Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Aвтомашины хот Autostadt

Германы Вольфсбург хотод асар том автомашины хот Autostadt байдаг юм байна. Энэ хот нь Вольксваген автомашины 25 жилийн ойд зориулан байгуулсан автомашины нэгдсэн хот юм. 1996 онд 430 сая еврогийн хөрөнгө оруулж, хоёр жилийн хугацаанд барьж дуусгасан Autostadt нь Вольксвагены автомашины засварын төв юм. Гэхдээ зүгээр нэг засварын төв биш асар том амралт соёлын хүрээлэн болгож чадсанаараа онцлог болжээ. Autostadt нь бүхэлдээ дөрвөн том хэсгээс бүрддэг. Тодруулбал, мультимедиа концерн форум, засварын төв, тус брэндийг илэрхийлдэг үзэсгэлэнгийн танхим мөн Вольксвагены түүхийн танхимтай.
Жилд хоёр сая орчим зочид автомашин худалдан авахаар энэ газар ирэх тохиолдол байдаг ч энэ төвийг үзэж сонирхохоор ирэх жуулчдын хөл ч бас багагүй хувийг эзэлдэг байна. Гол барилга болох Кonzern forum-ын гол онцлог нь хүүхдийн Theme Park болон хүрээлэн буй орчны тухай мэдээллийг таниулах байгаль орчны төвийг багтаасанд оршино. Дэлхийн дулаарлын тухай ойлголт, яавал нүүрс хүчлийн хийг багасгах тухай, мөн янз бүрийн байгалийн баялгийн тухай хэн хүнд ойлгогдохоор энгийнээр дүрслэн тавьсан үзмэрүүдтэй ажээ. Эхний давхрын хүүхдийн ертөнцтэй хамт хүүхдийн боловсролын төв зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хүүхдийн ертөнцөд хүүхдүүд өөрсдөө шууд жолоодож болдог энгийн хийцтэй автомашинууд хүртэл байдаг гэнэ. Уг байгууламж нь байгаль орчин болон шинжлэх ухааны мэдлэгээ сайжруулах боломжийг хүүхдүүдэд олгож чаддаг байна.
Кonzern forum-ын хажуухан талд Вольксвагены Вольфсбург үйлдвэрийн автомашины засварын төв байдаг. Гэхдээ засварын төв гэхээс илүү харагдах байдлынх нь хувьд агуу том овоохой гэх нь зөв байх. Засварын төв нь “Сar tower” хэмээх автомашин хадгалах цамхагтай холбогддог. Худалдан авагчийн захиалсан автомашиныг үйлдвэрлэж дуусгаад, эхлээд “Сar tower” цамхаг руу зөөж, тэндээс засварын төв рүү тээвэрлээд дараа нь худалдан авагч хүлээн авдаг. “Car tower”-ын оргил дээр гарч болдог бөгөөд цамхгийн орой дээрээс Вольфсбург үйлдвэр болон хотын үзэмжийг өргөн хүрээтэй харж болохоор юм.
Вольксвагены түүхийн танхимын үзэсгэлэнд Вольксваген төдийгүй тус группт хамаарах өөр брэндийн автомашинууд тавигдсан байдаг. Энэхүү үзэсгэлэнд байгаа дөрвөн автомашинаас бусад нь бүгд жолоодож явах боломжтойгоороо онцлог юм. Үзэсгэлэнгийн автомашинууд дунд 1950 онд Фердинанд Порше докторын амьд ахуйдаа эзэмшиж байсан Вольксваген 60 болон эртний Bugatti, Audi-гийн автомашинууд ч бий. Эдгээр автомашинууд нь хуучирсан байсан бөгөөд нөхөн сэргээж уг үзэсгэлэнд тавьжээ.
Брэндийн үзэсгэлэнгийн танхимын багахан хэсгийг уг автомашины танхим эзэлдэг юм байна. Үзэгчид Вольксвагены автомашинуудаас гадна Audi, Bugatti, Bentley, Skoda, Lamborghini зэрэг брэндүүдийг харж болох гэнэ. Bugatti брэндийн хувьд дэлхий дээр ганцхан ширхэг үйлдвэрлэсэн Silver Veyron машин энэ үзэсгэлэнд байдаг нь хүмүүсийн харааг булаадаг. Lamborghini брэнд нь үзэсгэлэн дээрээ Murceliano Exhaust Sound-ийг аудиогоор сонсгодог шоу хийдэг байна.
Мөн та VW Toureg автомашины showroom дотор ямар ч замгүй, газар сайгүй явдаг шинжийг нь баталгаажуулж өгөхийн тулд тусгайлан хийсэн газраар уг автомашиныг өөрийн биеэр жолоодон явж, туршиж үзэж болно.
Герман хэлээр Autostadt нь “Автомашины хот” гэсэн утгатай ажээ. Autostadt нь Вольксвагены түүх болон өнгөрсөн одоо ирээдүйг тэр чигээр нь багтаасан амралт соёлын хүрээлэн ажээ. Хэрэв та Германд зочлох завшаан гарвал энэ төвийг сонирхоорой гэж бид хувиасаа зөвлөх байна.
Эх сурвалж: www.acaa.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж