Ажилтай, орлоготой хэн ч “Аман хуур”-ын хоёрдугаар ангид дүр бүтээж болох юм байна. Танай өрхийн дундаж орлого сард нэг сая төгрөгт хүрдэг бол киноны “уран бүтээл”-ийн багт ногоон гэрлээр орох магадлал туйлаас өндөр. Хэрэв та ганц бие бөгөөд сарын орлого нэг сая төгрөгт хүрэхгүй байвал давхар ажил эрхлэх, албан тушаал ахих, цалингаа нэмүүлэх талаар анхаарах хэрэгтэй болох нь.
Мөн орлогоо нэмэхээс гадна үрэлгэн зангаа засах сэдэл төрөх аваас болохгүй юм үгүй. Энэ нь Монголбанкны хэлээд буй ипотекийн зээлийн нэг давуу тал аж. Ипотек буюу моргейж нь нэг еэвэнгийн хоёр тал буюу агуулга, чиг зорилго ижил болохыг нийтлэлийнхээ эхэнд тэмдэглэе. Та төрийн албан хаагч, аль нэг намын гишүүн байхаас үл хамаараад орон сууцтай болох үүд нээлттэй болсныг хэлэхэд таатай. Жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлийн багц удахгүй задарна.
Нэг: Орлогын түвшин хүрч байвал хэн ч ипотекийн зээлд хамрагдах боломжтойг дээр дурдсан. Танил тал хайх шалтгаан энд гарахгүй. Заавал анх удаа байранд орох хүсэлт гаргах зэрэг илүү дутуу “хүнд суртал”, элдэв янзын цаас ипотекийн хэмжүүр лав биш. Хамгийн гол нь ажилтай, орлоготой байхад ипотекийн зээл танд ойрхон. Мэдээж иргэн бүрт бэлэн мөнгө байх эсэх нь харилцан адилгүй. Тиймээс хуримтлал цуглуулах цаг хугацаа хангалттай бий. Түүнчлэн адгаж яарсан ч оройтохгүй гэсэн үг.
Та худалдан авах орон сууцныхаа үнийн дүнгийн 30 хүртэлх хувийг урьдчилгаа байдлаар төлөх үүрэгтэй. Дан ганц 30 хувийг мөнгөн төлбөр гэхгүйгээр газар, үл хөдлөх хөрөнгө, орон сууцаар орлуулан барьцаалах боломжтой. Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох замаар иргэдээ орон сууцжуулах уг хөтөлбөр урьдын явдлуудаас тэс өөр. Тиймээс 40 мянга, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэж андуурч болохгүй.
Иргэн бүр орон сууцтай болох гэсэн олон жилийн хүлээлт тэсрэх ч нийлүүлэлтийн талын хүчин зүйлийг Монголбанк хамтад нь үүрч яваа. Эрэлтээс үүдэн барилгын үнэ өснө гэж тэвдэх нь цагийн гарз. Учир нь Үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын, тэр тусмаа орон сууцны барилгын нийлүүлэлтийг гурван сувгаар дэмжиж байгаа юм. Нөгөө талаас нийлүүлэлттэй уялдуулан эрэлтийг дэмжих бөгөөд 800 тэрбум төгрөгийг шат дараатайгаар орон сууцны барилга барихад гаргах аж. Үүний эхний ээлжийн санхүүжилт аль хэдийнэ арилжааны банкны дансанд шилжсэн гэдгийг дуулгая.
Товчхондоо, хамгийн эрсдэл багатай, сайн нөхцөлтэй, баталгаатай, урт настай орон сууцны хөтөлбөрийг Төвбанк санаачилж байгаа нь энэ. Тиймээс Засгийн газар дэмжсэн хэрэг. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг өмнөө тавьсан гэдгийг та бид мартаж болохгүй.
Хоёр: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 66 хувь буюу 316 мянган өрх айл гэр хороололд, үлдэж буй 33 хувь нь орон сууцанд амьдарч байна. Монголбанкны зориод буй хөтөлбөрийн чин хүсэл нь дээрх харьцааг ойртуулах, гэр хорооллоо орон сууцаар солих явцыг түргэсгэх явдал. Аль ч Засгийн газрын үед дундаж давхаргыг хөрөнгөжүүлэх тухай ярьдаг. Гэвч бодит үйл хэрэг болсон нь цөөн. Тэгвэл дундаж давхарга ипотекийн зээлд хамрагдсанаар орон сууцтай болох хүсэл биелэлээ олоход ойртоно гэсэн үг.
Орон сууцтай болсноор дундаж давхаргын амьдралд төдийгүй нийт эдийн засагт эргэлдэх мөнгөний 30-40 хүртэлх хувь нь лангуунд бус нэг сан /нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх/-д төвлөрнө. Энэ нь үнийн өсөлтийг хямгадах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэг түвшинд хадгалах сайн талтай. Өөрөөр хэлбэл, монголчууд хэмнэлттэй, хариуцлагатай амьдрах, хуримтлал үүсгэх, цаашилбал, улсынхаа эдийн засгийг дэмжих бас нэгэн “Оюутолгой” болох юм.
Угаас бидний авч байгаа цалингийн олонх нь бараа бүтээгдэхүүнийг эрэлтийг өдөөж, үнийн өсөлтийг хөөрөгдөж орхидог гэмтэй. Энэ нь дунд болон урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж, инфляци өсөх үндсэн шалтгаан болдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ипотекийн зээлд хамрагдсан хэн ч болов үр ашиг багатай тансаг хэрэглээнээс татгалзах нь гарцаагүй.
Гурав: Манай улсын хувьд ипотекийн зээл олголт 2003 оноос эхэлжээ. Тухайн үед ипотекийн зээл нийт зээлийн 1.3 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 12.1 хувьтай тэнцэж байна. Ипотекийн зээл гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан, зээлдэгч нь урьдчилан тодорхойлсон тодорхой хэмжээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн зээлийг хэлэх аж.
Үүнээс гадна ипотекийн зээлээс чанаргүй зээл бараг гардаггүй, эргэн төлөлт сайтай зээлийн багцад ордог. Энэ нь арилжааны банкуудад итгэл төрүүлэхийн сацуу эдийн засагт нэн таатай хөрсийг бүрдүүлдэг байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээний ипотекийн зээл байгааг албаны хүн хэллээ. Энэхүү хэмжээ нь тун бага үзүүлэлт болохыг тэрбээр онцолсон юм. Учир нь дэлхийн ихэнх орнуудад ипотекийн зээл ДНБ-ий 40 -өөс дутуугүй хувийг эзэлдэг байна. Ингэснээр инфляци жилийн 1-2 хувийн өсөлттэй буюу тогтвортой байдаг аж.
Тухайлбал, Япон улсын моргейжийн зээл 2011 оны байдлаар ДНБ-ий 40 хувьтай тэнцэж, инфляцийнх нь жилийн өсөлт нэг хувиас хэтрэхгүй байх жишээтэй.
Дөрөв: Монголбанкийг хэлбэр талаас нь Засгийн газрын ажлыг хийж байна гэж хардаж болохоор. Гэвч үнэн хэрэгтээ санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцийг нам түвшинд барих, дундаж давхаргыг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг урт хугацаанд авч үлдэхийн тулд дээрх алхмыг хийж буй хэрэг. Тиймээс орон сууцны хөтөлбөр найдвар, хүлээлт тээсээр.
Гэр хороололд амьдрах иргэн бүрийн "Монгол мөрөөдөл"-ийн нэг нь амьдрах ая тухтай нөхцөлийг хангасан тохилог орон сууцтай болох. Түүнийг өөрсдөө бүтээх үйл хэрэг нь бидний гарт шилжин ирж байна. Эрүүл монгол хүний эдийн засгийн баталгаа нь орон сууц. Тэгвэл эрүүл монгол хүнийг аврах гарц нь орон сууцжуулах хөтөлбөр юм. Тиймээс дээр өгүүлсэн асуудал бол одоо маргах бус хамтдаа бүтээх дахин сэргэлт.
Нийслэлийн дөнгөж 6.2 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан гэсэн судалгаа бий. Өөр нэгэн судалгааг сонирхуулахад, Монгол Улсын дундаж давхаргыг Моргэйжийн түвшнээр судлахад 37 өрх тутамд нэг ипотекийн зээлдэгч, таван өрх тутам нэг орон сууц ногдож байна гэсэн дүгнэлт гарчээ.
“Аман хуур”-ын хоёрдугаар анги буюу орон сууцжуулах хөтөлбөрийн журам ирэх сарын эхээр тодорхой болох аж. Тухайн үед асуудал улам тодорч, эргэлзээ арилна биз ээ.