Хэрэв юу ч болохгүй юм бол энэ дуулиан шуугиан хэнд хэрэгтэй, ямар учиртай юм бэ гэхэд танил минь аль аль талд нь зорилго бий гээд “БНАСАУ цөмийн гурав дахь туршилтаа хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээ авч тогтоол гаргасан. Түүнээс гадна Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгч Ли Мэн Бак хойд хөршөө хэрэг дээрээ огт тоохгүй хаясантай олон зүйл холбоотой. Тэднийг олон улсын харилцааны субьект гэж үзээгүй. Ингэж “таг” мартахдаа төр засгаасаа үзүүлдэг дэмжлэг, хүмүүнлэгийн элдэв тусламж дээр ч хатуурхсан нь Хойд Солонгосын эгдүүг хүргэсэн. Ли Мэн Бакийн өмнөх Ерөнхийлөгч Но Му Хен Хойд Солонгост нэлээд элгэмсүү байсныг мэднэ. Тэрээр Кесоны эдийн засгийн бүст онцгой анхаарал хандуулж өмнөдийн нэр бүхий компаниудыг оруулж үйлдвэрлэлийн том том обьектууд барьж байгуулах бодлого барьж ажилласан. Кесоны эдийн засгийн бүст Хойд Солонгосын 54 мянган хүн ажилладаг. Энэ тоог нэмж илүү олон хүн ажиллуулах санал санаачилга хойд талаас байнга гардаг ч байрлуулах байр сууцнаас эхлээд асуудал олон. Тиймээс Но Му Хен тэдэнд зориулан байр барих тухай ч хөндөж байж. Харамсалтай нь түүний орыг залгамжилсан Ли Мэн Бак энэ амлалтыг нь ч “мартчихсан”. Энэ бүхэн дээр залуу удирдагчийг нь үл тоосон хандлага нэмэгдээд хойдуудын зөрүүд занг хөдөлгөсөн шүү дээ. Үүнийгээ ч Хойд Солонгосын албаныхан ил тодоор илэрхийлдэг юм. Үнэ цэнэтэй зүйл, үндэсний бахархлаа та нараар доош хийлгэхгүй шүү гэсэн үгсийг нэг биш удаа цухуйлгаж байв. Ер нь тэд удирдагчийнхаа нэр хүндэд тун ч эмзэг ханддаг ард түмэн. Дээр нь АНУ том том зэвсэг техник оруулж ирж өмнөд хөрштэй нь цэргийн хамтарсан сургууль хийх зэргээр сүрийг үзүүлсэн нь үнэн хэрэгтээ энэ хойгийнхны үл ойлголцол дээр жинхэнэ утгаараа тос нэмсэн. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 16 улс БНАСАУ-ын асуудал дээр 100 хувь нэгдмэл санаатай байсан нь үйл явдлыг үлэмж хурцатгаж цөмийн зэвсгээр далайлган мэдэгдэл хийхэд хүргэсэн” хэмээн тайлбарласан юм.
Хойд Солонгосын удам дамжсан их удирдагч Ким Чен Ир нас бараад нэг жил өнгөрч байна. Энэ хугацаанд орыг нь залгамжилж төр тэргүүлэхээр гарч ирсэн хүүг нь үнэн хэрэгтээ ганц БНСУ ч биш дэлхий нийтэд тэгтэл тоож үзээд, тосч хөөрөлдөөд байгаа юм алга. Итгэл найдвар тавьж буй гол имижийг нь үл тоомсорлох нь Хойд Солонгосын хувьд яалт ч үгүй эмзэг сэдэв. Дотооддоо ч амаргүй байгаа. Тиймээс шинэ удирдагчаа тодорхой түвшинд гаргаж ирэхийн тулд цэрэг арми, хүчний байгууллага нь хэтэрхий их хүчин чармайлт гаргаж байгааг дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Ер нь энэ улсын удирдагчдаас Ким Ир Сений үед намын дуу хоолой чанга, харин Ким Чен Ирийн үед арми илүү хүчтэй буюу улс орны хэмжээний бодлогод жин дарж ирсэн байдаг. Тиймээс одоогийн удирдагчийн үед хэн нь том байх вэ гэдгийг шийдэх гэж нам, арми хүчний байгууллагын толгойд том өрсөлдөөн явж буй нь одоогийн үйл явдлын нэг тайлал гэж харж болох юм.
Шинэ удирдагч Ким Чен Ун насаар дэндүү залуу. Түүнээс гадна түүний хажууд аавынх нь гарч ирж байсан үетэй адил найдвартай ар тал, түшиг болох баг бараг байхгүйтэй адил гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл, нам том уу, арми хүчтэй юу гэдгийг шинэ удирдагчийн бодлого тодорхойлох учиртай. Гэтэл Ким Чен Унд үүнийг бие даагаад тогтоох хүч ч, эрх мэдэл ч үнэн хэрэгтээ байхгүй. Батлан хамгаалах хорооны дарга, намын нэгдүгээр нарийн бичгийн дарга гэж зарласан ч албан тушаал дагаж ирдэг эрх мэдлийг хараахан гартаа оруулж амжаагүй. Шинэ удирдагчийн нэр хүндийг дотооддоо өсгөхийн тулд төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулах гэсэн үйлдлийг таслан зогсоосон тухай үлгэр зохион, гадна талдаа өөрсдийгөө тоолгох арга нь цөмийн зэвсгээр далайлгах хэмээн үздэг. Уламжлалт аргаа энэ удаа ч хэрэглэж байгаа юм, тэд.
Гэтэл цөмийн зэвсгээр түрий барих нь хорин жилийн өмнө бол аймшигтай санагдаж болох ч өнөө үед түүнийг нь хэн ч тоохгүй байгаа нь үнэн. Олон улсын тавцанд гол тоглогч Хятад, Америк, БНСУ-ыг хүссэнээрээ хөдөлгөх хожлын найдвартай хөзөр яг үнэндээ одоогийн удирдагчид нь алга. Байгаа ганц нь цөмийн зэвсэг. Гэтэл энэ нь асуудлыг шийдэх биш харин ч дарамт болж, наад зах нь гаднаас орж ирэх тусламж дэмжлэгт саад учруулж буй юм.
Хятадыг болгоомжлуулдаг нэг зүйл бий. Хойд Солонгосыг өнөөгийнхөөр нь өөрөөр хэлбэл, эдийн засаг ядуу хэвээр байлгах нь Хятадад ашигтай. Уул уурхай, ашигт малтмалын салбарт нь хятадууд гүн гүнзгий орсон. Хэрэв энэ улс ардчилсан, эсвэл америк загварын хөгжлийн зам сонговол энэ салбараас ихээр хүртдэг ашиг нь буурна гэж үзэж буй ч олон улсын тавцан дахь нэр хүнд зэргээсээ үүдээд Солонгосын хойгийн хурцадсан асуудлыг намжаах гол тоглогчоор Хятад тодроод буй юм. Тиймдээ ч Хойд Солонгосыг зургаан талт хэлэлцээрт уриалсан. Энэ уриалгыг Ким Ир Сений ач хүү хүлээж авахад бэлэн гэдгээ зарлаад байгаа. Харин үүнд нь өмнөд хөрш нь тун ч үнэмшил багатай хандаж байна. Үнэхээр л энэ хойгийн асуудлыг сайн тал руу нь эргүүлэх чин хүсэлтэй бол БНСУ-аас гурван ч удаа урьсан хэлэлцээнд огт өөрөөр хандах байсан хэмээж буй юм. Тэгэхээр Хойд Солонгосын гол зорилго өмнөдтэйгөө хэл амаа ололцох гэхээсээ дэлхийд ялангуяа цөмийн зэвсэгтэй том гүрэн гэдгээ Америкаар хүлээн зөвшөөрүүлэхэд л байгаа хэмээн ажиглагчид үзэж буй аж.
БНСУ-ыг үгэндээ оруулах гол хөзрөө Хойд Солонгосын тал Кесоны эдийн засгийн цогцолбор гэж тооцдог. Тиймдээ ч цэрэггүй бүсээс зургаан км зайд 2005 оноос байгуулж эхэлсэн эл бүсийг хааж өмнөд нутгийнхнаа хөөж гаргасан. Анх энэ төсөл ажил хэрэг болж байхад Өмнөд Солонгосоос 13 компани очиж хөрөнгө оруулалт хийн байшин саваа бариад ажил эхэлсэн гэдэг. Өдгөө тэнд 220 гаруй том жижиг үйлдвэр аж ахуй үйл ажиллагаа явуулж, Өмнөдөөс 800 гаруй инженер техникийн ажилтан, харин Хойд Солонгосоос 54 мянга орчим ажиллах хүч авч байгаа. Кесоны эдийн засгийн бүс хоёр талд хоёуланд нь ашигтай. Өмнөд Солонгост ажиллах хүч үнэтэй. Нийгмийн шахалтаар байн байн цалингаа нэмдгээс бүтээгдэхүүний өртөг өсч энэ хэрээр зах зээлээ алдаж, эдийн засгийн хувьд ашиггүй болдог. Гэтэл Кесонд ажиллах хүч хямд. Тэд Хойд Солонгосын ажилчдыг сарын 160-180 ам.долларын цалингаар хөлсөлдөг. Хэдийгээр ажилчид цалингийнхаа тодорхой хувийг төрдөө өгдөг ч үлдсэн нь ар гэрээ тэжээхэд тун их нэмэр болдог. Дээр нь Кесоны компаниуд ажилчдадаа долоо хоногт найман гоймон, найман хайрцаг чокопай, таван годгор хиам гэхчилэн хүнсний хангамж өгдөг нь амин зуулгад нь багагүй жийрэг болдог байна.
Ийн аль аль талдаа ашигтай ч БНСУ-ын Засгийн газрыг буулгаж авахын тулд Кесоныг хаасан. Хэдэн тэрбумаар нь хөрөнгөө зарчихсан компаниудаа хамгаалахын тулд тэднийг буулт хийж л таарна хэмээн тооцоолжээ. Шаардлага нь өнөө л мартагдсан тусламж дэмжлэгийг сэргээх. Өөрөөр хэлбэл, өмнөдийнхөн өөрсөнд нь илүү ихээр тусалж, байнга тэтгэж байх ёстой гэсэн шаардлага.
Гэхдээ одоохондоо тэд хөршөөсөө хүссэн хариугаа дуулж чадаагүй л байгаа. Кесонд хөрөнгө оруулсан компаниуд даатгалаас сул зогссон хоногийнхоо нөхөн олговрыг авч байгаа учраас эхэлж ам нээхгүй суугаа нь үнэн гэнэ. Гэхдээ энэ байдал их удаан үргэлжилбэл асуудал өөрөөр эргэж таарна. Хойд Солонгосын ажилчдын хувьд ч хоёр улсын хооронд нөхцөл байдал хурцдаж илүү аймшигтай болно гэдэгт төдий л ач холбогдол өгч үймж сандраад байгаа юм алга гэсэн.
Шаардлагынх нь хариуд БНСУ-ын өнөөгийн удирдагч хатагтай Пак тун тодорхой санал хэлж байгаа юм билээ. Цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалз. Энэ тохиолдолд хамтдаа хөгжиж, тусалж дэмжих зам нээлттэй гэсэн зарчмын санал тавьжээ. Ингэхдээ хүмүүнлэгийн аливаа тусламжид хэзээ ч саад тотгор учруулахгүйгээ ч дуулгасан юм билээ.
Ийн БНАСАУ өөрийгөө дэлхийн улс төрд том тоглогч байх замаа алгуур удаанаар биш асар богино хугацаанд эрчтэй туулахын тулд арга бүхнээ сүвэгчилж буйг дэлхийн хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байна. Мөн тэд шинэ удирдагчаа дэлхийн хүн болгохын тулд имижийг нь яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр ч чамгүй ихээр тархиа ажиллуулж буй. Тухайлбал, гуч ч хүрээгүй залуу толгой дээрээ өвөөгийнхөө өнгөрсөн зууны дунд үед өмсч байсантай адил саравчтай малгай тавьж, мөн хуучин загварын хүрмээр нь гоёж, алхаа гишгээгээ ч Ким Ир Сентэй дэндүү адилхан болгосон. Энэ бүхэн мэдээж түүний санаа биш. Хэтэрхий залуудаа бас ямар ч бэлтгэлгүйгээр төрийн тэргүүнд заларсан Ким Чен Уныг өвөө, аав хоёрынх нь алинтай адилхан байлгах вэ гэдэг нэг ёсондоо төрийн том бодлого болсон. Ингэхдээ Ким Чен Ирээс аль болох зай барих нь зөв гэдэг дээр шийдвэр гаргагчид нь нэгдсэн бөгөөд ард түмэндээ эгээ л бурхан мэт тахигдаж, дэлхийн улс орнуудад өөрийнхөөрөө үлдсэн өвөө Ким Ир Сенийг нь сануулахаар байхыг зөв имиж гэж тооцжээ. Хуучны сийрсэн малгайгаараа даллан инээмсэглэж буй Ким Ир Сенийг яг дуурайсан Ким Чен Уныг орчин үеийн болгож харагдуулж буй ганцхан зүйл нь хажуудаа дагуулсан залуухан царайлаг бүсгүй. Түүнээс бусад нь яг л өвөө.
Солонгосын хойгийн хувь заяаг хааш нь л бол хааш нь эргүүлж чадна хэмээн ихэмсэг бас нэхэмсэг дүр үзүүлэн буй ардчилсан тодотголтой Солонгосын тухай дэлхийн хэвлэлүүдэд гарсан болон танил эрхмийнхээ ярьсантай нийлүүлэн тоймлоход ийм байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин