Элчин сайд Б.Даваадоржийг шалгаж эхэлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Элчин сайд Б.Даваадоржийг шалгаж эхэлсэн үү?

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадоржийг их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэн тус улсын хууль хяналтынхан шалгаж эхэлсэн тухай “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт мэдээлжээ. Тодруулбал, Монголын нэр бүхий дөрвөн албан тушаалтан таван удаагийн үйлдлээр нийт 201 мянган еврог Б.Даваадоржийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдоод байгаа гэнэ. Герман улсын хуулийн дагуу түүнийг саатуулан шалгах ёстой ч түүний дипломат эрх ямба нь хэргийг үргэлжлүүлэн шалгахад саад болж буй гэх.

Дээрх мэдээллийн талаар Монгол Улсын Тагнуулын ерөнхий газраас “Гадаадад суугаа Монгол Улсын Элчин сайдыг шалгаж байгаа гэх мэдээлэл манайд ирээгүй. Энэ талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраас өгнө” гэх тайлбар өгч байна. Харин ГХЯ-наас “Одоогоор манайд энэ тухай ямар нэг мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

“Өглөөний сонин”-д мэдээлснээр Гадаад харилцааны яамны Азийн газарт III нарийн бичгийн дарга, Австри улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2009 оноос Берлин дэх Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Герман улсад Монгол Улсыг төлөөлөн суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Б.Даваадоржийг германчууд албадан саатуулах гэхээр дипломат эрх мэдэл нь саад болж буй гэнэ. Энэ мэт хэргээс болж өнгөрсөн сард олон улсын санхүүгийн шинжээчид Монголд нууцаар ирээд буцсан, тэд Монгол руу болон Монголоос гадагш хийгдэж байгаа гүйлгээний утгыг тайлах хяналт шалгалтын асуудлаар ирсэн гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж