Үндэсний сурын харвааны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Үндэсний сурын харвааны аваргууд тодорлоо

Дорнод аймгийн 2013 оны аварга шалгаруулах Үндэсний сурын харваа 2013 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлалын газартай хамтран Чойбалсан хотын Сурын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний ивээн тэтгэгчээр Б.Түмэнзаяа захиралтай ХААН банкны Дорнод аймаг дахь салбарын хамт олон, Ш.Баттөмөр захиралтай “Дорнын гэрэгэ” ХХК, Б.Шатар захиралтай “Адуунчулуун” ХК ажиллалаа.

Энэ жилийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээний онцлог нь Багийн болон цуваа харваагаар зохиогдсон нь байлаа. Орон нутагтаа анх удаагаа Үндэсний сурын багийн тэмцээнийг Улсын аварга шалгаруулах багийн тэмцээний дүрмийн дагуу 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулснаар харваачдын хүрээг өргөтгөх, сум орон нутгийн харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх, чансааг тодорхойлох, шинэ харваачдаа сурган дасгалжуулахад томоохон ахиц гарлаа. Багийн харваанд Спортын дэд мастер Д.Дугарсүрэн ахлагчтай Баяндун сумын баг, Аймгийн мэргэн, спортын мастер Н.Нацагдорж ахлагчтай Дашбалбар сум, Аймгийн мэргэн, спортын дэд мастер Ж.Цэрэнжав ахлагчтай Хэрлэн сум, Аймгийн мэргэн, спортын мастер Д.Игорь ахлагчтай Цагаан-Овоо сум, Аймгийн мэргэн, спортын дэд мастер Ц.Дарийм ахлагчтай Баянтүмэн сумын багууд тус тус өрсөлдлөө.

Багийн харваанд Спортын дэд мастер Д.Дугарсүрэн ахлагчтай Баяндун сумын баг 1-р байр, Улсын мэргэн, Спортын мастер А.Санжмятав ахлагчтай Хэрлэн сумын баг 2-р байр, Спортын мастер Н.Нацагдорж ахлагчтай Дашбалбар сумын баг 3-р байранд тус тус шалгарч цэц мэргэнээ гайхууллаа. Туршлагатай ахмад харваачид өөрийн сум орноос залуу харваачдыг сурган уг тэмцээнд оруулж, туршлага суулгаж байгаагаараа уг тэмцээний ач холбогдол оршиж байгаа юм.
Насанд хүрэгчдийн Цуваа харвааны Эрэгтэйчүүдээс Аймгийн мэргэн, Спортын дэд мастер Л.Баттулга 1-р байр, Спортын мастер Б.Эрдэнэжав 2-р байр, Аймгийн мэргэн Э.Бумчиндорж 3-р байр, эмэгтэйчүүдээс Аймгийн мэргэн,Спортын дэд мастер Э.Оюунжаргал 1-р байр, Аймгийн мэргэн, Спортын мастер Ч.Гандаваа 2-р байр, Залуу харваач Ж. Мөнхнаран 3-р байр эзэллээ.

Өсвөрийн 20 гаруй харваач өрсөлдсөнөөс хөвгүүдээс Хэрлэн сум Ч.Төрболд 1-р байр, Хэрлэн сум Д.Гантулга 2-р байр, Дашбалбар сум О.Балжинням 3-р байр, Дашбалбар сум Ч.Онон 4-р байр, Хэрлэн сум Г.Ганпүрэв 5-р байр, охидоос Дашбалбар сум Г.Гантуяа 1-р байр, Хэрлэн сум Х.Солонго 2-р байр, Дашбалбар сум Б.Отгонзаяа 3-р байр, Хэрлэн сум Б.Баттуяа 4-р байр, Дашбалбар сум Э.Учрал 5-р байранд шалгарч цэц мэргэнээ гайхууллаа.

Энэ удаагийн харваанд нийт 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон нь тус аймагт сурын харваа улам эрчимтэй хөгжиж байгааг илтгэхийн сацуу жил ирэх тусам харваачдын амжилт ахиж, оноо өндөр наадам болж байна. Аймгийн аварга шалгаруулах харваанаас шалгарсан харваачид аймгийнхаа нэрийн өмнөөс Улсын аварга шалгаруулах цуваа харваанд оролцох эрх авсан бөгөөд харваачид бэлтгэлдээ гараад байна.

Аймгийн аварга шалгаруулах Буриад сурын Мож болон цуваа харваа ирэх зургаадугаар сарын 20-24-ны өдрүүдэд Дашбалбар суманд зохион байгуулагдах бөгөөд нийт харваачдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: www.info.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж