Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь мэдээлэл нь Хөдөө аж ахуйн биржээр дамжиж арилжаалагдаж байгаа ноолуурын тухай аж. Өнгөрсөн онд нэг кг ноолуурын үнэ 40 мянган төгрөг байсан бол энэ жил 56000-67000 төгрөгийн хооронд хэлбэлзэх болжээ. Энэ нь Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсантай шууд холбоотой, нэг талын үр дүн гэнэ. Өнөөгийн байдлаар 3770 тонн ноолуурыг биржээр дамжуулан үндэсний үйлдвэрүүд авчээ. Өнгөрсөн жил 3600 тонн ноолуурыг малчдаас цуглуулсан байдаг. Тиймээс Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан нь малчдын ахуй амьдралд шууд утгаараа үр дүнгээ өгч эхэлсэн төдийгүй ченжүүдийн өмнөд хөрш рүү ил далд хэлбэрээр гаргадаг байсан ноолуурын хэмжээ ч тодорхой болж эдийн засгийн ил тод байдал сайжирсан тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Ингэхдээ зуучлалын үйл ажиллагааны ашгийн хувь хэмжээ өмнөх жилүүдэд 8-16 хувь байсан бол одоо 1-3 хувь болж буурсан аж. Энэ бол эдийн засаг зөв гольдрол руугаа орж байгаагийн нэг хэлбэр гэж тэрбээр мэдэгдэв. Ирэх намраас Хөдөө аж ахуйн биржээр малыг амьдаар нь дуудлага худалдаанд оруулах ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор малчдыг дуудлага худалдаанд оруулах арга хэлбэр лүү сургах, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг салбар хариуцсан Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь хариуцан ажиллаж, бэлтгэлийг хангах ёстой гэх үүргийг бүлгээс мөн өгчээ.
Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малыг амьдын жингээр нь борлуулж эхэлснээр ирэх оноос махны нийлүүлэлт, үнэд өөрчлөлт орно гэж зарим гишүүд үзжээ. Тиймээс УИХ-ын гишүүд орон нутагт ажиллахдаа анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэр аль суманд байна, хүчин чадал нь ямар болох. Орон нутгийн иргэдийн оролцоотой үйлдвэрийн үйл ажиллагаа ямар явж байна гэдгийг газар дээр нь очиж үзэж, харж судлах ёстой гэж энэ удаагийн хуралдаанаас үзжээ.
Мөн энэ удаагийн хуралдаанаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг ихээр өрнүүлж байгаа Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцээд, хэрэгжилтийг хангах талд холбогдох газрууд ажиллах ёстой. УИХ-ын хувьд баталсан хууль бүрээ санал шүүмжлэл өрнөнгүүт өөрчилдөг байж таарахгүй дор хаяж хагас жил хэрэгжилтийг нь хангуулах ёстой хэмээн үзсэн юм байна. Түүнчлэн ойрын хугацаанд Архины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулах. Ингэхдээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө иргэдээр хэлэлцүүлэх, аль нэг компани, нэг хэсэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийг батлах ёсгүй. Өнөөдрийн бодит амьдралд тулгуурласан хуулийг УИХ-аас батлахын төлөө ажиллах ёстой гэж бүлгийн гишүүд санал нэгджээ.