Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүллээ

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ Ч.Гочоосүрэнгийн алдар тэмдэглэхэд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж, улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын заан Д.Рагчаа үзүүрлэв.

Ч.Гочоосүрэн заан 1973 онд Архангай аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадмаар түрүүлж аймгийн арслан цол, 1975 оны улсын наадмаар гурвын даваанд аймгийн арслан Шоовдойхүү(начин)-г, дөрөвт Д.Шижээ начинг, тавд Д.Жамц арсланг давж, зургаад П.Дагвасүрэн арсланд унаж улсын начин цол, 1981 оны улсын наадмаар гуравт Төвийн аймгийн заан Л.Шаравыг, дөрөвт Д.Багахүү(начин)-г, тавд Д.Лхагва-Очир начин(харцага)-г, зургаад Д.Амгаа зааныг давж, долоод Д.Цэрэнтогтох аваргад унаж, улсын заан цол тус тус авсан. Мөн 1979 оны улсын наадмаар тавд Д.Лхагвасүрэн зааныг, зургаад М.Мөнгөн заан(арслан)-ыг давж, долоогийн даваанд Х.Баянмөнх аваргад унаж улам өрнөх чимэг, 1983, 1985 оны наадамд аймгийн арслан М.Мижиддорж(начин), Ло.Энхбаяр(начин) нараар тав даваад Д.Хадбаатар арслан(аварга), М.Мөнгөн арслан нарт унаж цогт идэр, цог нэмэх,  чимэг, 1988 онд тавын даваанд аймгийн арслан Ё.Доржготов(Увс)-ыг, зургаад Д.Мягмар зааныг давж, долоод Х.Баянмөнх аваргад унаж өсөх идэр чимгүүдийг нэмж, зургаан удаа шөвгөрсөн.

Алдар тэмдэглэх хүндэтгэлийн барилдааны үеэр Ч.Гочоосүрэн заанд нутгийн зөвлөл, гэр бүл, найз нөхөд, шавь, нутгийн бөхчүүдийн зүгээс хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Архангай аймгийн нутгийн зөвлөл Land Cruiser 200 авто машин бэлэглэв.

Хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Т.Мөнгөнцоож, улсын начин Д.Цогзолдорж, Н.Баярмагнай, Л.Нямсүрэн, Л.Гантулга,  Б.Батмөнх, Б.Сангисүрэн, Б.Сумъяа, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Сүлд спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат Хүч спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ. Өмнөх өдөр нь болсон аваргуудын нэрэмжит барилдаанд мөн улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлсэн билээ.

Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Их Монголын хүчтэн дэвжээ, Макс группийн бөх улсын начин Б.Сангисүрэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хороо, Жавхлант дэвжээ, Энгүй тал компанийн бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар шалгарав.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж