-Монгол судлалын хөгжил ямар шатандаа явна вэ. Эрдэмтдийн судалгаа зогсонги байдалтай байгаа гэж сонссон. Энэ юунаас шалтгаалж байна вэ?
-Жил гаруйн өмнө Засгийн газраас “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гэж баталсан. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлоготой болох байсан. Зөвхөн Монгол бус олон улсын хэмжээнд Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага санхүүгийн тогтолцоо бий болгоход чиглэгдэж байгаа юм. Олон улсын Монгол судлалд манай талын оролцоог нэмэгдүүлэх, боломжтой бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шинэ залуу үеийг бэлтгэх зорилготой юм. Өнөөдөр гадаад, дотоодын монгол судлалын ахмад үеийнхэн халаагаа өгч дараагийн шинэ үе гарч ирж байна. Энэ үед гадныхан Монгол судлалд залуу үеэ бэлтгэх асуудал чухал болоод байна. Энэ утгаараа манайх гадаадын судлаачдыг эх орондоо авчирч бэлтгэх, суралцах хугацаанд нь тэтгэлэг өгч, гадаадын Монгол судлалын төвүүдийг дэмжих хэрэгтэй юм. Санхүүгийн дэмжлэггүйгээс болоод үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон Монгол судлалын төвүүд байна. Олон ч төвийн үйл ажиллагаа хаагдсан. Гадны монголч эрдэмтэд сайн бүтээлүүд хийчихээд санхүүгийн дэмжлэг байхгүйгээс хэвлүүлж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадын судлаачдыг Монголын талаас л анхаарахгүй бол гадаадынхан Монгол судлалд төдийлөн анхаарал тавьж чадахгүй. Тэдний судалгааны ажил тухайн орны төр засгийн ивээлд байж чадахгүй учраас манай тал дэмжих хэрэгтэй болж байгаа юм. Хятад, Герман, Япон зэрэг дэлхийн том гүрнүүд өөрийн орны судлалыг сайн зохион байгуулж, дэмждэг. Тэрний хүчээр Япон, Герман судлал сайн хөгжсөн байдаг. Түвдийн судлалд далай лам маш их анхаарч хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг учраас Америк барууны орнуудад Түвд судлал сайн хөгжиж байна. Тэгэхээр Монгол судлалыг хөгжүүлье гэвэл дотоодоосоо дэмжих шаардлагатай.
-Үндэсний хөтөлбөр хэрэгжээд эхэлжээ. Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн дорвитой зүйл байна уу?
-Дотооддоо Монгол судлалын орчин бүрдүүдэх ёстой. Гадаадын монголч эрдэмтэн хүрээд ирэхэд сайхан тохилог номын сантай, архив, музей нь түргэн шуурхай үйлчилгээтэй байх хэрэгтэй. Мэдээллийн сан хамгийн чухал. Наад зах нь хурал хийх танхимыг бэлтгэсэн байх ёстой. Энэ бүгдийг бий болгох нь үндэсний хөтөлбөрийн зорилго. Хөтөлбөрийн санхүүжилт орж ирээд удаагүй байна. Өнгөрсөн жил 300 сая төгрөгийн санхүүжилт авсан. Энэ мөнгөөр бид Монгол судлалын орчин бүрдүүлэх, тэр чиглэлийн номын сан бий болгосон. Хүмүүс шинэ байгууллага шиг хүлээж аваад байгаа болохоос биш, олон улсын Монгол судлалын холбоо 1930-аад оноос цуглуулсан номтой. Үүндээ тулгуурлаад Монгол судлалын номын сан байгуулсан. Мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгосон. Одоо материал нэмж хийх баяжуулах ажил байна. Мөн гадаадынхан Монгол судлалын чиглэлээр суралцах магистр, докторын чиглэлийн гол хичээлүүдийн хөтөлбөрийг шинээр хийлээ. Мөн олон улсын Монгол судлалын чиг хандлага, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааг ойртуулах зорилгоор зарим оронд очиж танилцах ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн жил Япон, Солонгос, Австралийн Монгол судлалын төвд очиж үйл ажиллагаатай нь танилцаад цаашдаа ямар чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцаад ирсэн.
-Монгол судлалын сан байгуулагдах тухай яригдаж байна. Энэ сангийн зорилго нь юу вэ?
-Өнгөрсөн онд “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Эх түүх, үндэсний соёлын өв, сангаа өргөн хүрээнд судлах, гадаадын эрдэмтдийг татан оролцуулах, Монгол судлалыг хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх, залуу судлаачдыг урамшуулах, үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхий дахинд сурталчлах гэсэн заалтууд Ерөнхийлөгчийн зарлигт байгаа. Өөрөөр хэлбэл, энэ сан үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг санхүүжүүлэх юм. Сан байгуулах ажил удааширсан. Учир нь тус сан нь тусгай сан байх ёстой. Тийм байж татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжих үндэслэл бий болно. Тэгэхээр тусгай сангийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байж хэрэгжих болсон. Өнгөрсөн хавар БШУЯ-наас комисс гараад Засгийн газрын тусгай сангийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад Хууль зүйн яамаар зөвшөөрүүлээд бүх яамдын санал авсан. Тэнсний дүнд УИХ-аар сайшаагдсан. Ерөнхийдөө сан байгуулах үйл явц ахицтай байгаа.
-Сан байгуулагдсанаар эхний удаад ямар ажил өрнүүлэх вэ. Гадаад орноос хэр их санал ирдэг юм бол?
-Одоо байгуулагдах гэж буй сангаас гадна БШУ-ны сайдаар ахлуулсан Монгол судлалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөл гэж байдаг. Хэрвээ Монгол судлалыг дэмжих сан байгуулагдчих юм бол Монгол судлалын үндэсний зөвлөлтэй нэгдсэн нэг тогтолцоотой байгууллага болох ёстой. Бид энэ ажлыг хийнэ. АНУ, Унгар, Чех, ОХУ зэрэг найман орноос “Монгол судлалыг дэмжээч” гэсэн санал ирээд байна. Тэдний ихэнх нь Монгол судлалын талаарх ном хэвлүүлэх санал байгаа. Одоо бидэнд тавиад байгаа саналыг мөнгөн дүнгээр нэгтгэх юм бол таван тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирээд байна. Гэтэл бидний тооцоолж байгаагаар сангийн гурван жилийн төсөв найман тэрбум болж байна. Энэ санал эхний гурван жилээр төлөвлөсөн мөнгөнөөс даваад байгаа. Гэхдээ бүгдэд өгөх албагүй л дээ. Эхний ээлжинд аль улсын ямар төвд дэмжлэг үзүүлэх вэ гэдэг бодлого хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тамгын газраас эхний ээлжинд аль төвийг дэмжихээ боловсруулж өг гэсэн. Бид үүнийг шалгаруулж байгаа.
-Сангийн үйл ажиллагаа яг хэзээ эхлэх вэ?
-Одоо УИХ батлах л үлдсэн. Шийдвэр гарлаа л бол бүтцийн зохион байгуулалт хийхэд л болно. Энэ санг мэдээж хоосон байгуулахгүй. Бид өнгөрсөн жилийн тооцоогоор үндсэний хөтөлбөрийн хэмжээнд 660 гаруй сая төгрөг төлөвлөсөн. Тэр мөнгийг сангийн дансанд энэ онд хийх байх гэсэн бодолтой байна. Эхний ээлжинд гадны Монгол судлалын хэд хэдэн санд тусламж үзүүлнэ. АНУ-д Индианагийн их сургуульд таван ном бэлтгээд хэвлүүлэхээр хүлээгдэж байна. Бонийн их сургуулийн Монгол судлалын танхимд нэг орон тоо бий болгоод тэр хүний цалинг Монголын Засгийн газраас өгнө гэж Ерөнхийлөгч амлачихсан байгаа. Тэр нь 40 мянган евро. Цаашдаа бид гадаадын Монгол судлалыг дэмжих бодлого боловсруулах ёстой.
-Монгол судлал ер нь ямар түвшинд хөгжсөн бэ. Аль оронд илүү судлагдсан байдаг вэ?
-Монгол судлал дэлхийн 30 гаруй оронд судлагдсан байдаг. Тэр дундаас хамгийн их хөгжсөн нь мэдээж манай хоёр хөрш. Япон, Герман, Унгар, Польш, АНУ-д судлагдаж байна. Дэлхийн II дайны өмнө Монгол судлалын маш олон төв, олон өгүүлэл, ном гарч байсан. Сүүлийн үед Оросын эдийн засгийн байдалд дэлхий дахины эдийн засгийн хямрал нөлөөлж 10-аад төв хаагдчихсан. Олон төв зэрэг хаагдсан нь нэг талдаа эдийн засгийн асуудалтай холбоотой ч нөгөө талдаа барууны орнуудад уламжлал байдаггүйтэй холбоотой. Нэг профессор тэтгэвэрт гараад нас барах юм бол түүний хийж байсан судалгааг үргэлжлүүлэх залгамж халаа байдаггүй. Тиймээс энэ төвүүдийн заримыг сэргээх идэвхижүүлэхэд хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй.
-Монгол судлалд ийм их мөнгө зараад ач холбогдол нь чухам юу юм бол гэж хүмүүс асуух байх. Товчхондоо Монголыг гадаад оронд таниулах гэж ойлгож болох уу?
-Монгол судлал гэдэг нь Монголыг сурталчлах ганц суваг биш л дээ. Гэхдээ Монгол судлал хөгжинө гэдэг нь гадаадад танигдахын нэгээхэн алхам. Монгол судлал гэж чухам юу юм бэ гэхээр Монголын ард түмний соёл, зан заншил, хэл түүх соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалдаг тогтолцоог хэлээд байгаа юм. Энэ судалгаа XIX зууны дунд үеэс Европт бий болсон. Өрнө, Дорнын зан заншлыг судлах явцдаа Монголын түүх соёлыг судалсан. Яван явсаар 1930-1940-өөд оноос шинжлэх ухааны байгууллага бий болж өөрийнхөө түүх соёлыг шинжлэх ухааны арга зүйгээр судлах болсон. Зарим хүн монгол хүн Монголыг судална гэж юу байдаг юм гэж шүүмжилдэг. Гэтэл Монгол судлал гэдэг Монголын ард түмний түүх, соёл, хэлийг л судлахад оршдог учраас хэн судлах нь хамаагүй. Монгол судлал анх барууны оронд хөгжсөн. Яагаад гэхээр 200-150 жилийн өмнө Монголд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гэж байгаагүй. 1960-1970 онд гадаадын эрдэмтэд Монгол Улс өөрөө Монгол судлалын төв боллоо гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд монголын түүх, хэл соёлыг бүх байгууллага судлах болсон.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин