Тус компанийн ажилчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн цалингаа нэмэгдүүлэх талаар ярьж, хэлэлцэж байсан ч хөрөнгө оруулагчид буюу Хятадын талаас нэмнэ, удахгүй нэмнэ гэснээс өөрөөр хариу хэлээгүй юм байна. Тэрээр хэлэхдээ “Би Дорнод аймгаас сонгогдсон гишүүн. Тиймээс “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн монгол ажилчдын зүгээс надад санал ирсэн. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа аваасай гэж хүсч байна” гэлээ. Мөн ажил хаялт зарласан ажилчид Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатайгаа хамтран хуулийн дагуу ажил хаялт зарлаж байгаа гэдгийг тэрээр онцлов.
Компанийн ажилчид хоёр асуудлаар удирдлагууддаа шаардлага хүргүүлж, ажил хаялт зарласан байна. Тодруулбал, цалин нэмэх, ажлын уртасгасан хоногийг багасгах шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Харин энэ асуудлаар “Петро Чайна” компанийн ерөнхийлөгч Монгол Улсад ирсэн бөгөөд монгол ажилчидтай хэлэлцээ хийх санал тавьсан гэнэ. Ингэхдээ уулзалтыг нийслэлд хийх талаар дуулгасан байна. Гэвч ажилт хаялт зарласан ажилчид уурхайн орчинд ирж, нөхцөл байдалтай танилцаж, тэнд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн монгол ажилчид сард 350-400 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд хятад ажилчдын цалин компанийн нууцын зэрэглэлд хамаардаг аж. Одоогоор тус компанид 600 гаруй монгол, 1061 хятад ажилчин ажиллаж байгаа гэнэ. Гэтэл Засгийн газрын тавдугаар сарын 18-ны тушаалаар 1369 хятад ажилчин нэмж, ажиллуулахаар болсон гэнэ. Уг нь Засгийн газрын 192-р тогтоолоор тус компанийн гадаад ажилчид 75 хувиас дээшгүй байна гэж заасан ч сүүлийн тоогоор 2400 гаруй хятад ажилчин ажиллахаар болжээ.
Тус компани 2012 онд 410 мянган тонн газрын тос импортолсон бөгөөд хоногт 1000 тонн газрын тос олборлох хүчин чадалтай юм байна. Гэвч бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын тал нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ 27 хувийг эргүүлэн авдаг юм байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ асуудлыг Засгийн газар болон холбогдох албаныхан анхааралдаа авахыг хүсч байгаагаа илэрхийллээ.