Шаардлагатай төслийг амжиж хэлэлцэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Шаардлагатай төслийг амжиж хэлэлцэх ёстой гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудал, түүний дотор энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Тодруулбал, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулган, байнгын хороодоор шийдэх юм. “Шударга ёс”  эвслийн бүлгийн хувьд эдгээр төсөлтэй танилцаад хэлэлцэхийг дэмжсэн байна. Хамгийн гол нь дээрх төслүүдийг УИХ-ын чуулган завсарлахаас өмнө батлах асуудалд анхаарах ёстой гэлээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн  гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа, дүгнэлт хийх, цаашдын баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхийн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Дэд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан байна. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг нухацтай авч үзэн, цаашид анхаарах зүйлүүдэд Засгийн газар анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.  Мөн бүлгийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслүүдийг дэмжиж байгаа бөгөөд чуулганы хуралдаан завсарлахаас өмнө батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин УИХ-ын чуулганы хуралдаан завсарлахыг тус бүлгээс дэмжиж байгаа юм байна. Өмнөх 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч мөн 10-14 хоногийн хугацаанд завсарлага авч байсан аж. Тиймээс энэ удаад ч мөн 10-14 хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэрэв чуулганы хуралдааныг завсарлуулах бол батлах ёстой хуулиудаа амжиж батлах нь зүйтэй гэдгийг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж