Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

“Ардын эрх” сонины баасан гаригийн дугаарт гарсан М.Настын Хатояамаг хэн залгамжлах вэ? вэ нийтлэлийг news.mn онцолж байна

Хатояамаг хэн залгамжлах вэ?

Япончууд дөрвийн тоонд дургүй, тэр ч байтугай сэжиглэдэг гэх юм билээ. Харин энэ уламжлалт зуршилд Японы шинээр хүч түрэн гарч ирсэн улстөрийн хүчин болох Ардчилсан намынхан хэрхэн хандаж байсныг мэдэхгүй юм. Ямар ч байсан одоо бол харин жаахан сэжиглэнгүй харж байж магадгүй. Учир нь найман сарын өмнө тус намаас Ерөнхий сайд болсон Юкио Хатоямагийн засаглал  төгссөн тухай хэвлэлийн гунигт мэдээнүүд дотор дөрвийн тоо хоёр ч удаа харагдаад өнгөрөв. Эзэн нь тийм ч ойрхон солигдоод байдаггүй  Японы засаглалын тэргүүний суудал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд  дөрөв дэх Ерөнхий сайдаа шилгээж унагасны нэг нь Японы Ардчилсан намын лидер нь байсан юм. 

Японы Ерөнхий сайдын булгимтгай суудал ийнхүү бас нэг шинэ эзнээ хүлээх болж байна. Ямар ч байсан Японы Ардчилсан нам энэ удаад ч Ерөнхий сайдаар өөрийн хүнээ тавих эрхтэй байгаа билээ. Хагас зуун жил арлын энэ хүчирхэг улсыг удирдаж ирсэн Либерал-ардчилсан намын ноёрхлыг зогсоож чадсаныхаа дараа тэд Японы парламентын доод танхимын 480 суудлын 308-ыг авчихаад байгаа учраас ийм эрх эдэлнэ. Харин энэ эрхийг хэр удаан эдлэх бол гэдэг асуултад Хатояамагийн залгамжлагч хариу өгөх хатуухан үүрэг хүлээж байна. Суудлаа өгсөн Ерөнхий сайд Хатояама харамссандаа нулимс дуслуулж байсан ч нэгэн цагт түүний төлөө 70 хувь нь саналаа өгч байсан сонгогчид одоо түүний залгамжлагчийг бүр ч өрөвдөхгүй нь бололтой. Хүссэн ч, эс хүссэн ч өмнөх Ерөнхий сайдын амлалтыг залгамжлагчаас нь нэхэх болно хэмээн  япончууд хүлээж байгаа аж. Харин Японы Ерөнхий сайдаар хэнийг дэвшүүлэх бол ?

Наото Кан: Хатояаматай нас чацуу, 63 настай. Одоогоор Сангийн сайдын албыг хашиж байгаа. Тэрбээр Японд улам бүр газар аваад байгаа дефляцийг саармагжуулах зорилго тавин ажиллаж энэ оны сүүл гэхэд энэ асуудлыг шийдэж чадна гэж амлаж байгаа. Гэвч амлаж байгаа үр дүнг нь тийм удаан хүлээхийг япончууд хүсэхгүй байна. Тэрбээр Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай ч түүний боломжийг эсрэг тэсрэг хоёр өнцгөөс ажиглагчид харж эхэлжээ. Эхнийх нь түүнийг хэрэгжүүлж эхэлсэн ажлаа дуусгах нь зөв гэсэн байр суурь юм. Гэвч түүний нас төдийгүй хэтэрхий болгоомжтой байр суурь нь өмнөх Ерөнхий сайдаасаа ялгардаггүй тул амжилт олохгүй гэж үзэх хүмүүс ч байгаа гэнэ. Наото Каныг Японы Засгийн тэргүүн болох сургаар Японы компаниудад хийх хөрөнгө оруулалтаа гадныхан зогсоож, иенийн ханш унах байдал ажиглагдаж эхэлжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид Японд тогтворгүй байдал төгсгөл болохыг хүлээж байгааг харуулж байгаа аж. Харин үүнийг хийж дуусахад ноён Канд хагас жил хэрэгтэй гэж байгаа юм.

Кацую Окада:  Гадаад хэргийн сайд тэрээр байр суурьтаа үнэнч, зарчимч бодлогоороо нэр хүндтэй бөгөөд хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлаар маш их санаа тавьдаг нэгэн. Хэрэв энэ  эрхэм Ерөнхий сайд болбол Курилийн арлуудтай холбоотой маргаан болон АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг нүүлгэх тухай асуудлыг шинээр тавьж эхлэх магадлал өндөр байгаа гэнэ. Гэвч эдгээр гадаад бодлогын ээдрээтэй хэлэлцээрүүдэд амжилт олохгүй бол Японы Ардчилсан намын нэр хүнд нэг мөсөн унах эрсдэл бий

Сэйжи Маэхара:  Тээврийн сайд энэ хүн бусад улстөрчдийн дунд шийдмэг зан чанар, эрс тэс үг хэлдгээрээ алдартай болсон.Өөрийн намын дарга Итиро Озаваг хурц шүүмжийн бай болгож байсан бөгөөд Ерөнхий сайд байсан Хатояамаг АНУ-ын цэргийн баазыг нүүлгэх асуудлаар удирдагч хүн шиг шийдвэртэй ажиллаж чадаагүй хэмээн буруутгадаг  байна. Хэрэв түүнийг энэ албан тушаалд тавивал магадгүй ирэх сард болох Японы парламентын дээд танхимын сонгуульд Ардчилсан намыг зайлшгүй ялагдлыг бага ч болов зөөлрүүлж магадгүй гэсэн таамаг байгаа юм.

Тэнд нэг соёл, энд тэс өөр “соёл”

Анхнаасаа маш том амлалтууд авсан нь Японы Ардчилсан намынханд чамгүй хүнд ачааг үүрүүлж байгаа юм. Том амлалтын хариуцлага мөн тийм л байдаг гэх гашуун үнэнийг Японы огцорсон сайдын түүх бидэнд сануулж байна. Харин эндээс харахад зарим нэг харьцуулалт өөрийн эрхгүй анхаарал татах. Тухайн үедээ биелэх эсэхэд нь эргэлзсэн чамгүй шүүмж  гарсаар байхад нийтэд таалагдахын тулд томоохон популист амлалт авчихаад дараа нь түүндээ бүдэрч байгаа Японы улстөрийн эрх баригчдын дүр зураг манай улстөрчдийг ч бас санагдуулав. Үүгээрээ “ижилсэж “ байгаа мэт боловч маш том ялгаа бас байна.

Манай улстөрчид бол бүдэрсэн ч унахгүй шүү гээд гүрийчихнэ. Нөгөө хоосон амлалтынхаа “цаасан шувууг” хийсгээд л гүйгээд байх жишээний. “Бүтэхээ больчихлоо, уучлаарай” гэж хэлнэ ээ, ёстой гонжийнжоо. Харин ч бүр “Бидний амлалтыг сонгогчид маань сайн ойлгохгүй байгаа юм ” гэж ярина. Тэгээд хэлснээсээ буцаж эхэлнэ. “Яасан, ийсний чинь огцрох, ажлаа өгөх вэ”.

Японы Ерөнхий сайд АНУ-тай тохиролцож чадаагүй гэдгээ ил тод зарлаж амлалтаа биелүүлээгүй буруугаа хүлээн нулимс дуслуулан огцорч чадаж байгаа нь улстөрийн соёлын хэмжүүр биз. Гэтэл манайд бол эсрэгээрээ. Юун өөрөө уйлах, ажлыг нь хүлээж авахаар ирсэн хүнийг харин ч уйлуулна шүү. Өрөөгөө түгжээд зугатна, өөрсдөө тамга хийгээд ч барьчихна. “Би огцорно” гэж зарласнаа маргааш нь “ Өө, би больсон шүү”  гээд эхлэх жишээний. Ийм эрс тэс дүр зураг яагаад гараад байдагт тайлбар өгөх хүн олдвол манайд бичээрэй.

Асуудал нь Японы эртний уламжлалт соёлд нь байна уу гэхээр бид чинь бас төрт ёсны их уламжлалтай гэдэг биш бил үү. Эсвэл улстөрчид минь ингэж ярихаа больё, зүгээр. Өмнөөс тань ичих хэцүү юм. Ерөөсөө манайд улстөрийн өндөр албан тушаал хаших гэдэг ашиг сонирхлын асуудал болдог, харин бусад газар өөр байдаг байх. Эцэст нь огцрох зүрх зориг нь таалагдсан  Японы улстөрчдөд санаа тавихад шинэ Ерөнхий сайдын тань томилгоог хийх өнөөдрийн өдөр нь манайхны соёлоор бол жаахан “өнцөг хазайсан шиг” л байгаа юм даа. Яагаад гэхээр 6-р сарын 4 гэсэн өдөр таарч байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж