ер нь бол шүүмжлэл гарч байна гэдэг эрүүл байгаагийн шинж, ардчилалын зарчим.
-Төсвийн хүрээний мэдэгдлийн дараа төсөв боловсруулах ажилдаа орж байгаа юу?
-Тийм ээ. Бид орлого зарлагын хяналтын тоог яамдад өгдөг. Үүний дагуу яамд төлөвлөгөөгөө ирүүлнэ. Бид есдүгээр сарын 15-ны дотор нэгтгэн төсвөө боловсруулж, УИХ, Засгийн газарт өргөн барьдаг.
-Төгсгөлд нь төсвийн орлого зарлагын хэмжээг уншигчдад дуулгах нь зүйтэй болов уу. Төсвийн урсгал зарлагыг багасгана гэж байгаа. Тэгвэл орлого нэмэгдэх үү?
-Орлого нэмэгдэлгүй яахав. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор ДНБ 14,7 хувиар өсөх бол төсвийн орлого 21,8 хувиар нэмэгдэнэ.
Экспорт 45 хувиар, импорт 8,6 хувиар өсөх дүр зураг харагдаж байна. Гадаад худалдааны бараа эргэлт 2013 оныхоос 20 хувиар нэмэгдэх юм.