
Мөн энэхүү хэлэлцүүлгээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд аймгийн нэгдсэн бодлоготой болох талуудын ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг бий болгох, иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, олон талын хамтын ажиллагааг бий болгоход анхаарах юм байна.
Говь-Алтай аймаг нь газар нутгийн хувьд өргөн, уулархаг бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт төдийгүй онгон дагшин газар ихтэй онцлогтой юм.
Сүүлийн жилүүдэд эрдэс баялгийн олон төрөл бүхий ихээхэн нөөц илэрч, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа аймгуудын нэг болж байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл аймгийн эдийн засгийн голлох салбар болох нь тодорхой болж байгаа тул тус салбарыг хөгжүүлэхдээ байгалийн эко-систем, биологийн төрөл зүйлийг хамгаалах, тэдгээрийн орчныг доройтуулахгүй байх, хүн малын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган хамгаалах, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл явуулах замаар тогтвортой хөгжлийг хангах, бодлого стратеги боловсруулан баримтлах нь нэн тулгамдсан асуудал болж байна.
Аймагт 1970 оноос эхлэн нүүрсний ордын хайгуул хийж нөөц тогтоогдсоноор Төгрөг сумын Хүрэн гол, Маант, Чандмань сумын Зээгтийн нүүрсний уурхайг 40 гаруй жилийн турш ашиглаж ирсэн. Сүүлийн таван жилд төмрийн хүдэр, алт, нүүрсний олборлолт хийснээр уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Энэ нь аймгийн хөгжилд тодорхой хувьд нэмэр оруулж байгаа билээ. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2013 оны нэгдүгээр улирлын мэдээгээр манай аймагт ашиглалтын 16, хайгуулын 164 тусгай зөвшөөрлийг 100 гаруй компани эзэмшиж байна.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангахдаа олборлох үйлдвэрлэл түүнд оролцогч олон талууд, хөгжлийн үр шимийг хүртэгч бүлгүүдийн оролцоо, хамтын ажиллагаа түншлэлийг үр дүнтэй хангах замаар үр дүнд хүрэхийг дэлхийн олон улс орон бодлогын үндсэн хэлбэр, зарчмаа болгож байна. Засгийн газраас баримталж буй үндсэн зарчим шууд ардчиллыг төлөөллийн ардчилалтай хослуулан, оролцооны сайн засаглал бүхий нийтийн удирдлагад шилжиж байна. Мөн байгалийн нөөцийн ашиглалтад оролцогч талуудын оролцоог жигд хангах, нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэх, үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх нь уул уурхайн олборлолт эрчимтэй явагдаж буй энэ үед маш чухал ач холбогдолтой байгаа билээ. Иймд Говь-Алтай аймгийн хувьд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааг анхнаас нь нэгдсэн бодлогоор чиглүүлэх шаардлага байна. Иймд эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын ил тод нээлттэй байдлыг бүх төвшинд хангах хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтээ тайлагнах, олон нийтээр хэлэлцүүлэх, оролцогч бүлгүүдийн оролцоо, хамтран ажиллах эрх зүйн орчныг хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн захиргаа, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгааг нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцоллоо.