Хүүхдүүдэд харааны шил тааруулж өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд харааны шил тааруулж өгчээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар “Сити оптик” эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн алслагдсан, захын сургууль болох 107-р сургуулийн 1, 2 дугаар ангийн арван бүлгийн 320 хүүхдэд хараа зүйн үзлэг, оношилгоо үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Үзлэгийн үеэр, анги бүрт дунджаар 6-7 хүүхэд хараа зүйн согогтой болох нь тогтоогдсон бөгөөд нийт 71 хүүхдийг тодотгогч бодистойгоор нарийвчилсан шинжилгээнд дахин хамруулж, харааг нь тогтоон, үнэ төлбөргүйгээр шил тааруулж өгөхөөр болсон байна. 

“Сити оптик” эмнэлгийн эмч О.Золжаргалын хэлснээр хүүхдүүдийн хараа муу байгаа шалтгаан нь эцэг эхийн хяналт муу, урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүйтэй холбоотой гэнэ. Ихэнх тохилдолд хүүхдийг сургуульд орсон хойно самбар дээрх бичгийг харахгүй тохиолдолд л эмчид хандаж, оношлуулдаг байна. Гэвч энэ нь оройтсон байдаг ажээ. Учир нь хүүхдийн хараа 2-7 насанд бүрэлдэн тогтдог. Өндөр хөгжилтэй бусад орнуудын туршлагаас харахад, хүүхдүүдийг багаас нь эхлээд зургаан сар тутамд харааг нь шалгуулдаг байна. Тиймээс хүүхдүүдээ аль болох багаас нь хараа зүйн үзлэгт хамруулж байх шаардлагатайг О.Золжаргал эмч  анхааруулж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тойргийнхоо иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд түлхүү анхаарал тавьж, олон арван ажил зохион байгуулж ирсний нэг нь энэ удаагийн хараазүйн тусламж байлаа. Намраас тойргийнхоо бусад сургууль дээр хараа зүйн үзлэг, оношилгоог үргэжлүүлэн хийх болно гэж Л.Эрдэнэчимэг гишүүний бие  төлөөлөгч хэлж байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж