МАН чуулганыг завсарлуулах шаардлагагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.27-нд нийтлэгдсэн

МАН чуулганыг завсарлуулах шаардлагагүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар хэлэлцсэн байна. Тус бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор УИХ-ын нэгдсэн чуулганыг завсарлуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “ МАН-ын бүлгээс хэлэлцэх ёстой олон хууль өргөн барьсан. Гэвч чуулган завсарлаж хугацаа алдах нь буруу гэсэн байр суурьтай байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй чуулган завсарлах бололтой байна. УИХ-ын үйл ажиллагаа сонгуулийн үйл ажиллагаанаас ангид байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулиас болж завсарлуулах шаардлагагүй” гэсэн юм.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Компанийн тухай хуулийн төслийн талаар санал солилцож, хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү хуулийн төсөл өмнө нь байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг аваагүй ч УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн юм байна.

Мөн МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын эдийн засгийн  гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа, дүгнэлт хийх, цаашдын баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхийн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан байна. Тус дүгнэлтээр ойрын үед эдийн засаг хүндэрнэ гэдэг судалгаа гарсан. Энэ асуудалд тал талаасаа саналаа нэгтгэж, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэлээ. МАН-ын зүгээс өмнө эдийн засагт учрах хүндрэл, гарах арга зам зэрэг олон асуудлыг бид илэрхийлж байсан ч Засгийн газар барьж буй эрх баригчид үл ойшоож байсан гэдгийг онцолсон юм. Түүнчлэн нийгмийн хамгааллын шинэчлэлийн асуудлаар С.Эрдэнэ сайд маргааш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд мэдээлэл хийнэ. Үүнэтэй холбогдуулан МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуулга хүргүүлэхээр бэлтгэсэн юм байна. Хамгийн чухал асуудал нь иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байгаа нь асуудал болж байгаа талаар тодруулга авах гэнэ.

 Мөн Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлд дээр ажиллах ажлын хэсэг гарсан. Энэ хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай байгаа тухайгаа холбогдох албаныханд дуулгасан гэлээ. Түүнчлэн МАН-ын бүлгээс “Эрдэнэс тавантолгой” компанийн тендерийн үнэлгээний талаар ирүүлсэн албан бичгийг АТГ-т өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд хүргүүлсэн, үүний дагуу АТГ-аас шалгаж, “Эрдэнэс тавантолгой” тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн талаараа энэ сарын 22-ны өдөр албан тоот ирүүлсэн гэдгийг мэдээлэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Эрдэнэс тавантолгой”-н тендертэй холбоотой асуудал дээр бүлгээс гурван гишүүн  шалгаж үзэхэд ноцтойгоор хууль зөрчсөн асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг АТГ  шалгаж үзээд Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлдээ бид бас энэ тендертэй холбоотой асуудлыг ярьж байсан” гэлээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “УИХ дахь МАН-ын бүлгийн тавьж байсан асуудлууд үндэслэлтэй байгаа учраас цаашид гүнзгийрүүлж ажиллана” гэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж