-“Өдрийн шуудан” сонины анхны дугаарыг өлгийдөн авч байсан үеэ дурсаач. Анх хэдүүлээ сониноо гаргаж байв?
-Надад Амарбаясгалан гэдэг залуу шинэ сонин гаргахад хамтарч ажиллаач гэж санал тавьсан юм. Анх бид аль нэг нам, улс төрийн хүчинд харьяалагддаггүй, хэн нэгнээс хараат бус өдөр тутмын сонин хийхээр тохироод, нэрийг нь тогтоод нэгэнт бизнес эхлүүлж байгаа учраас бусдаас ялгарахын тулд дэлхийн жишигт нийцсэн кофены өнгөтэй цаасан дээр хэвлэх саналыг би гаргасан юм. Ингээд л өнгөөрөө ч, нийтлэлийн бодлогоороо ч ялгарсан шинэ сонин мэндэлж байлаа.
-Шинэ сонинд ажиллах сайн баг бүрдүүлнэ гэдэг амаргүй. Таны хувьд энэ давааг хэрхэн давсан бэ?
-Азаар их сайн баг бүрдсэн. “Өнөөдөр”, “Ардын эрх” зэрэг сонинд ажиллаж байсан мундаг хүмүүсийг авчирч чадсаных анхны дугаараасаа л ямар ч зовлонгүйгээр “хадаас” сонин гаргаж байлаа. Гэхдээ гадагшаа захиалсан кофены өнгөтэй цаас ирэхгүй, бид хэд хоног хүлээх хэрэг гарсан. Тэгж тэгж цаас ирсэн ч бидний бодож байснаас арай ягаандуу байсан юм. Түүнээс болоод хүмүүс “ягаан сонин” гэсэн нэр өгч байв. Сониныг маань хэвлэл мэдээллийн салбарынхан янз бүрээр хүлээн авч байсан. Хэл ам, магтаал, шүүмжлэлийн аль алийг нь дагуулсан гэх үү дээ. Тухайлбал, “Өнөөдөр” сониныхон бидэнд “Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө нэмсэн сайхан сонин гаргасанд талархал илэрхийлье” гэсэн өргөмжлөл өгч байв. Манай сонины дараа “Улс төрийн тойм” сонин мэндэлсэн. Тэгэхэд Л.Мөнхбаясгалан бид хоёрыг зарим нь “нийгмийн алуурчид” гэж хүртэл бичиж байсан юм. Гэхдээ ингэлээ гээд бид гомдоогүй. Яагаад гэвэл биднийг сайн сонин гаргасан учраас өөрсдөд нь халтай ч гэж үзсэн юм уудаа л гэж бодсон. Гэхдээ би сэтгүүлчид, сэтгүүл зүйг нийгмийг алахын төлөө ажилладаг гэж огт боддоггүй. Би ч өөрөө цэвэр, эрүүл сэтгүүл зүйн төлөө зүтгэдэг сэтгүүлчийн нэг.
-Анхны дугааруудаас таны сэтгэлд үлдсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлага байдаг уу?
-Дугаар бүр хадаас байх ёстой гэдэг бидний зарчим байсан. Тэр үүргээ ч биелүүлж байсан. Н.Сарангэрэл, Ч.Чулуунцэцэг, Л.Оюунгэрэл, У.Оргилмаа гээд Монголын сэтгүүл зүйд танигдсан сайн авторууд байсан учраас үнэндээ энэ тал дээр зовлон байгаагүй. Яг анхны дугаарт хэд хэдэн сайн материал орж байлаа. Одоо санаж байгаагаас бид тэр үед С.Баярын Засгийн газрын тухай тун сайн анализтай нийтлэл бичиж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар одоо яриад байгаа зүйлсийг манайх гурван жилийн өмнө бичиж байв. Мөн Богд ууланд Кувейтын Эмирт бэлэглэсэн газарт тусгай хамгаалалттай тун чухал бүс бий болсныг анх удаа дэлгэж байлаа.
-Сайн сонин гаргах нэг хэрэг. Харин тэр сайн бүтээлээ олонд хүргэх гэдэг тийм ч амар ажил биш байх. Маркетингийн хувьд ямар бодлого барьж байсан бэ?
-Манай сонин маркетингийн тун өвөрмөц бодлоготой үйл ажиллагаагаа эхэлсэн. Гадаадад төгссөн залуус яг энэ чиглэлд олон сонирхолтой санал дэвшүүлж үр дүнг нь үзэхийн төлөө зүтгэж байсан. Бид хэвлэл мэдээллийн салбартаа анх удаа харилцагчдадаа бэлэг өгч байлаа. Сонины реклам сонирхолтой, өвөрмөц байх ёстой гэж үздэг, тэр дагуудаа ч хийдэг байлаа. Тийм ч учраас бид хүмүүст танигдах, уншигч, харилцагчаа татах гэж нэг их зовоогүй санагддаг юм.
-Ийм сайн сониноосоо та яагаад явчихсан юм бэ?
-Улс төрийн хүчин, улстөрчдөөс ангид амьдарна гэсэн анхны яриа хэлцэл удаан үргэлжилж чадаагүй юм. Хөрөнгө оруулагчид солигдоод улстөрчдөөс хараат болох тал руугаа орсон учраас би гарсан. Нэгэнт өөрөө бие даагаад явахад цоо шинэ сонин хэцүү байсан учраас тийм шийдвэр гаргасан биз гэж боддог. Гэхдээ хөрөнгө оруулж, санхүүжүүлээд явж байгаа ч эрүүл сэтгүүл зүйн төлөө ажиллах боломжийг нь бүрдүүлж өгдөг хүмүүс таарсан бол “Өдрийн шуудан” анхны эрчээр явах л байсан байх. Харамсалтай нь тийм боломж таараагүй. Анх гарч байсан тэр эрч, тэр бодлогоороо өнөөдрийг хүрсэн бол өнөөдөр Монголын топ сонин болчих л байсан.
-“Өдрийн шуудан”-гийн өдөр тутмын бусад сонинуудын дунд эзлэх байр суурийн тухайд та юу хэлэх вэ?
-Сонин бүр өөрийн онцлогтой. Хэн эрхлэн гаргаж байгаа, дотор нь хэн ажиллаж байгаагаас их зүйл хамаардаг. “Өдрийн шуудан” сонин ч гэсэн тэр л зарчмаар явж байна. Гэхдээ сэтгүүлзүйд байгаа нэг эмгэнэл бол сэтгүүлчид өөрсдөө тэр сониныг авч явахад, хөрөнгө мөнгөний асуудалтай тулгардаг. Энэ утгаараа миний анхных нь дугаарыг өлгийдөн авч байхдаа бодож байсан зорилгод маань хүрч чадаагүй. Гэхдээ нэг их муудаагүй.
-Анхны эрхлэгчийн хувьд энэ сонинд өөрчилчихмөөр зүйл харагдах юм уу?
-Би өглөө ажилдаа ирээд мэдээж эхлээд өөрийнхөө сонинг, дараа нь “Өдрийн шуудан”-г хардаг. Юу гарч вэ гэж харахаас гадна яагаад ч юм бэ надтай хамт ажиллаж байсан хүмүүсээ бүртгээд байдаг юм. Өнгөөрөө ялгардаг байсан нь алга болсонд харамсдаг. Өдөр тутмын 14 сонинг зэрэгцүүлээд тавихад тэр дундаас кофены өнгөтэй ганцхан сонин яах аргагүй тод байсан юм. Гэхдээ энэ сонины эрхлэгчээр туршлагатай, сайн сэтгүүлч Р.Эмүжин очсон болохоор өнгөнөөс гадна өөр сонин ялгарах имижтэй болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Таны өлгийдөж авсан сонин 1000 дахь дугаараа уншигчдадаа өргөн барилаа. Магадгүй танд энэ сонины хамт олонд, уншигчдад нь хандаж хэлэх үг байж болох юм.
-1000 дугаар гэдэг бол сонины хувьд эрийн цээнд хүрч байгаагаа, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөнөө батлах сайхан үйл явдал. Хэдхэн дугаар гараад энэ өрсөлдөөнөөс хасагддаг түүх олон шүү дээ. Эрийн цээнд хүрч байгаа энэ сонин эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө, сэтгүүл зүйд оруулж ирсэн тэр онцгой өнгө аясаа хадгалаад Монголын топ сонинуудын нэг болоосой гэж хүсье.
Амь нэгтэй халуун ам бүл
Бид бичсээр. Судалж, сурвалжлан мэдээлсээр, асуудал хөндсөөр, иргэд, олон нийтийн санаа бодлыг уншигч олондоо хүргэсээр. Цагийн хүрд зогсохгүйн адил бидний ажилд ч эцэс гэж үгүй. 2009 оны намар анхны дугаараа өлгийдөж аваад баяр хөөр болж байсан “Өдрийн шуудан”-гийнхан бид 1000 дахь дугаараа уншигчдадаа ийнхүү өргөн барилаа.
Сэтгүүлч бидэнд бардамнаж, бахархах зүйл олон. Шударга өнцгөөс бичсээр ирлээ. Болж бүтэхгүйг хаацайлахгүй, буруу, буруутныг өмөөрөлгүй олон түмний, улс орны эрх ашгийн үүднээс урагшаа харж, ирээдүйд хөтөлж бичихийг мөрдлөгөө болгон ажиллаж байна. Өнөө бидний уриа “Эв нэгдэл хөгжилд хөтөлнө”. Цаг үе шүүмжлэхээр, цадигаа алдагсад олон энэ үед тэр тэгсэн, энэ ингэлээ гэж хэрэлдүүлж, уралдуулахад гол нь биш, нийт монголчуудынхаа эрх ашгийн үүднээс хаа хаанаа эв эеийг эрхэмлэн Улс Монголоо гэсэн сэтгэлээр ажиллах аваас эвлэхгүй, нэгдэхгүй зүйл байхгүй гэсэн өнцгөөс үзгээ хөдөлгөж, үгээ хэлж байна.
Сонин байгуулагдаад дөрвөн жил болох дөхөж байна. Энэ хугацаанд хамт олон шинэ хүмүүсээр нэмэгдэж, заримдаа хасагдаж, эдүгээ 40-үүл сониноо гаргаж үнэнч уншигчидтайгаа өглөө бүр шинэхэн мэдээ мэдээллээр уулзаж байна. Өдөр тутмын хамгийн отгон сонин гэж өөрсдийгөө өхөөрдөх, эрхлүүлэхийн завсраар хэсэгтээ дуудсан. Одоо бол мартагдаж. Дөрөв биш, хэдэн ч дөрвөн жилийг ардаа үдсэн мэт туршлагатай, нягт хамт олон болж төлөвшжээ.
Манай ерөнхий эрхлэгч Р.Эмүжин. Сэтгүүлчийнх нь ажлын олон жилийн туршлага, яруу найрагчийн ончтой, донжтой хараа хослоод ерөөсөө л олон үггүй шаардлага.
Н.Сарангэрэл орлогч эрхлэгч маань 1000 дахь дугаараа өргөн барьж буй “Өдрийн шуудан” сонины авторуудын нэг. Бодлого, зорилгоос авахуулаад сонины дүр төрх, хэв маяг, өнгө дизайн, нүүр, булан гээд ер түүнээс хамаарахгүй, түүний харааны гадуур юм гэж үгүй. Заримдаа түүний ачаалал арай л хэтрээд буй мэт санагдах. Гэсэн ч Сараа орлогч “За найзууд аа…” гээд л үзээд байна даа. Ерөнхий дизайнер, гэрэл зурагчин Б.Ганбаярынхаа санаа оноо, мэргэжлийн чадварын тухай ч энд дурдана. Сонины хэдэн нүүр үндсэндээ түүний оролцоогүй буухгүй дээ гээд хэлчихэд манай Д.Хулан, Р.Байгалмаа, Г.Идэрсайхан, Б.Бямбагэрэл нар маань гомдохгүй болов уу. Сэтгүүлч Л.Оюунгэрэл байна. Дугаар удирдагчдын хувьд сониноо алдаа мадаггүй, дуулиан шуугианаар дутаахгүй, ярилцлага сэлт сайтай бол боллоо гэсэн шиг хурдхан уншаад буулгачихъя гэх өдөр байдаг. Харин Л.Оюунгэрэл хэзээ ч тэгдэггүй. Дугаараа эгээ л цоо шинээр сонин гаргах гэж байгаа юм шиг анхаарна. Нүүр болгоны макетийг харна, санаанд нь нийцэхгүй бол тэр дор нь задлуулна.
“Өдрийн шуудан” сонинг өдий зэрэгтэй авч яваа хүмүүсийн нэг бол рекламны албаны дарга, өдөр тутмын сонины түүхэнд реклам, зар сурталчилгаа гэдгийн суурийг тавьсан анхдагч Н.Оюунчимэг юм. Манай Ночийн ажил сайн, рекламаа гялалзуулаад л байгаа. Сониноос манай хүн түрүү жилээс өөрөө төдийлөн таалахгүй байсан нэг үүргээс мултраад байгаа юм. Цагаан сараар хамгийн ахмад нь байгаадаа итгэж ядан дүү нараараа тохой өргүүлж нэг бус жил ширээ манлайлж суусан тэрбээр өнгөрсөн цагаан сараар дөрөв дэх ахмад нь байсан юм. Н.Лхагвасүрэн тэргүүтэй ахмадуудтайгаа бүгдээрээ гар зөрүүлэн золгох үед Ночи “Амар байна уу, сайхан шинэлж байна уу, за, амар байна уу…, за тийм байлгүй дээ, арай гэж нэг мөнгөний бараа хардаг байна шүү. Оюунгэрэл дээр ирж байж л мөнгөний бараа харлаа шүү дээ” хэмээн хошигнож хамт олноо инээлгэнэ. Энэ зүгээр л жишээ. Түүний хоржоонтой инээдгүйгээр хоёр хоновол л уйдна. Монголын мэргэжлийн цөөхөн эмэгтэй гэрэл зурагчдын нэг Т.Чимгээ манай хамт олны хүндтэй гишүүн. Харахад аппарат үүрч, дуран шагайсан эмэгтэй болохоос тэр чигээрээ мэдээллийн архив. Шаардлага гарвал ганцаараа сонин гаргаж ч мэднэ.
Манайхан захиалсан юм шиг нас насны хүмүүстэй болоод байгаа. Түрүүний хэлдэг Лхагваа ахын үеийн Ядмаа ах гэж нуруулаг, намбалаг сэтгүүлчийг хэвлэлийнхэн андахгүй. Эдийн засгийн сэдвээр голдуу бичих түүнээс үе үе сонин содон, алиа марзан юм гарна. Гэхдээ дуун дээр бичээд шидчихгүй ээ. “Тэгж байгаад нэг аштайхан эзэнтэй шог өгнө өө” л гэнэ. Хөнгөн шингэн мэдээлэл байнга хайж байдаг арын нүүр хариуцдаг нөхөд дараалан хэд нэхнэ, өгөхгүй болохоор нь тэгсгээд орхино. Жаяа ах манай жолооч. “Засгийн бааз”-ын атаман Жаяа нэг удаа ёстой гэнэдсэн гэж байгаа. Зугаалгаар явах боллоо. Түрүүчийн машинууд хөдөлсөн, гэтэл Жаяа машиндаа орж чаддаггүй. Түлхүүрээ гээчихлээ гээд яарсандаа болоод 90 мянгаар хаалгаа онгойлгуулж “баярхсан”. Сүйд болоод түргэн тусламж дуудаад байсан, түлхүүр нь гутал дотор нь бай.. Өвлийн гутал нь тундрт ч алзахааргүй эсгий, том, дулаан.
За тэгээд дөрвөн жилийн турш энэ сониныг хамтын хүчээр өөрийн гэсэн уншигчидтай болгоход мэдлэг, мэргэжил, сэтгэл, зүтгэл, ур чадвараа зориулсан олон сэтгүүлч, рекламны менежерүүд бий. Анхны ерөнхий эрхлэгч С.Гантогоо, дараагийнх нь Б.Оюун-Эрдэнэ, орлогчоор ажиллаж байсан П.Баттулга, улс төрийн албаны дарга М.Мөнхчимэг ярилцлагын мастер Л.Цэрэнжаргал, “Блүүмбэрг”-ийг зорьсон А.Ариунболд, Ц.Мөнхжин, хөлбөмбөгтөө 100 хувь анхаарч буй Д.Нанжид, сониноо сайтаар сольсон О.Сайханцэцэг гээд нэрлээд байвал олон.
Бид 1000 дахь дугаараа хамтдаа өлгийдлөө. Бичиж буйдаа бүхий л анхаарлаа төвлөрүүлснээс сонинд тавих зураг авахуулахдаа дэндүү хайнга хандсан Ч.Батмаа юу болоод өнгөрснийг сүүлд нь мэдэж инээд хүргэв. Улс төрийн мэдээллийн алба залуухан даргатай болсон нь Б.Энхжаргал. Тус албаны сэтгүүлч Б.Бат-Амгалан нүүрээ 80 настайдаа Гималайн оргилд гарсан япон эрийн тухай мэдээллээр малгайлаад гарч өглөө. Урлаг соёл, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны М.Уянга, Б.Марал-Эрдэнэ, Б.Бат, миний бие гэсэн сэтгүүлчид энэ өдөр нүүрүүдээ хамгийн түрүүн буулгана гэсэн ч арай амжсангүй. Гэхдээ л бусдадаа саад болохгүй завсар хоорондуур нь амжуулаад дугаарын даргаас банга хүртэлгүй буулгалаа. Сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг маань хүүхдийн эрхийн асуудлаарх сэдвээр телевизид нэвтрүүлэгт оролцох гээд явсан. Арын ажлаа Б.Ууганбаяр даагаад үлдэж. Нийгмийн мэдээллээр дагнадаг манай Б.Аззаяа шинэхэн сэтгүүлч Н.Ганчимэгтэйгээ энэ тэрийг зөвлөн байна.
Бүтэн сайн тул 1000 дахь дугаар хийсэн энэ өдөр захиргааныхан эзгүй байлаа. Рекламны менежер Д.Мөнхзаяа, Д.Бадмаараг хоёр эрт явсан. Ядмаа, Чимгээ хоёр маань өмнийн говьд томилолтоор яваа. Өчигдөр өглөө эх орны торгон хил дээр байна гэж байсан. Харин залуу сэтгүүлч О.Мөрөн, Л.Одончимэг, Ж.Уранмандал нар маань түр чөлөөтэй. Хоёр Болороо маамаа хараад гэртээ багаа. Б.Гандолгор маань түр хугацаагаар нутгаа зорьсон. Нэгнээ байхгүйд үгүйлэх, нөгөөгөө эзгүйд харуулдах ийм л дотно, тийм л халуун амь нэгтэй хамт олон бол “Өдрийн шуудан”-гийнхан.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин