Хүүхдийн авьяас билгийг нээсэн 21 алдартан багш нараас Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, УГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн нар хэл, өгүүлэхүй, уран зохиолын авьяастай хүүхдийг олж нээхэд хувь нэмрээ оруулсан аж.
МУБИС-ийн технологийн багш Д.Сэрээнэндорж, зураач н.Эрдэнэбат, Ж.Батбаяр нар дүрслэх урлагийн чиглэлээр хүүхдүүдтэй ажиллажээ. Харин спортын төрөлд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Д.Солонго, ОУХМ боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн нар багшилжээ. Хөгжим, хэмнэлийн авьяасыг нээхэд хөгжмийн зохиолч “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ажилтан, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэчулуун нар хувь нэмрээ оруулсан байна. Тоо, техник, логик харилцааны авьяастай хүүхдийг амьтан тэжээгч Ц.Одбаяр, зохион бүтээгч Б.Амарбат, шатарчин М.Гүнбаяр нарийн хүмүүс хичээллүүлжээ.Тэд ямар нэгэн авьяас нь илэрсэн хүүхдүүдийг сонгон авч хичээллүүлээгүй бөгөөд өмнө нь тухайн төрлийн секц дугуйланд явж байгаагүй хүүхдүүдтэй ажилласан бөгөөд зарим хүүхдүүд нь дүүрэг, нийслэлийн аварга болоод амжжээ. Хүүхдүүд юу сурсан, ямар уран бүтээл хийж чаддаг болсноо хүүхдийн ордны тайзнаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр болон эцэг, эхчүүд, үеийнхэндээ үзүүлсэн юм. Тухайлбал УГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бяцхан шавь нар “Хүн чанар” хэмээх богино хэмжээний кино үзүүлж байсан бол “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын шавь нар амьд хөгжмийн хамтлаг болж чадсан гэдгээ харуулсан.
Энэхүү хөтөлбөрт хөдөө орон нутгаас Дундговь, Говьсүмбэр аймгууд оролцсон бөгөөд Говьсүмбэр аймгийн зохион бүтээгч багш Б.Амарбатын шавь нар өөрсдийн зохион бүтээсэн тоосго үйлдвэрлэх төхөөрөмжөө авчирч тайзан дээр тоосго хэвлэн Л.Гантөмөр сайдад гардуулав. Мөн баримлаар хун шувуу хийж, тосон будгаар байгалийн сайхныг зурж үзүүлсэн нь үзэгч олноос нижигнэсэн алга ташилт хүртсэн юм.
Ийнхүү 21 алдартан багшийн секц, дугуйланд 2000 хүүхэд хамрагдсанаас 500 нь тайзан дээр юу сурснаа үзүүлсэн. Харин хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд энэ хичээлийн жилд дугуйлан секцэнд хамрагдсан хүүхдүүд хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан байлаа. Тэдний дунд Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэгийн сурагч дөрвөн настай М.Энхжин, Б.Баярмаа, Б.Мишээл нар шүрээр хэлхсэн өөрсдийн дүрсээрээ үзэсгэлэн гаргасан нь ёстой л хүн бүрт авьяас бий гэдгийг илтгэж байв.
Энэ үеэр мөн ахлах ангийн хүүхдүүд тавгийн идээний цар, шагайны хайрцаг, сүүн цацлын халбага зэрэг сийлбэр бүтээлээ дэлгэсэн байлаа. Бид Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Б.Ням-Очироос уран бүтээлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Сийлбэрийн урлагаар хэзээнээс хичээллэж эхлэв?
-Энэ хичээлийн жилээс хичээллэж эхэлсэн.
-Танай дугуйланд хэдэн хүүхэд суралцдаг вэ?
-Манай сургуулийн технологийн багш Баярсайханы дугуйланд 20 гаруй хүүхэд байдаг.
-Чиний хийсэн бүтээлээс энэ үзэсгэлэнд юу юу байна вэ?
-Эвтэй дөрвөн амьтан, дөрвөн бэрхийн хайрцаг, цацлын халбага байгаа.
-Эвтэй дөрвөн амьтны сийлбэрийг хийхэд хэд хоног зарцуулсан бэ?
-Хоёр долоо хоног.
-Сийлбэр хийхэд хүндрэлтэй юу?
-Хутга иргүй бол сийлбэр хийхэд хүндрэлтэй байдаг. Мөн хатуу модон дээр сийлбэр хийх хэцүү. Гэхдээ биднийг хатуу модон дээр сийлбэр хийлгэдэггүй юм.
Технологийн чиглэлээр хичээллэж тэр чиглэлээрээ их сургуульд сурах урилга аваад буй Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Г.Цэдэндоржтой уулзлаа.
-Юуны өмнө их сургуулийн урилгаар шагнуулсанд баяр хүргэе. Хаанаас урилга авсан талаараа яриач?
-Баярлалаа. Би усан онгоцныхоо бүтээлээр энэ жилийн олимпиадад оролцож I байр эзэлсэн. Тэгээд ШУТИС-ийн урилга авлаа.
-Ямар мэргэжлээр суралцахаар болов?
-Иргэний ба үйлдвэрийн барилгын ангийг сонгосон.
-Чиний бүтээсэн энэхүү онгоцны давуу тал нь юу вэ?
-Онгоцыг бүтээхэд таван сар гаруй хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд их зүйлийг багшаасаа сурсан. Бидний бүтээсэн энэхүү онгоц радио удирдлагаар усан дотор явдаг. Цаанаасаа тавьсан замыг сүлжиж оноо авдаг. Тавьсан саадыг шүргэсэн тохиолдолд оноо хасагдана. Манай онгоцыг хамгийн холдоо 500 метрийн зайнаас удирдах боломжтой. Онгоцны их биеийг модоор хийсэн. Дээд талыг нь бүгд нимгэн төмөр металлаар хийсэн.
Ийнхүү монгол хүүхдүүд юу хийж бүтээж чаддагаа олонд таниулсан нэг өдөр үзүүштэй шинэлэг зүйлүүд олон байсан юм. Хүн бүрт авьяас бий. Харин түүнийгээ олох, хөгжүүлэх, тэтгэх нь юу юунаас илүү чухал шүү хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захиасаар энэхүү сурвалжилгаа өндөрлөж байна.