
FIFA-д элссэн он: 1961
Нийслэл: Ямусукро
Холбооны ерөнхийлөгч: Жак Анума
Ерөнхий дасгалжуулагч: Свен Горан Эрикссон /Швед/
Багийн ахлагч: Дидье Дрогба
Шигшээдээ олон тоглосон: Дидье Зокора – 78
Олон гоол оруулсан: Дидье Дрогба – 43
Одоогийн чансаа: 25
Хамгийн өндөр чансаа: 16 /2009 он/
Анхны тоглолт: Кот Д’Ивуар 3:2 Дахомей /одоогийн Бенин/ – 1960 он
Хол зөрүүтэй ялалт: Кот Д’Ивуар 6:0 Мали /1985 он/
Хол зөрүүтэй хожигдол: Кот Д’Ивуар 2:6 Гана /1971 он/
Хоч: Заанууд
Амжилт: 1992 оны Африк тивийн аварга
Түлхүүр тоглогч: Дидье Дрогба
Дэлхийн аваргаар “тэсрэх” магадлалтай тамирчин: Жервиньо
Африк тивийн хамгийн хөгжилтэй улс ӨАБНУ-ын боомт Кэйптаунд (Африкийн хамгийн том боомт хот) 2009 оны 12 сарын 4-ны өдөр нэг сарын турш ертөнцийн чихийг дэлдийлгэдэг хөлбөмбөгийн дэлхийн аваргын сугалаа орон нутгийн цагаар 19:00 цагт эхэллээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилын хэсэгт, эрхээ авсан 32 багаас хамгийн муу буюу чансаагаараа 91-т бичигдэж буй БНАСАУ-ын баг орж ирэв. Гуравдахь потны багуудаас, бүгдийн жийрхэж байгаа бидний нэрлэж заншсанаар “Зааны ясан эрэг” буюу Кот Д’Ивуарын баг орж ирлээ. Мэдээж Португаль дараа нь нэмэгдсэн. Анхаарал G хэсэгт чиглэж байсан нь ойлгомжтой байж, үхлийн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ үхлийн гэдэг үгийг бий болгосон баг бол яах аргагүй Кот Д’Ивуар юм. Тэд дөрөв дэх удаагаа хатуухан сугалаа татсан нь энэ. Өмнө нь 2006 оны дэлхийн, 2008 оны олимп, 2010 оны тивийн аварга дээр үхлийн хэсэгт орж байсан. “Энгийн” хэсэгт орох хувь энэ удаа ч дутлаа. Эхлээд тэдний нэрнээс эхэлье. Кот Д’Ивуар гэдэг нь Францаар “Зааны ясан эрэг” гэсэн утгатай бөгөөд англиар Ivory Coast, монголоор Зааны ясан эрэг гээд шууд орчуулаад байгаа юм. Мэдээж энэ бол буруу. Манай улсын нийслэлийг Red Hero гэвэл сайхан сонсогдохгүй л байх. 1985 онд Кот Д’Ивуарын Засгийн газраас манай улсын нэрийг битгий орчуулаач ээ гэсэн хүсэлтийг тавьсан ч зарим улс үндэстэн орчуулсан хэвээр байна. 2006 онд хүчирхэг бүрэлдэхүүнтэй, олон улсын тэмцээний туршлага дутуу Аргентинаас харьцангуй илүү байсан ч хожигдсон. Яг үүнтэй адил явдал хоёр жилийн дараа олимпийн наадамд мөн л тохиолдож, Аргентинаас тоглолтоор хамаагүй илүү байсан Жервиньо, Калу, Н Госсан тэргүүтэй залуу “Заанууд” мөн л 2:1-ээр хожигдсон түүхтэй. Харин одоогийн Кот Д’Ивуарын шигшээ багийн талаар сонирхъё.
Багийн бүрэлдэхүүний хувьд хаалгачаас бусад байрлалд зарим топ багуудыг ичээмээр. Одооны хүчирхэг бүдэлдэхүүн 2000 оны эхэн үеэс л гарч ирсэн. Кристиан Манфрэдини (Кот Д’Ивуарт төрж, итали гэр бүлд үрчлүүлсэн) хэмээх зүүн жигүүрийн хагас хамгаалагч “Лацио” клубт тоглох болж улмаар Дрогба, Коло Турэ, Бонавэнтурэ Калу, Аруна Динан гэсэн нэрс үе үе сонсогдох болжээ. Жил ирэх тусам нэрнүүд “чанаржиж”, тоо нь ч олон болж ирэв. Дэлхийн аваргын өмнө хэн ч танихгүй африкчууд цахиур хагалах хэмжээнд очдог байсан бол Кот Д’Ивуар огт өөр. Хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй 1998 онд Францад тоглож байсан Нигерийн шигшээ багаас илүү байна.
Шинэ дасгалжуулагчтай болсон Кот Д’Ивуар анх удаагаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, танил нэгэн ирж байгаа нь Свен Горан Эрикссон. Сайн дасгалжуулагч, сайн шигшээ сул тал багатай болж, том багуудад тоглодог тамирчид тактикийн тал дээр толгой ажиллахгүй, техник хүрэхгүй, орон зай, талбайн мэдрэмж, тоглолт уншилт, тактикийн уян хатан солбилцол дээр үл ойлголцол гарах нь бага болно. Сайн довтлогч, жигүүр, найруулагч, хамгаалагч, цэвэрлэгч, жигүүрийн хамгаалагчид, багийн ахлагч байна. Сул тал хаалгач. Бубакар Барри хэмээх Бельгийн лигт тоглодог тоглогч хаалга манах нь тодорхой бөгөөд 2006 оны дэлхийн аваргад Жин Жак Тизьегийн сэлгээнд байсан. Баруун жигүүрийн хамгаалалтанд нэг номерийн сонголт “Арсенал”-ын Эммануэль Эбуэ байгаа ч, “Хамбург”-ийн Ги Демелийг тоглуулаад, Эбуэ баруун хагас хамгаалагч хийх хувилбар ч байж болно. Төвийн хамгаалалтад КолоТурэтэй “Вэст Бромвич”-ийн Абдулае Мэйте, “Валенсиенн”-ийн Бенжамин Ангуа хоёрын нэг тоглож, зүүн хамгаалагчаар Роберто Карлосын Африк хувилбар Артур Бока тоглох магадлалтай.
Дөрвөн хагас хамгаалагчтай тоглохоор бол төвд “Севилья”-гийн Зокора, “Барселона”-гийн Яаяа Туре, баруунд Францын лигийг бужигнуулжбайсан Кадер Кейта эсвэл Эбуэ, “Арсенал”-ын тоглогч тоглохоор болвол хамгаалалт эрс сайжирна. Зүүнд Саломон Калу, Канга Акалэ нарын нэг тоглож болох юм. Довтолгоонд Дрогба болон зуны цонхоор том багууд авахаар хөөцөлдөж буй Жервиньо гэсэн хувилбарыг дасгалжуулагч сонгож болно. Эсвэл төвдөө ганц баг Дрогбаг тоглуулаад хоёр талд нь Кейта, Калу тоглож, төвийн хагас хамгаалалтан дээрээ Бонавентурэ Калу, Кафумба Кулибали болон Английн экс Стив МакЛарений удирдлагад Голландын “Твенте”-д тун сайн тоглож байгаа Чейк Тиотег гаргаж болох юм. Ур чадвар өндөртэй гол тоглогчид дээрээ тулгуурлан тактик зохиох нь ойлгомжтой биз. Мөн 2006 оны үндсэн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт гараагүйгээр барахгүй харин туршлага, ур чадвар, сэлгээний тамирчид нь илт сайжирсан. Шинэ дасгалжуулагчаар Свен Горан Эрикссон томилогдсон учир тактик, бүрэлдэхүүний талаар ямар байх нь тодорхойгүй байна. Дэлхийн аваргын өмнө хэд хэдэн нөхөрсөг тоглолт хийх ч, нууцлаг байдалд орсон нь өрсөлдөгчдийн санааг зовоож /нууцлаг байх нь тэдний давуу тал болж байна/, эхний Португальтай хийх тоглолтод сюрпризээр бэлэг барьж болох юм. Бараг барих биз дээ. Харин яаж?
Түлхүүр тоглогч: Дидье Дрогба:
1978 оны гуравдугаар сарын 11-нд Абижан хотноо төрсөн. Өнөр өтгөн гэр бүлээс гаралтай Дрогба 18 насандаа “Ле-ман” клубт анхныхаа тоглолтыг хийсэн боловч 21 насандаа дөнгөж анхныхаа мэргэжлийн гэрээг хийжээ. 2002-2003 оны I улиралд лигийн “Генгам” клубт тоглон, 34 тоглолтод 17 гоол оруулж, тэр жилээ шигшээ дэх анхныхаа тоглолтыг хийсэн байна. Үүний дараа “Олимпик Марсель” клуб түүнийг 3,3 сая фунтээр үнэлэн худалдан авч, Дрогба ч 19 гоол хийж, мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж, УЕФА-гийн цомын тэмцээний шигшээд шалгарчээ. Дараагийн улиралд “Челси” клуб түүнийг 24 сая фунтээр худалдан авч, Премьер лигт түрүүлсэн байна. 2006 он гэхэд Дрогба дэлхийн хамгийн аюултай довтлогчдын нэг болж, лигтээ дахин түрүүлэн, шигшээ багаа анх удаа ахалжээ. 2006 оны ДАШТ-д оролцон, Кот Д’Ивуарын багийн түүхэн дэх анхны гоолыг оруулан, улмаар тэр оныхоо Африкийн оны шилдэг хөлбөмбөгч болов. 2006-2007 оны улиралд 20 гоолтойгоор мэргэн бууч болж, ФА цомын аваргаар шалгарчээ. Дрогбагийн биеийн хүчний тоглолт хамгаалагчдын шүдний өвчин болж, залуу довтлогчид түүний бөмбөг хүлээн авах техникт суралцсаар байна. Талбайн гадна Дрогба буяны үйлсээрээ алдартай бөгөөд 2007 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Африк дахь Сайн санааны элчээр томилогдсон. Мали гаралтай эхнэр Алла болон гурван хүүхдийн хамт амьдардаг.
Б.Батзаяа