-Оросын хөлбөмбөгийн лиг өндөрлөхөд ганц тойрог үлдлээ. “Зенит”-д өнгөрүүлсэн анхны улирал танд ямар санагдав?
-Амаргүй байлаа. Бид энэ улиралд Оросын аварга болох зорилготой байсан. Харин ЦСКА-д аваргын цомоо алдсандаа жаахан сэтгэл дундуур байгаа. Гэхдээ хоёрдугаар байр гэдэг тийм муу үзүүлэлт биш. Хамгийн гол нь баг маань ирэх улирлын “Аваргуудын лиг”-т оролцох учраас өнөөдрийг биш маргаашийг өөдрөгөөр харж байна.
-Та өмнө нь Португалийн “Бенфика”-д алба хашиж байсан. Португал, ОХУ-ын лигийн хооронд хэр ялгаа ажиглагдаж байна вэ?
-Ялгаа байхгүй. Португалд “Порту”, “Бенфика”, “Спортинг”, “Брага” гэсэн багийн хооронд гол өрсөлдөөн өрнөдөг. Харин Орост эсрэгээрээ цомын төлөө долоогоос найман тэнцүүхэн баг ширүүн өрсөлдөөн өрнүүлж байна. Үүгээрээ ялгаатай байх, түүнээс хоёр улсын лигийн чанар чансаа ойролцоо.
-Жилийн өмнө Португалиас Орост ирэхэд ямар санагдаж байв?
-Мэргэжлийн хөлбөмбөгчид хаана ч очсон зохицох чадвартай байх хэрэгтэй. Миний хувьд Орост ирэхэд тийм ч хүнд тусаагүй. Оросын “Премьер лиг” эхлэхээс сарын өмнө багийнхантайгаа нэгдсэн болохоор хүнд байгаагүй. Харин ч энэ хугацаанд багийнхаа тоглогч, дасгалжуулагч бусад албаны хүмүүстэй сайн танилцаж, ямар ч асуудалгүй болсон.
-“Зенит”-ийн ерөнхий дасгалжуулагч Лучано Спаллеттигийн талаар юу хэлэх вэ?
-Тэр өмнө нь Италийн олон шилдэг клубийг дасгалжуулж байсан туршлагатай. Спаллетти “Зенит”-ийг хуучны топ баг болгоход гавьяа байгуулсан гэж боддог. Хэдийгээр бид энэ улиралд “Премьер лиг”-ийн аварга болж чадаагүй ч түүний удирдлага дор ирэх улиралд том амжилт үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Танай багийн хөгжөөн дэмжигчид энэ улиралд та бүхнээс том амжилт харж байлаа. Ялангуяа Европын тавцанд. Харин “Зенит”
-Бид “Аваргуудын лиг”-ийн хэсгийн эхний хэдэн тоглолтод гараагаа тун муу эхлүүлсэн. “Зенит” хасагдах шатанд өрсөлдөх боломжтой байлаа. Даанч чадаагүй. Харин “Европын лиг”-ийн шөвгийн 16-д Швейцарийн “Базель”-тай хийсэн эхний тоглолтод тун тааруухан тоглосон нь хариу тоглолтод нөлөөлсөн. Санкт-Петербургт болсон хариу тоглолтод бид өөрсдөөс шалтгаалах олон боломжоо ашиглаж чадаагүй.
-Бельгийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд хэсэгтээ тун итгэлтэй тэргүүлж яваа. Одоо үлдсэн тоглолтод боломжит оноогоо авахад Бразилийг зорино. Шигшээ багаа Бразилд очно гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Тийм ээ. Бид хэдийгээр хэсэгтээ Хорваттай оноо тэнцүү байгаа ч тэдний өмнө бичигдэж, ирэх жил Бразилд болох ДАШТ-д оролцох эрхээ авна гэдэгт итгэлтэй байгаа. Манай шигшээ багийн энэхүү амжилт багийн ерөнхий дасгалжуулагч Марк Вильмотстой салшгүй холбоотой. Тэр үед шигшээ баг маань тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй байлаа. Харин түүнийг зодог тайлсны дараа Бельгийн шигшээ баг нэг хэсэг уналтад орсон. Харин өнгөрсөн жил Вильмотсыг ерөнхий дасгалжуулагчаар томилогдсоноос хойш Бельгийн шигшээ багийн сэргэн мандалтын үе эхэлсэн. Түүний удирдлага дор бид хожигдол гэдгийг бараг мэдрээгүй яваа.
-Бельгийн шигшээ багийн олон тоглогч Европын топ клубүүдэд тоглож, багийнхаа ноён нуруу болсоор байгаа. Энэ нь юутай салшгүй холбоотой вэ?
-Бельгид өсвөрийн хөлбөмбөгчдийг багаас нь бэлтгэх системтэй. Сүүлийн жилүүдэд улсынхаа залуу тоглогчдыг гаргаж ирэх тал дээр “Стандарт”, “Андерлехт”, “Брюгге” зэрэг клубүүд онцгой анхаарал тавьж байгаа. Тиймээс манай улсын залуу хөлбөмбөгчид Нидерланд, Францын лигт олноор тоглох болсон. Тэндээс Европын топ түвшний багт олноороо очих боллоо. Английн “Премьер лиг”-т Венсант Компани, Томас Вермален, Эден Азар, Мусса Дембеле, Маруне Феллани, Ян Вертонген нар багийнхаа юугаар ч сольшгүй тоглогч болж чадсан.
-“Челси”-гийн Эден Азар Бельгийн шигшээ багийн ирээдүй мөн үү?
-Тийм ээ. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Азар ердөө 14 настайдаа “Лилль”-ийн хараанд өртөж, 16-тайдаа томчуудын багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглосон. Азар ямар ч маргаан байхгүй Бельгийн шигшээ багийн ирээдүй.
-Тэр “Челси”-д өөрийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадаж байгаа болов уу?
-Үгүй ээ. “Челси” түүнд тийм ч итгэл хүлээлгэхгүй байгаа нь надад ажиглагддаг. Түүний нас залуу байгаатай холбоотой байх. Магадгүй Азар ирэх улиралд илүү олон минутыг талбайд өнгөрөөж, олон ч ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна.
-Шигшээ багийнхаа хэнтэй дотно нөхөрлөдөг вэ?
-Португалийн “Порту”-д тоглож байгаа Стивен Дефур, “Эвертон”-ы хагас хамгаалагч Маруне Феллани нартай сайн найз. Бид Льюж хотын “Стандарт” клубт өсвөр үеийн багаас эхлэн хамт тоглосон. Харин одоо тус тусын замаа хөөж, өөр өөр улсад амьдарч байгаа. Биднийг нэгтгэдэг ганц зүйл шигшээ багт хамт тоглох явдал.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин