Пирло: Гарааны шугамаас бүхнийг эхлүүлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Пирло: Гарааны шугамаас бүхнийг эхлүүлэх хэрэгтэй

2006 оны дэлхийн аваргад Италийн шигшээ “Алтан дагина”-ын эзэн болоход Ганын багийн эсрэг хийсэн нээлтийн тоглолт болон хагас шигшээд Германтай, мөн финалд Францын багтай хийсэн тоглолтод FIFA-гийн техникийн судалгаа баг Андреа Пирлог шилдэг тоглогчоор нэрлэж байсан удаатай. Энэ амжилт, гавьяаныхаа дүнд “АС Милан”-ы хагас хамгаалагч тэрбээр ДАШТ-ий хүрэл бөмбөгийн эзэн болсон билээ. Харин тухайн жил Францын шигшээ багийн тоглогч Зинедин Зидан алтан бөмбөг хүртсэн бол “Аззури”-д хамтран хүчин зүтгэгч Фабио Каннаваро мөнгөн бөмбөгөөр шагналын өрөөгөө чимэх болсон юм.
Тэр цагаас хойш дөрвөн жил улиран одож, ердөө 10-хан хоногийн дараа FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээх гэж байна.
Шилдэг 32-ын өрсөлдөөний өмнө FIFA.com Пирлотой ярилцсаныг толилуулъя.
-Андреа, дөрвөн жилийн өмнө том хүү чинь балчирхан жаал байсан. Харин энэ жил дэлхийн аваргын бас нэгэн үнэнч фанат нь байна гэж бодож байна. Хөлбөмбөгийн энэ агуу наадмыг хүүхдийн нүдээр харах ямар байдаг бол?
-Никколо хүү маань хэдхэн хоногийн дараа долоон нас хүрнэ. Одоохондоо хүү маань Италийн лиг болон Аваргуудын лигийг их сонирхож байгаа. Харин ДАШТ-ий талаарх ойлголт, төсөөлөл нь балчирдаж байгаа гэж бодож байна. Гэхдээ зургаа, долдугаар сард тэр энэ агуу тэмцээний ид шидийг ойлгон мэдэрч, цаашид үүрд хөлбөмбөгийн дэлхийн аваргад дурлана гэдэгт итгэлтэй байна.
-Та өөрөө жаалхүү байх үеийнхээ дэлхийн аваргын дурсамжаасаа хуваалцаач?
-Би 1986 оны Мексикт болсон дэлхийн аваргыг бүдэг бадаг санадаг юм. Тэр үед италичууд нэлээд эрт тэмцээнээ дуусгасан. Харин 1990 оны ид шидийн гэмээр гайхалтай мөчүүдийг маш тод санаж байна. Төрөлх нутагт маань болсон тэр тэмцээний гайхалтай, ер бусын уур амьсгал үнэхээр үгээр хэлэхийн аргагүй байсан. Би тэр зуныг хөлбөмбөгийн тоглолт үзэж өнгөрүүлснээ маш тод санадаг юм. Миний насныхан хэрхэн яаж баярлаж байсан, түүн шиг л байсан байх. Харамсалтай нь, италичууд эх нутагтаа финалдаж чадаагүй. Тэр үед Герман түрүүлж байсан юм.
-Харин түүнээс хойш 16 жилийн дараа, тэр харамслыг биеэрээ мэдэрсэн хүүхдүүд, өсвөр насныхан, өөрөөр хэлбэл 1970-1983 оны хооронд төрсөн тоглогчид Германыг хагас шигшээ тоглолтод нутаг дээр нь хожиж, финалдаад зогсохгүй, “Алтан дагина”-ыг гэртээ авчирсан шүү дээ?
-Миний хувьд амьдралынхаа туршид хэзээ ч мартаж чадахааргүй тийм л гайхалтай мөч байлаа. Цэнгэлдэх дүүрэн Германы машинуудын хөгжөөн дэмжигчдээр хүрээлүүлсэн байхад нэмэлт цагийн эцсийн минутад гоолдож, ялалт байгуулахаас илүү зүйл гэж юу байхав. Тэр тэмцээнээс үлдсэн бас нэг гайхалтай мөч гэвэл Берлин хүрэх замдаа шөвгийн 16-д Австралийн хаалганд хийсэн Тоттигийн торгуулийн цохилт. Бас л тоглолтын эцсийн мөчид ялалт авчирсан гоол байсан юм. Бид талбай дээр 10-уулаа байж байгаад тийм онцгой байдлаар хожсон нь гайхамшигтай. Германд дэлхийн аваргын уур амьсгал үнэхээр онцгой байсан, талбайн гадна ч гэсэн. Энэ жил ч гэсэн гайхамшигтай болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа Хар тивд зохиогдох гэж байна. Энэ талаар?
-Би Өмнөд Африкийн багийн талаар өнгөрсөн жилийн Холбоотны цомын тэмцээний үеэр л мэдэрсэн гэх үү дээ. Гэхдээ надад үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Энэ жилийн ДАШТ үнэхээр хүчтэй, олон үзэгчдийг цуглуулж чадна гэж бодож байна. Магадгүй өвөл болсон бол илүү зүгээр ч байсан байж болох юм. Учир нь зуны улиралд тэнд маш халуун шүү дээ. Харин өндрийн төвшний тухайд бид далайн төвшнөөс дээш харьцангуй өндөрт орших Сестриере хотод тусгай бэлтгэл хийж байсан болохоор ажрахгүй давна гэж найдаж байна.
-Аль улсын баг өндөр амжилт гаргана гэж бодож байна? Бас ямар тоглогч 2010 оны дэлхийн аваргад амжилттай тоглох бол?
-Би хувьдаа Англи, Бразил бас Испанийг нэрлэнэ. Харин тоглогчдын тухайд Испанийн хагас Хави, Английн Уейн Рүүни.
-Тэгвэл Итали, бас Италийн тоглогчдын тухайд?
-Сонгон шалгаруулалт дажгүй болж өнгөрсөн. Бид гал бадрааж чадаагүй ч бидний тоглолт манай улсын шигшээ багийн уламжлалт арга барилаас гадна таамагтай төдийлөн зөрөөгүй гэж бодож байна. Ямартай ч бид нэг тоглолтын нөөцтэйгээр Өмнөд Африк явах тасалбараа захиалсан, яг л дөрвөн жилийн өмнөх шиг. Энэ жил бид дэлхийн аваргын хувиар эргэн ирж байгаа нь гайхалтай. Гэхдээ бид бүхнийг гарааны шугамаас эхлүүлэх хэрэгтэй. Миний сонссоноор түрүүлэх магадлалтай багуудын тоонд бид багтаагүй байна лээ.
-Хэрэв танд хүссэн нэг тоглогчоо Өмнөд Африк руу авч явах боломж байсан бол хэнийг сонгох байсан бэ?
-Би Алессандро Нестаг ятгах гэж хичээсэн боловч дийлээгүй. Олон улсын хөлбөмбөгийн тавцанг орхисон түүнийг багтаа эргэж ирэхийг эцсээ хүртэл ятгасан боловч харамсалтай нь түүний гэмтэл саад болсон. Гэхдээ иймэрхүү шийдвэр бол хувийн чанартай, эцсийн шийдвэр гаргахад хэцүү байдаг. Харин миний хувьд бол аль болох удаан хугацаанд шигшээ багтайгаа хамт байхыг хүсч байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж