Сери А-гийн улирлыг эргэн дурсахуй

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Сери А-гийн улирлыг эргэн дурсахуй

“ИТАЛИЙН СЕРИ А – 2012 2013 УЛИРЛЫГ ЭРГЭН ДУРСАХУЙ”

Дэлхийн топ 5 лигийн нэг Италийн “Сери А” энэ жил бидний хувьд урьд өмнөхөөс илүү ойрхон болж өнгөрсөн. Учир нь “СПОРТБОКС” суваг Монголд анх удаа энэ лигийг албан ёсны эрхтэйгээр авч, долоо хоногт гурван тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн юм. Өмнө нь “Сери А”-г байнга үзэх боломж бидэнд төдийлөн олдодгүй байсан бол энэ жилээс Италийн хөлбөмбөг сонирхогчид тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэж найдаж байна.

Хөлбөмбөгийн улирал болгон бидэнд баяр хөөр, итгэл найдвар, уйтгар гунигтай олон дурсамж үлдээдэг. Энэ жилийн хувьд ч гэсэн дурсах зүйл ихтэй, сонирхолтой нэгэн улирал өнгөрлөө. Ингээд та бүхэнтэй хамт Италийн Сери А лигийн 2012 – 2013 оны улирлыг эргэн дурсаж, өнгөрсөн 9 сарын хугацааанд болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

УЛИРЛЫН ШИЛДЭГ БАГ “ЮВЕНТУС”

"Хөгшин хадагтай" нартай эн тэнцүү хэмжээнд өрсөлдөх баг энэ улиралд үнэхээр байсангүй. Улирлын дөнгөж эхний хагасын дараа гэхэд л тэд “Скудетто”- гоо хамгаалах нь ерөнхийдөө тодорхой болчихсон байлаа. Хэдийгээр өмнөх улиралтай адил ялагдалгүй улирлыг дуусгаж чадаагүй боловч цуглуулсан онооныхоо тоог өмнөхөөс 3-аар ахиулж, оруулсан гоолынхоо тоог ч нэмэгдүүлж чадсан.

Энэ нь цөөхөн тэнцээ авч, алдаа бага гаргаж байсантай холбоотой. Мөн багийн бүрэлдэхүүн ч бусад багуудтай харьцуулахааргүй хүчтэй байсныг дурьдах хэрэгтэй. Хэдийгээр бэртэл гэмтлээс болоод Конте ганцхан 3-5-2 тактикаар "нүдсээр" байгаад улирлыг дуусгасан боловч лигээ авахад энэ нь хангалттай байлаа.

Харин Европын тавцанд дахин Аваргын төлөө өрсөлдөе гэвэл арай илүү зүйл хэрэгтэй гэдгийг Байерн Мюнхен батлаад өгчихсөн. Бас нэг өөлөх юм гэвэл довтолгооны шугам сонголт арвин боловч хүнд үед багаа чирч чадах "класс" довтлогч дутагдаж байлаа. Үүндээ дүгнэлт хийж энэ зун Фернандо Льоренте, Гонзало Игуайн нараар хүчээ зузаатгахаар болоод байгаа.

Хамгаалалт болон хагас хамгаалалтын хувьд гайхалтай ажилласан. Гэхдээ Андрэй Пирлогоос дэндүү хараат болчих гээд байгаа нь харагдсан. Ямартай ч санхүүгийн хувьд нэгэнт хөл дээрээ босчихсон, ашигтай ажиллаад эхэлсэн учраас багийн бүрэлдэхүүн жил ирэх тусам сайжрах нь ойлгомжтой. Туриний алдарт багийн ирээдүй тун гэгээлэг харагдаж байна.

УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ “ВИНЧЕНЗО МОНТЕЛЛА” (ФИОРЕНТИНА)

Өнгөрсөн жил бараг доошоо унах дээрээ тулж байсан Фиорентина клуб энэ жил Аваргуудийн лигийн эрх авахад маш ойрхон байлаа. Хэрвээ АС Милан сүүлийн тойрогт Сиенаг зовж байж хожоогүй бол “Ягаан”- ууд 3-р байранд орох байв. Гэхдээ ингэлээ гээд Монтеллагийн ажлын амжилтыг бүдгэрүүлэх аргагүй.

Дасгалжуулагчын карьераа эхлүүлээд дөнгөж 2 дахь улирлаа үдэж байгаа “Бяцхан Онгоц” өмнө нь хамтдаа тоглож байгаагүй цоо шинэ бүрэлдэхүүнтэй багаар ийм ажилт үзүүлсэн гэхэд итгэмээргүй. Өмнөх улиралд цуглуулсан оноогоо 24-өөр ахиулсан Фиорентинагийн амжилтанд өөр ямар ч баг дөхөж очихгүй. Түүний баг зүгээр нэг сайн тоглоод зогсохгүй хамгийн үзүүштэй хөлбөмбөгийг үзүүлж байсан. Эдинсон Кавани шиг хол тасарсан мэргэн буучгүйгээр бүтэн багаараа 72 гоол оруулсан нь тэднийг магтах бас нэг шалтгаан. Неаполь хотын баг харин 73 гоол оруулж лигийг тэргүүлсэн юм.

Италийн шигшээ багийн менежер Чезаре Пранделли хуучин багийнхаа талаар “Тоглолтын чанар талаас нь харах юм бол Фиорентина аварга авах бүрэн эрхтэй” хэмээсэн байна. Мэдээж хэрэг Ювентусыг дахин аварга болгосон Антонио Конте шилдэг дасгалжуулагчын төлөө өрсөлдөх эрхтэй бөгөөд АС Миланыг маш хүнд нөхцөл байдлаас Аваргуудын лигийн эрхтэй үлдээсэн Массимо Аллегриг ч гэсэн мартаж болохгүй.

УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ “ЭДИНСОН КАВАНИ” (НАПОЛИ)

Наполигийн фенүүд одоо зөвхөн нэг л зүйлийг хүсч байгаа байх. Энэ бол Каваниг үлдээх. Үнэхээр “Эль Матадор”- ын гоолуудгүйгээр Аззурри өдий хэмжээнд явж байх эсэх нь эргэлзээтэй. Энэ улиралд тэрээр 29 гоол оруулж лигийн мэргэн буучаар тодорсон бөгөөд Диего Марадонагоос өөр Наполигийн тоглогч ийм амжилтанд хүрч байгаагүй юм. 1980-аад оны сүүлээр Марадона Наполигийн түүхийг шинээр бүтээж анх удаа Италийн аварга болгож байсан бол түүний үйл хэргийг Кавани үргэлжлүүлнэ хэмээн клубын фэнүүд найдаж байна. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй Уругвай залууг үлдээхийг багийн эзэн Де Лаурентисаас шаардаж буй.

Наполигийн амжилт түүнээс илт шалтгаалж буй нь улирлын сүүлээр харагдсан. Түүнийг гоол оруулж чадаагүй 1 –ээс 3-р сарын хооронд Наполи 4 тэнцэж, 1 хожигдон Ювентуст оноогоор тасрах боломжыг олгосон юм. Хэрвээ Кавани карьертаа хамгийн урт буюу 729 минут гоолгүй “цангаа”-гүй бол Наполи сүүлийн тойрог хүртэл аваргын төлөө өрсөлдөж болох байлаа.

Гэхдээ тэрээр хет-трикийн ‘мангас” гэдгээ дахин харуулж 7 дахь удаагаа эсрэг багийн хаалгыг гурван гоолоор мялаасан юм. Мөн Ювентус, АС Милан, Интер гэсэн топ багуудын хаалганд хет-трик хийсэн амжилт зөвхөн түүнд хамаарагдана.

УЛИРЛЫН ОНЦЛОХ ТОГЛОЛТ “ТОРИНО 3 : 5 НАПОЛИ” 30-р тойрог

Влерим Жемайлигийн “галзуурсан” тоглолт. Албани гаралтай Швейцарь залуу хуучин багийнаа эсрэг оруулсан эхний 2 гоолын баяраа тэмдэглээгүй бол 3 дахь дээрээ яах аргагүй сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй юм.

Цаг дуусахаас 12 минтутын өмнө

Торино 3:2-оор тэргүүлж байлаа. Наполи орон гаран формтой байсныг ч хэлэх үү, дахиад 3 оноогоо алдлаа даа гэж байтал Жемайли тоог тэнцүүлж, улмаар Кавани дубль хийснээр Ториногийн фенүүдийг шоконд оруулсан юм. Марек Хамсик 1-р үеийн сүүлээр пеналти алдсаны дараа аз өөрсдийнх нь талд гэдэгт бүрэн итгэсэн байсныг ч хэлэх үү, энэ ялагдал тэдэнд нилээн хүнд туссан.

Үүнээс 3 тойргийн дараа Бухнууд бас нэг гал гарсан тулааныг өрнүүлсэн. Фиорентинад 3 : 0-ээр хожигдож байгаад “Ливерпүүл” маягийн эргэн ирэлтийг хийж тоог тэнцүүлсэн бол цаг дуусах мөчид Ромулигийн гоолыг алдаж харамсалтай ялагдсан билээ. Ямартай ч Торино энэ жил фенүүдээ нэг их уйдаагаагүй юм.

footyroom.com

УЛИРЛЫН ОНЦЛОХ СЮРПРИЗ “УДИНЕЗЕ ДАХИН ЕВРОПЫН ТАВЦАНД”

Сүүлийн хоёр жил дараалан Аваргуудын лигийн эрх авсан багийг Европын лигт орлоо гэхэд онцгой юм байхгүй л дээ. Гэхдээ “Бианконери” жил болгон шилдэг тоглогчдоо явуулж байгаа хэрнээ ингэж тогтвортой амжилт үзүүлж байгааг нь үнэхээр магтууштай. Словений хилийн ойролцоо оршдог, 100-хан мянга хүн амтай энэ жижигхэн хотын багаас суралцах зүйл бусад багуудад их байна.

Өнгөрсөн зун гэхэд л тэд Самир Ханданович (Интер), Квадво Асамоа (Ювентус), Маурисиа Исла (Ювентус), Пабло Армеро (Наполи), Герман Денис (Аталанта) нарыг явуулж чамгүй их ашиг олсон хэрнээ бага мөнгөө олонд танигдаагүй залуусыг авчирсан юм.

Асар их эрсдэлтэй тэдний энэ бодлогыг тухайн үедээ олон хүн шүүмжилж байсан боловч эцэст нь дахиад л Франческо Гвидолин, спорт эрхэлсэн захирал Фабрицио Ларини нар инээмсэглэн үлдлээ.

Аллан, Майкосуел, Данило, Луйс Муриел, Пиотр Жиелински нар улирлын эхэнд хэний ч мэдэхгүй залуус байсан бол Гвидолиний удирдлага дор өөрийгөө таниулж өдгөө олон багуудын анхаарлыг татаад байна. Ийм сулхан бүрэлдэхүүнтэй багаар Европын эрх авч чадсан учир Гвидолин улирлын шилдэг менежерт өрсөлдөхийг үгүйсгэх аргагүй. Сүүлийн хэдэн жил Гвидолиний ачаар чамгүй их мөнгө халаасалж байгаа багийн эзэн Жампоало Поццо дасгалжуулагчдаа Сер Алекс Фергусоны адил арилжаа наймаагаа өөрөө шийдэх онцгой эрх мэдлийг өгөх болсноо саяхан зарласан юм.

Улирлын сүүлийн тойрогт Удинезе Интерийг 5 : 2-оор буулган авснаар 100 гаран жилийн түүхэндээ анх удаа 8 дараалан ялалт байгуулсан нь Гвидолинийг хүндлэх бас нэг шалтгаан.

Мэдээж хэрэг багийн ахлагч Ди Наталегийн үүрэг оролцоо “Бяцхан тахь”- нуудын амжилтанд онцгой нөлөөтэй. “Эль Тото” энэ жил 23 гоол оруулснаар дөрвөн улирал дараалан 20 гоолын босго давсан гайхалтай амжилтын эзэн болсон. Сери А лигийн түүхэнд өмнө нь зөвхөн Габриель Батистута л ийм амжилт үзүүлж байлаа. (1998-2001)

Жил ирэх тусам чанарждаг дарсны адилаар Ни Натале 35 насандаа залуусыг ичээхээр тоглолтыг үзүүлж байна. Итали довтлогч нарын ид үе 30 гараад эхэлдэг гэсэн яриа үнэний ортой.

Өөр нэг сюрприз бослон баг бол Катания. Сүүлийн 4 жилийн турш улирал болгоныг өөр дасгалжуулагчтай эхлүүлж байгаа боловч онооныхоо тоог нэмсээр энэ жил клубынхаа дээд амжилтыг тогтоолоо. 56 оноо, 8-р байр гэдэг Сициличүүдийн хувьд өмнө нь зөвхөн мөрөөдөл байсан бол Роландо Маран анхны оролдлогоороо үүнийг бодит болгож чадлаа. Тэд өмнө нь 1961, 65 онуудад ийм ажилт үзүүлж байжээ. Хэрвээ энэ бүрэлдэхүүнээ хадгалаад, чанартай сайн наймаа хийчихвэл ирэх улирлаас “Заанууд” цахиур хагалах шинжтэй.

Энэ хооронд Сардини арлын Кальяри клуб бас биднийг гайхшруулж чадлаа. Цэнгэлдэх нь аюулгүй байдал хангаж чадаагүйн улмаас бүтэн улирлын турш өөр багийн талбайгаар хэсүүчилсэн тэднээс их зүйл хүлээх нь илүүц байсан. Дээр нь дасгалжуулагчын ямар ч туршлагагүй Иван Пульга, туслах Диего Лопез нарыг 10 сарын эхээр авчирахад Кальяригийн фенүүд нэгэнт хувь заяатайгаа эвлэрсэн байв. Гэвч итгэл найдвараа алдах хэрэггүй байжээ.

Пульгаг, өөртэй нь адил ямар ч туршлагагүй туслах Диего Лопезийн хамт ирэх үед хүснэгтийн адагт бичигдэж байсан Кальяри, 38 тойргийн дараа 11-р байранд жагсаж байлаа. Марко Сау хэмээх Сардини арлын унаган хүү багтаа 12 гоолоор тус хүргэж, клубын ирээдүй гэгээлэг байгааг харуулсан юм. Ийнхүү хүнд хэцүү улирлын эцэст Кальяригийн фенүүд ямартай ч санаа амарч, урт амьсгаа авах боломжтой боллоо. Төрөлхи арлаасаа 1000 гаран км-ийн зайтай Триесте хотод “home” тоглолтоо хийж, шаардлага хангаагүй цэнгэлдэхээсээ болж Ромад техникийн ялагдал амсаж, , эцэст нь багийн эзэн Массимо Селлино шоронд хүртэл хоригдож аль муугаа үзсэн Кальяри яах аргагүй бусад багуудаас хүндлэл хүлээх эрхтэй.

УЛИРЛЫН ОНЦЛОХ СЭДЭВ “RACISM”

Улирлын эхэнд Рацисмтай холбоотой асуудал харьцангуй гайгүй байсан бол он гарснаас хойш хэвлэлийнхний бичих гол сэдэв болсон юм. Ихэнхидээ АС Миланы тоглогчид энэ бүхний хохирогч нь байлаа. Өвлийн амралтын үеэр Про Патриагийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр Боатенг өөрийг нь сармагчны дуу гаргаж доромжилсныг тэвчилгүй шууд талбайг орхиж явснаар энэ бүхэн эхэлсэн юм.

Өмнө нь ч гэсэн Сери А -д арьс өнгөөр гадуурхах үзэлтэй холбоотой асуудал өчнөөн гарч байсан. Гэхдээ Боатенг ийнхүү зоримог шийдвар гаргаснаараа олон улсын байгууллагууд асуудлыг илүү нухацтай авч үзэхэд хүргэсэн юм. Үүнээс хойш Боатенг хэд хэдэн удаагийн хэвлэлийн бага хуралд оролцож, Нэгдсэн үндэстний (UN) байгууллагын зөвлөгөөнд хүртэл өөрийн үгээ хэлсэн юм.

“Бидний дунд одоо ч гэсэн рацисм байсаар байна. Хэзээ ч үүнтэй эвлэрч болохгүй” хэмээсэн түүний үг олны анхаарлыг татаж чадсан.

За тэгээд Марио Балотелли өвлийн цонхоор ирснээс хойш асуудал жинхэнэ ундарч эхэлсэн дээ. Эхлээд Ювентусын фенүүд түүн руу банана харуулж уурыг нь хүргэсэн бол дараа нь Рома, Наполигийн эсрэг тоглож байхдаа “Супер Марио” Ультра фенүүдийн гаргах сармагчны дууг тэвчиж чадалгүй шүүч дээр хүртэл очиж байлаа.

Ювентусын хамгийн том Ультра бүлэг “Drughi”-чүүд, Миланы тоглогчдыг арьсны өнгөөр доромжлохгүй байхыг уриалсан боловч үр дүнд хүрээгүй. Дээрхи маргааш болж Ромагийн Ультранууд талбайдаа хийх дараагийн тоглолтыг үзэх боломжгүй болсон бол Наполи мөнгөн торгууль амссан юм. (50к)

Мөн хэзээнээсээ Англичуудыг үзэж чаддаггүй Лациогийн фенүүд Тоттенхэмтэй хийсэн Европын лигийн тоглолтын үеэр Гарет Бэйлийг сармагчин болгон доромжилж багтаа хүндрэл учруулж байлаа. Ямартай ч энэ улиралд Европын топ лигүүдэд гарсан рацисмтай холбоотой олон асуудал УЕФА-г дорвитой хөдөлхөд нөлөөллөө.
5 сарын сүүлээр хийсэн хурлын дараа УЕФА-гаас рацисмд оногдуулах шийтгэлийг чангатгаж байгаагаа зарласан. Хэрвээ тухайн багийн фенүүд тоглолтын үеэр асуудал гаргавал эхний удаад цэнгэлдэхийн нэг хэсгийг бандах (Курва), хэрвээ дахин хэн нэгнийг доромжилбол дараагийн тоглолтыг үзэгчгүй цэнгэлдэхэд явуулахаар болгосон. Мөн мөнгөн торгууль үүнийг дагалдана. Харин тоглогч юм уу албаны хүн ийм асуудалд холбогдвол доод тал нь 10 тоглолтоор торгохоор болсон юм.

УРАМ ХУГАЛСАН БАГ ‘ИНТЕР МИЛАН”

Энэ улирлын дараа хамгийн сэтгэл дундуур, ууртай үлдсэн фенүүд Интериста нар гэдэгт эргэлзэхгүй байна. Ердөө гуравхан жилийн өмнө Италийн багуудаас анх удаа “Требль” хийж цом, шагналаар бялхаж байсан Нерразурри түүхэндээ байгаагүй тааруухан улирлыг үдэж 9-р байранд бичигдлээ. Үүнд хэн буруутай вэ ?

Мэдээж хэрэг хамгийн түрүүнд дасгалжуулагчын нэр яригдана. Гэхдээ залуу Андрэй Страмачионигоос шалтгаалахааргүй зүйл олон байсан гэдгийг мартаж болохгүй. Тэдэнд тохиосон хамгийн том бэрхшээл бол бэртэл гэмтэл.

Улирлын төгсгөл гэхэд Интерийн довтолгооны шугам бүрэн утгаараа сүйрсэн байлаа. Антонио Кассано, Диего Милито, Родригио Паласио бүгд гэмтлийн эмнэлэг рүү шилжсэн бөгөөд өвлийн цонхоор авчирсан Томмассио Рокки хүртэл сүүлд тэдэнтэй нэгдсэн юм.

Зарим тоглолтонд бүр довтлогчгүй тоглож, Риккардо Алварес гоол хийх үүргийг хүлээж байв. Энэ бүхнээс хамгийн харамсалтай нь Хавьер Занеттигийн бэртэл. Нерразурригийн амьд домог Палермогийн эсрэг хийсэн тоглолтонд ахиллессийн шөрмөсөө бэртээж доод тал нь 6 сар талбайд гарах боломжгүй болсон. Урьдчилсан байдлаар 2014 оны эхээр эргэж ирэх төлөвтэй байна.

Дараагийн бэрхшээл бол наймааны буруу бодлого. Өвлийн наймааны цонхоор Уэсли Шнайдер, Коутиньо, Марко Ливаяа нарыг явуулж Рокки, Кузманович, Скелотто нарыг авчирснаар юунд хүрэв. 16 ялагдал амсаж, 20 багтай болсноос хойшхи хамгийн тааруухан улирлаа үдэв. . 14 жилийн дараа анх удаа Европын эрхгүй үлдэж, АС Миланаас 18, Ювентусаас бүр 33 онооны алдагдалтай улирлыг дуусгалаа. Одоо фенүүд багийн удирдлагыг шинэчилж, спорт эрхэлсэн захирал Марко Бранкаг явуулахыг шаардаж байна.

Ямартай ч Массимо Моратти шинэчлэлийг дасгалжуулагчаас эхэлж Андрэй Страмачионигийн халааг Валтер Маццаррид өгөөд байна. Удахгүй шил шилээ дарсан наймаанууд хийгдэх нь тодорхой. Хувьд хар дарсан зүүд шиг энэ улирлын дараа фенүүдийг баярлуулах ганц зүйл гэвэл Матео Ковачич үнэхээр ирээдүйтэй гэдэг л байна.

Өөр нэг урам хугалсан баг бол Рома. Пэскараг түүхэнд байгаагүй олон гоолтой дээд лигт дэвшүүлсэн болохоор Ромагийн фэнүүд Земанаас их зүйл хүлээж байлаа. Чех мэргэжилтэн амлаж байсан ёсоороо үзүүштэй хөлбөмбөг үзүүлж, Романиста нарыг уйдаагаагүй боловч тогтвортой амжилт үзүүлж чадаагүй юм. Цэвэр азанд найдсан түүний хөлбөмөг явахгүй гэдэг нь тодорхой болсны дараа ажлаас нь чөлөөлж туслах Аурелио Андрэйцолиг томилсноор байдал арай дээрдсэн. Земаны удирдлага дор шүүрэн шанага шиг байсан хамгаалалт 2 сараас хойш хавьгүй дээрдсэн бөгөөд Италийн цомын финалд хүртэл шалгарсан юм.

Гэвч Олимпикод явагдсан финалын тоглолтонд 1 : 0-ээр өөрсдийн дерби Лациод ялагдал хүлээснээр Романиста нар зүүднээсээ сэрлээ. Одоо тэд дахиад бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болсноо ойлгож байна. Андрэйцоли түр дасгалжуулагчын үүргээ хүлээлгэж өгөх нь тодорхой болсон бөгөөд АС Миланы Массимо Аллегри түүний халааг авах магадлал өндөр байна. Нэгэн Ромагийн фэний хэлснээр “Дахин дурсмааргүй бас нэгэн улирал өнгөрлөө”

“УЛИРЛЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД БА ЯРИЛЦАХ ЗҮЙЛС”

ТОТТИ БҮХ ЦАГ ҮЕИЙН МЭРГЭН БУУЧДЫН ЖАГСААЛТЫН АМАН ХҮЗҮҮНД

Франчсеко Тотти Сери А лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 2-р байранд орж ирлээ. Ромагийн ахлагч энэ улиралд 12 гоол оруулсан бөгөөд АС Миланы домог Гуннар Нордалийн 225 гоолыг хоёроор ахиулаад байна. Лигийн бүх цаг үеийн мэргэн бууч Силвио Пиолагийн 274 гоолын амжилтыг эвдэхэд түүнд бага зэрэг хугацаа хэрэг болох байх. Гэхдээ Ромын Гладиатор үүнийг чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

Тотти энэ улиралд зөвхөн 12 гоол оруулаад зогсохгүй 12 гоолын дамжуулалт өгсөн. Европын топ лигүүдэд түүн шиг ийм амжилт үзүүлсэн тоглогч өөр байхгүй. Тотти багийнхандаа нийт 102 гоолын боломж үүсгэсэн нь мөн л өөр хэнд ч наалдахааргүй үзүүлэлт. Антонио Ди Натале мөн 176 гоолтой болж жагсаалтын 12-р байр луу орж ирсэн.

МӨНХИЙН ЗАЛУУ – ХАВЬЕР ЗАНЕТТИ

Хавьер Занетти Сери А лигт хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болох нь цаг хугацааны асуудал. Өдгөө 40 нас хүрч байгаа Интерийн ахлагч энэ улиралд лигийн 603 дахь тоглолтдоо оролцож бүх цаг үеийн жагсаалтын 2-р байр луу орж ирсэн. Тэрээр Жанлука Пальюкагийн өмнө гишгэсэн юм. Одоо зөвхөн Паоло Малдини түүний өмнө бичигдэж байгаа бөгөөд 647 тоглолтыг гүйцэхийн тулд доод тал нь 2 улирал Занеттид хэрэгтэй.

Ихэнхи тамирчдын зодог тайлах насан дээр сэлгээнд ч суулгүй тоглож байгаа учраас “Трактор”-т бүрэн боломж бий. Гэхдээ түүний рекорд ахиллесийн шөрмөсний бэртлээс бол бага зэрэг удааширч магадгүй болчихоод байна. “Тамирчдыг зодог тайлахад хүртэл хүргэдэг энэ хүнд бэртэл Занеттигийн хувьд ердөө л хэсэг хугацааны амралт болж байгаа юм” хэмээн Италийн хэвлэлүүд бичиж байна. Тун удахгүй бид Мөнхийн залуу Хавьер Занеттиг дахин талбайд харах нь ойлгомжтой.

ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДАХГҮЙ

Үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолт явагдаж л байдаг. Үүнд гайхаад байх зүйлгүй. Харин ганцхан хүн багаа дэмжихээр эсрэг багийн олон мянган фэнүүдийн өмнө зогсож байвал хүн болгоны анхаарлыг татна.

12 сарын эхээр Сампдориягийн талбайд хийсэн тоглолтыг үзэхээр Удинезегийн ганцхан дэмжигч ирж тугаа намируулан зогссон нь яах аргагүй сэтгэгдэл төрүүлсэн. 37 настай Арриго Броведани "Луижи Феррарис" цэнгэлдэхэд Удинезег дэмжиж байсан цорын ганц фэн байлаа. Тоглолтын дараа эсрэг багийн фэнүүд түүнд баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд багийн зүгээс тоглогчдын гарын үсэгтэй өмсгөл бэлэглэсэн юм. Харин лигийн топ багуудын нэг Удинезегийн фэнүүд яагаад Генуя хот руу зочлохоос “залхуурсан нь” нууц хэвээр үлдсэн юм.

ПАЛЕРМОГИЙН ПАЯН

Европын топ лигүүд дундаас дасгалжуулагчдын халаа сэлгээ хамгийн их хийгддэг лиг бол Сери А. Баримтаар нотолсон ч болно. Улирал эхлээд ердөө 3 тойргийн дараа буюу 9 сарын 16-нд Жузеппе Саннино Палермогоос явснаар энэ бүхэн эхэлсэн.

Түүнээс хойш улирал дуусах хүртэл нийт 12 дасгалжуулагчын халаа сэлгээ хийгдсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь хамгийн сүүлд Жузеппе Саннино Палермод эргэн ирснээр энэ бүхэн дууссан байгаа юм. Зөвхөн Италид л харж болох энэ сонирхолтой үйл явдлын гол өдөөгч нь Палермогийн эзэн Мауроцио Зампарини. Шинэ дасгалжуулагч авчираад баг нь хожиж чадалгүй 3 тойрог болоход л түүний тэвчээр алдарч дараагийн менежерийн эрэлд гардаг занг фэнүүд тэвчихээ болиод удаж байна. Ямар сайндаа л “Чи өөрөө яваад үзвэл дээргүй юу” гэж шоглож байхав.

Зөвхөн Палермо ч биш, Сери А-гийн багууд дасгалжуулагчын халаа сэлгээ арай дэндүү их хийдэг нь нууц биш. Шинэ багт ирээд арай гэж хөлөө олох гэж байхад нь багийн эзэд дараагийн менежерийн эрэлд гарсан байх нь бий. Ажлын энэ дарамттай хүнд нөхцөл байдлаас залхсан Фабио Капелло, Лучиано Спаллетти, Роберто Манчини гэсэн Италийн шилдэг дасгалжуулагчид гадаад руу яваад өгсөн. Яагаад эргэж ирэх талаар бодохыг хүсэхгүй байгаа ойлгомжтой. Өдгөө Сери А лигийн 20 багаас гадаад дасгалжуулагчтай ганцхан баг байгаа. (Лацио). Бусад нь Италийн багуудаа дуусгасан нутгийн менежерүүдээр дүүрэн буй. Гадны дасгалжуулагчид яагаад Италид ирэхийг хүсэхгүй байгааг ч бас дээрхи шалтгаантай холбон тайлбарлаж болно.

СУПЕР МАРИО-ГИЙН НӨЛӨӨ

Үнэнийг хэлэхэд Италийн лигт супер одод дутагдаж байна. Нэгэн цагт “Бага дэлхийн аварга” гэгдэж байсан Кальчио лигийн багууд санхүүгийн хүнд байдалд орж Англи, Испани, Германы лигээс илт хоцрох болсон нь нууц биш. Ибрагимович Алексис Санчез, Это’o, Шнайдер, Тьягу Силва, Дель Пьеро, Неста гээд супер одууд ээлж дараалан Италийг орхисноор лигийн нэр хүнд чамгүй унаад байгаа.

Энэ хүнд үед хүмүүсийн анхаарлыг буцаад Сери А лиг рүү хандуулж чадсан хүн бол Марио Балотелли.

Интерийн академиар хүмүүжин гарч Манчестер Ситид дэлхийн хэмжээний од болон төлөвшсөн Супер Марио Миланд ирснээсээ хойш тоглолт болгонд гоолдож, сурсан зангаараа хэвлэлийн эхний нүүрэнд бичигдэж эхэлсэн. Зөвхөн талбай дээрхи тоглолтоос гадна талбайн гадна хийж байгаа үйлдлээрээ үргэлж дуулиан дэгдээдэг Марио, “TIME” сэтгүүлийн дэлхийд нэр нөлөөтэй 100 хүний тоонд багтсан нь түүний алдар хүндийн түвшинг илтгэнэ. Орчин үеийн хөлбөмбөгт мөнгө бүхнийг шийддэг болчихоод байгаа. Араб, Катар, Оросын тэрмбумтнуудын халааснаас гарч байгаа сая сая евро хөлбөмбөгийн супер оддыг хүссэн газраа аваачиж чадаж байна. Тиймээс бусадтай адил эн тэнцүү өрсөлдөе гэж бодож байгаа бол санхүүгийн хувьд шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна. Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүлэх гүрэн Итали орон ч гэсэн удахгүй алдагдсан нэр хүндээ сэргээнэ гэж найдаж байна.

ЗАЛУУСЫН ДАВАЛГАА

Сери А лигийн шинэ үе хүч түрэн гарч ирж байна. Тэдний ихэнхи нь Итали залуучууд байгаа нь сайшаалтай. АС Миланаас Стефан Эль Шаарави, Марио Балотелли, Маттия Де Шильо нар альхэдийнэ шигшээ багийн гараанд багтаад эхэлсэн бол Ромагаас Алессандро Флоренци, Пэскарагийн Маттия Перин тун удахгүй тэдний эгнээнд нэгдэх нь ойлгомжтой. Шинэ гарч ирж байгаа залуус ихэнхи нь довтолгооны шугамананд харьяалагдаж байна.

Өмнөх улирлын Сери Б лигийн мэргэн бууч Киро Иммобиле, Лоренцо Инсинье нараас гадна Мауро Икарди, Эрик Ламела, Луйс Муриель, Инносент Эмэжара, Адем Ляийч нар гэсэн залуучууд энэ жил лигийг чимлээ. Мөн Ромагийн 19 настай Бразил хамгаалагч Маркуйньос альхэдийнэ Барса, Реалын анхаарлыг татаад эхэлсэн бол Ювентусын Пол Погба, Сампдориягийн Педро Обианг, Удинезегийн Габриель Силва, Виолагийн Стефан Савич гэсэн олон авьяаслаг залуус энэ жилийн нээлт болсон юм. Сери А лигийн ирээдүй болсон залуусын ихэнхи нь тун удахгүй 6 сард 21 хүртэлх насны Европын аваргад оролцож ур чадвараа гайхуулна.

ЦЭНГЭЛДЭХИЙН АСУУДАЛ

Италийн хөлбөмбөгийг шинэчлэх цаг болсон гэдэгтэй хүн болгон санал нийлж байгаа. Дээд лигийг 18 багтай болгоно, Б багуудыг мэргэжлийн түвшинд өрсөлдүүлэх хэрэгтэй, тв-ийн эрхийн хуваарилалтыг дахин шинэчлэх ёстой, Ультра фэнүүдэд тавих шаардлагыг чангатгана гэх мэтчилэн. Тэгвэл миний бодлоор хамгийн түрүүнд цэнгэлдэхийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ улиралд Кальяри яасныг харалдаа. Хотынхоо удирдлагатай тохиролцож чадаагүй улмаас цэнгэлдэх хүрээлэнгээ алдаж эцэст нь өөр багийн талбайг зээлж тоглоход хүрлээ. Италиас бусад ихэнхи улсад тухайн багийн цэнгэлдэх багийн эзэмшилд байдаг. Харин одоо Сери А-д зөвхөн Ювентус л ийм эрхтэй байгаа. Энэ бүхнээс болж баг, фэнүүд, тоглогчид гээд бүгдээрээ л хохирч байгаа.

Тэгэхээр хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажил бол цэнгэлдэх хүрээлэнгүүдийг шинэчилж, “full seater” буюу бүрэн суудалтай, орчин үеийн шаардлага хангасан болгоод, клубын эзэмшилд шилжүүлэх. Англид бол аль 1990 онд хийгдсэн энэ шинэчлэлийг одоо болтол Италичууд хийж чадаагүй л байна. Ультра фэнүүдийг үнэмлэхтэй болгох, Сери Б лигээс тусгаарлах үйл явдлууд хийгдэж байгаа ч шинэчлэлт арай л дэндүү удаан мөлхөө байдлаар явагдаж байна. Саяхан Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль явагдаж Леолука Орландо дахин томилогдсон. Өмнөх 4 жил дорвитой зүйл хийж чадаагүй түүний хувьд цоо шинээр сэтгэж, бүх зүйлийг өөрчилнө гэхэд эргэлзээтэй. Шинэ хүнээс л шинэ санаа, шинэ эрч хүч гарна шүү дээ.

ЭЦЭСТ НЬ …

Сүүлийн үед хөлбөмбөг сонирхож байгаа ихэнхи залуус Испани, Англи, Германы лигийг түлхүү үзэж байгаа нь нууц биш. Миний хувьд энэ улиралд Сери А лигийн тоглолтуудыг тайлбарлан хүргэсний хувьд үүнийг илүү тод мэдэрсэн. Хөлбөмбөг ч гэсэн нэгэн төрлийн бизнес учраас сайн маркетинг, менежмент хийсэн нь үзэгчдийг өөртөө татаж, сайн ашиг олох нь ойлгомжтой. Дээр дурьдсан ёсоор Италийн хөлбөмбөг үнэхээр бусад лигүүдээс хөгжлөөрөө хоцорч байгаа нь үнэн. УЕФА-гийн лигүүдийн коэффициентод Бундеслигийг урдаа алдаж, Аваргуудын лигийн гурван эрхтэй болсон нь бодит баримт.

Гэхдээ Сери А лиг бол бусад лигүүдээс маш онцгой өв уламжлалтай, түүхтэй, хөлбөмбөгийн өөрсдийн гэсэн давтагдашгүй арга барилтай лиг. Энд Англи, Испани, Герман шиг харилцан сөрөг довтолгоо хийж, 5, 6 гоол орсон хүмүүсийн хэлдгээр үзүүштэй тоглолт ховор боловч тактикийн маш том тулаан өрнөж байдаг. Ромагийн менежер асан Зденек Земан хүртэл хэлсэн байдаг. “Италийн лиг үнэхээр дарамттай, бас толгой өвтгөм. Минут тутамд энд тактикийн тулаан өрнөж, маш нарийн зохион байгуулалттай хөлбөмбөг явагддаг. Тийм болохоор талбай дээр болж байгаа бүхнийг маш сайн анзаарч, юу хийхээ минут тутам төлөвлөж байх хэрэгтэй болдог”.

Юм бүхэнд өөрсдийн гэсэн давуу тал байдгийн адилаар Италийн лиг өөрсдийн гэсэн өв уламжлалаа хадгалж, түүнийгээ алдалгүй үргэлжлүүлж байгаа сайшаалтай. Мөн үүний хажуугаар довтолгоо зонхилсон, 3 хамгаалагчтай тактик руу бага багаар шилжиж байгаа. Энэ улиралд л гэхэд ихэнхи багууд 3-5-2, 4-3-3 гэсэн тактикыг ашигласан бөгөөд эхний 4 байранд орсон багууд бүгдээрээ энэ тактикыг ашигласан. Цаашдаа ч гэсэн бусад багууд хамгаалалт голлсон тактикаас татгалзах шинжтэй байгаа. Өмнөх улиралтай харьцуулах юм бол энэ жил аваргын өрсөлдөөн дэндүү эрт шийдэгдсэн нь АС Милан, Интер, Рома, Лацио зэрэг топ багуудын тааруухан амжилттай холбоотой. Багууд алдаа дутагдлаасаа сургамж авч, цаашдаа илүү сайжрахын төлөө ажиллах нь ойлгомжтой учраас ирэх улирал илүү сонирхолтой өрсөлдөөн өрнөн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд, ирэх улирлын СЕРИ А ЛИГ- н нээлтээр СПОРТБОКС сувгаар та бүхэнтэй эргэн уулзацгаая.
Н

АС Милан Racism-ийн эсрэг нэгдсэн

Удинезегийн "ганц" дэмжигч Арриго Броведани

СУПЕР МАРИО – АС Миланд ирээд 13 тоглолтонд 12 гоол оруулаад байна

Андэй Страмачионигийн халааг Валтер Маццарри авсан юм

Франческо Тотти – Сери А лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын 2-р байранд

Эдинсон Кавани 29 гоолтой лигийн мэргэн бууч боллоо



УЛИРЛЫН ШИЛДЭГ 10 – ГООЛ

ЮВЕНТУС АЛБАН ЁСООР 29 ДЭХ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

"SPORTBOX" СУВГИЙН ТАЙЛБАРЛАГЧ Г.БАЯРСАЙХАН

Эх сурвалж:  Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж