“Номын баяр” УИД-ийн урд байрлах “Beatles”-ийн талбайд энэ сарын 29, 30-нд 10.00-19.00 цагийн хооронд болох юм. Уг баяр нь номын борлуулалт хийдэг, номыг эрхлэн гаргадаг, номын зохиолч, орчуулагч гээд л номтой холбогдсон хүн бүрийн хамгийн том уулзалт. Энэ ч утгаараа номын баярын үеэр шинэ, хуучин, ховор номын худалдаа, зохиогчидтой уулзах уулзалт, хүүхдүүдэд зориулсан номын бэлэг, урлагийн тоглолт, номын хэвлэлийн салбарынханы шинэ, шилдэг бүтээлийн үзэсгэлэн, номын солилцоо зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах аж. Хамгийн гол нь оюуны бүтээл энэ хоёр хоногийн турш хямдралтай худалдаалагдах учраас гэрийн номын сангаа шинэ, шилдэг бүтээлээр чимэхийг хүсдэг хүмүүсийн очих баяр юм шүү.
13 дахь удаагаа ийн уншигч, зохиолчдыг уулзуулах гэж буй уг баярын зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн, “Номын ертөнц” нэвтрүүлгийн редактор Б.Сувдтай уулзаж, ярилцлаа.
-“Номын баяр” бүр өөрийн гэсэн уриалга, утга агуулгатай болдог. Энэ удаагийнх ямар уриалга, онцлогтой зохион байгуулагдах вэ?
-“Номын баяр” болгон нийгэмд хандсан уриалга, номын салбарт дутагдаж байгаа дуу хоолойг хүргэх ажлуудыг хийхийг зорьдог. Энэ удаа Хүүхдийн баярын өмнө зохион байгуулагдаж байгаа болохоор түлхүү хүүхэд залуучууд руу хандаж байгаагаараа онцлог. Тиймээс ч “Бидний баяр-Номын баяр” уриан дор хүүхэд залуучуудад номыг илүүтэй таниулах, ном руу даллан дуудсан ажлууд хийхийг зорьсон.
Ерөнхийлөгчийн Номын баярыг тэмдэглэх тухай зарлиг гарсны дагуу цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудад номтой холбоотой бүтээлч ажлууд хийгдэж байгаа ч масс, олон нийтийг хамарсан, зохиолчид руу хандсан ажлууд дутмаг байна. Тиймээс энэ удаагийн номын баяр маань зохиолч, хүүхэд залуучуудыг холбох, зохиолчдод хүүхдүүдийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, түүнээс дараа дараагийн бүтээлийнхээ санаа, урам онгодыг авах зэрэг үр өгөөжтэй зүйл болох болов уу. Мөн энэ жил бизнесийн байгууллагуудад тусгайлан уриалга гаргаж өргөнөөр хамруулах зорилготой байна. Энэ нь зохиолч уран бүтээлчдэд өгөөжтэй бас нэгэн онцлог болох болов уу.
-Ямар уриалга гаргасан юм бэ?
-Бизнесийн байгууллагуудад хоёр хэлбэрээр уриалга гарган хандаж байгаа. Нэгдүгээрт, Хүүхдийн баяр дөхөхөөр бүх албан газруудад бэлэг бэлдэх их ажилд ундардаг шүү дээ. Тэгвэл манай “Номын баяр” дээр ирж зохиолчдоос тухайн номных нь талаар мэдээлэл аваад хүүхдүүдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирох номыг сонгож хүүхдийн оюунд болон уран бүтээлчдэд бодит хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа юм. Мэдээж “Номын баяр”-ын уламжлал ёсоор номоо 5-50 хувийн хөнгөлөлттэй үнээр, мөн зохиолчийн гарын үсэгтэйгээр авах учраас маш сайхан үнэ хүндтэй бэлэг байх болно.
Хоёрдугаарт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагуудад нэг ч гэсэн зохиолчийн нийгэмд зөв мэдлэг, мэдээллийг түгээх номыг ивээн тэтгэж, хамтран ажиллаач ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Бизнесийн байгууллагууд маань нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэг өглөө, хандив тусламж үзүүллээ гэх мэтээр хэрэглээ талд нь, илүү харагдах талаасаа бодитой зүйлд хандаад байна уу даа гэж анзаарагддаг. Мэдээж энэ нь буруу, болохгүй зүйл биш л дээ. Гэхдээ ном гэдэг өөрөө оюун ухааны дасгалжуулагч байдаг. Тиймээс нэг удаа ч гэсэн хүмүүсийн танин мэдэхүй, ертөнцийг үзэх үзэл, оюун ухааны дэвшилд нь хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд зохиолч уран бүтээлчдийг дэмжиж хамтран ажиллахад болохгүй зүйлгүй. Энэ хүрээнд бид “Номын баяр”-ын үеэр зохиолчдын бичиж байгаа болон хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс компьютерт хадгалагдаж байгаа ном, бүтээлүүдийг сонирхсон бизнесийн байгууллагуудад танилцуулж, холбож өгөх ажлыг мөн зохион байгуулна.
-Номын салбар зохиолч, уншигчдаас эхлээд маш өргөн хүрээллийг хамардаг. Гэтэл үүний төлөө анхаарал хандуулж, ажиллаж байгаа газар хэр олон бэ? Ер нь ховор байх шүү?
-Зохиолчид “Номын баяр” дээр номоо худалдаалж, дараагийн номныхоо хэвлэгдэх тал зардлыг ч болов олдог. Тийм болохоор энэ баяр бол зохиолч, бүтээлчдийнхээ төлөө бидний хийж байгаа нэгэн том ажил, бас дэмжлэг юм. Номын хорхойтон, уншигчид маань ч баяраа тэсэн ядан хүлээж байдаг. Гэхдээ мэдээж амар ажил гэж хаана ч байдаггүй. “Номын ертөнц” нэвтрүүлгийг хийдэг 3-4 цөөн тооны уран бүтээлчид л энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Мэдээж тодорхой хэмжээний дэмжлэгтэй байж энэ арга хэмжээ хийгдэнэ. Түүнээс биш дан ганц хэдхэн уран бүтээлчийн сэтгэл зүрх байгаад хийгдчихдэг зүйл биш. Одоо л гэхэд бид энэ удаагийн “Номын баяр”-ын хүрээнд 10 гаруй бизнесийн байгууллагатай уулзаад дэмжлэг туслалцаа хүсээд байгаа. Нааштай хариу авах нь цөөн байдаг. Гэлээ гээд бидэнд энэ арга хэмжээг тасалдуулах, зогсоох ямар ч эрх байхгүй. Номын баярт маань тогтмол оролцоод сурчихсан, үр шимийг нь хүртдэг уран бүтээлчдийнхээ итгэлийг алдаж болохгүй.
Мэдээж огт дэмжлэг, туслалцаа байгаагүй гэж хэлэхгүй, бизнесийн болон төрийн байгууллагууд ч тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж байсан. Гэхдээ яг бодлогын хэмжээнд энэ салбарт анхаарал хандуулах зүйлс одоо хэр нь дутагдсаар байна. Цаашдаа энэ салбарт “Номын баяр”-аар тогтохгүй хийх ажил маш их байгаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөн энэ салбарыг дэмждэг төлөөллүүд олноор гарч ирэх шаардлагатай.
-“Номын соёлт ертөнц” ТББ энэ “Номын баяр”-аас гадна ямар ажлуудыг хийж байна?
-“Номын ертөнц” нэвтрүүлэг үзэгчдэдээ хүрээд найман жил болж байна. Анхны номоор дагнасан нэвтрүүлэг гэж гарч байсан. Нийгэмд хэрэгтэй мессежүүдийг хүргэх, номын салбарт дутагдаж байгаа зарим ажлуудыг хийх зорилготойгоор байгуулагдсан. Энэ нь эргээд нэг хэсэг уналтанд орчихсон байсан оюуны салбарыг өргөхөд хэрэгтэй үйл явдал болно гэж үзсэн, энэ үр дүндээ ч тодорхой хэмжээгээр хүрсэн гэж боддог.
Мөн найман жилийн турш нэвтрүүлгээ бэлтгэхдээ долоо хоног бүр зохиол, бүтээлийг нийгэмд таниулах, уншуулах ажлыг сурталчилж ирсэн байна. “Номын баяр”-аас цугларсан номуудыг эргээд хэрэгцээ шаардлагатай газруудад нь хүргэж байна. Өнгөрсөн удаагийн “Номын баяр”-аас цугларсан номыг Сэлэнгэ аймгийн төвийн болон Зүүнбүрэн сумын сургуулиудад хандивласан. Тэгэхэд хүүхдүүд сүүлийн үеийн шинэ, шинэлэг номнуудаар маш дутмаг байгаа нь ажиглагдсан. Хөдөө орон нутгийн алслагдмал газрын хүүхдүүдэд таньж мэдэх зүйл их байна, тэр хэрээр бидэнд хийх ажил асар их байна гэдэг нь ойлгомжтой.
Мөн бидний хийж байгаа томоохон ажлуудын нэг бол “Номын бэлэг” аян. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулагдана. Өнгөрсөн удаа бид эх нялхсын төвүүдээр, ахмадын шинэ жил, гал команд, сургууль, цэцэрлэг гээд номыг хүргэе гэсэн газар бүртээ хүргэхийг хичээсэн. Энэ бүх хугацаанд “Номын бэлэг” аяныг уран бүтээлээрээ дэмжиж ажилласан бүх хүмүүстээ энэ дашрамд талархал илэрхийлье. Мөн энэ удаагийн “Номын баяр”-ын постерийг хүүхдийн номын зураач Б.Нарантулга бүтээсэн. Хүүхдэд зориулсан утга агуулга бүхий, хүүхдийн номны зургийн стандартад бүрэн нийцсэн, өгүүлэмжтэй постер хийж өгсөн Б.Нарантулга зураачдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Зурагт, компьютерийн хэрэглээ ихэссэнээс хүүхдүүд, хүмүүс ном уншихаа болилоо гэх үе байсан. Яг номын ертөнцөд байгаа, номтой холбоотой байгаагийн хувьд одоо энэ байдал хэр байна?
-Маш сайн байна гэж хэлнэ. Номын дэлгүүр, номын сангуудаар явж байхад ялангуяа хүүхэд залуучууд түлхүү ном сонирхож, уншиж байгаа нь харагддаг. Гэхдээ хүүхдүүд маань өөрсдөө мөнгө гаргаад дуртай номоо авах боломж хомс шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд маань “Номын баяр”-ын өдрүүдээр хүүхдийнхээ сонирхсон номнуудыг 5-50 хувь хүртэл хямдралтай үнээр авч өгч, зохиолчидтой нь уулзаж ярилцах, гарын үсэгтэй номын худалдаа хийх боломжтой юм. Ерөөсөө л эндээс нэг сайхан, эерэг дулаахан уур амьсгалыг мэдрээд, хүүхдийнхээ ирээдүйн номын санд зориулсан үнэтэй хөрөнгө оруулалт хийгээд гарах болно.
Ном байгаа газар дандаа гэгээлэг сайхан энерги хурж байдаг шүү дээ.