Вакцин хийлгээгүй бол халдварт өвчин тусах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.26-нд нийтлэгдсэн

Вакцин хийлгээгүй бол халдварт өвчин тусах эрсдэлтэй

Дархлаажуулалтын аян эхлээд дөрөв хонолоо. Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоног нь “Дархлаажуулалтын үр дүн-Улаанбурхан өвчингүй Монгол” уриатайгаар өрнөж байна. Хэрвээ таны хүүхэд товлолынхоо дагуу дархлаажуулагдаж чадаагүй бол орон нутгийнхаа өрхийн эрүүл мэндийн төв, сумын эмнэлэгтээ хандах хэрэгтэй юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулгатай ярилцлаа.

-Энэ 10 хоногийн хуга­цаанд ямар ажил өрнөх вэ?

-Дархлаажуулалтын 10 хоногоор дархлаа­жуулалтын товлолын вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулдаг. Энэ арга хэмжээг 20 дахь жилдээ зохион байгуулж байна.  Өөрөөр хэлбэл, энэ 10 хоногийн гол зорилго нь ямар нэгэн байдлаар хүүхэд вакцинаас хоцорсон бол тэр хүүхдийг вакцины бүрэн тунд хамруулж, халдварт өвчнөөс сэргийлэх, урт хугацааны өндөр дархлаатай болгох явдал. 

-Дархлаажуулагдснаар ямар өвчнөөс сэргийлэх вэ?

-Хүүхдүүд товлолынхоо вакцинд хамрагдснаар халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, 11 халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакцин хийдэг. Сүрьеэ, халдварт саа, В гепатит, А гепатитийн вакцин, сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакцин, сахуу татрангийн эсрэг гэсэн долоон төрлийн вакцин хэрэглэдэг гэсэн үг.

-Энэ удаагийн дархлаа­жуулалтын аян улаан­бурханыг онцлосон байсан. Ер нь манай улсад улаан­бурханы өвчлөл ямар түвшинд байна вэ?

-Улаанбурханы вакцин хийж эхэлхээс өмнө жилд 10 мянган хүн амд 150-200 тохиолдол бүрт­гэгд­дэг байсан. 1973 онд нэг тунтай улаанбурханы вакцин нэврүүлсэн. 1986 онд П.Нямдаваа тэргүүтэй Монгол эрдэмтдийн санаачлагаар хоёр тунтай товлолыг нэвтрүүлсэн. Үүнээс хойш өвчлөл эрс буурсан. 2007, 2012 онд дархлал сул байж болох хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулсан.Үүний үр дүнд Ази, Европыг хамрсан улаанбурханы дэгдэлтийн үед Монгол Улсад  сүүлийн гурван жилд улаанбурханы нэг ч тохиолдол бүртгэгдээгүй.

-Хүүхэд байхдаа товлолынхоо дагуу вакцинаа хийлгэвэл насанд хүрснийхээ дараа дархлаа нь сайн байна гэж ойлгож болох уу?

-Вакцины бүрэн тунд хамрагдсан хүүхэд удаан хугацааны дархлаа тогтддог. Жишээ нь, Тат­рангийн эсрэг дархлааны түвшин тодорхой хуга­цааны дараа унадаг. Тиймээс долоо, 15 настайд нь сахуу, татрангийн вакцинаар давтан дархлаажуулалт хийх хэрэгтэй. Хэрвээ долоо, 15 настайдаа сахуу, татрангийн вакцинд хамрагдахгүй бол эдгээр өвчнөөр өвчлөх эрсдэлтэй л гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцины бүрэн тунд хамруулах нь чухал. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан байдаг.

-“Хүүхдэд вакцин хийхээр гурван хоног халуурна. Халуурч байвал биеийн эсэргүүцэл нь сайн байна” гэж ярьдаг шүү дээ?

-Вакцин аюулгүй. Гэхдээ хариу урвал үзүүлдэг. Яагаад гэвэл хүн бүр харилцан адилгүй. Төмөр, хөнгөн цагаан, наранд харшил өгдөг хүмүүс байдаг. Хүн өөрөө байгалийн бие даасан бодьгал учраас янз бүрийн урвал үзүүлнэ. Тэр нь халуурах, тарьсан хэсэг газар улайх, хавдах зэргээр илэрнэ. Хэрвээ хүүхэд 38-аас дээш халуурч байвал парацитамолыг дөрөв хувааж өгөөд эмчдээ хандах хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөг авах нь чухал, түүнээс биш дур мэдэж болохгүй. Хавдсан тохиолдолд 10 хувийн натрийн уусмалаар жин тавьж болно. Энэ урвал нь хоёроос гурван хоногийн дараа өөрөө аяндаа арилдаг.

-Насанд хүрсэн хүмүүс өөрийгөө хэрхэн дархлаа­жуулах вэ?

-Сайн дурын дархлаа­жуулалтад хамрагдаж болно. Үүнд хамрагдахдаа ХӨСҮТ болон орон нутгийнхаа Эрүүл мэндийн газарт хандана. Гэхдээ сайн дурын дархлаажуулалтыг хийлгэхдээ вакциныхаа мөнгийг төлөх ёстой. Харин заавал хийлгэх вакцин нь хуулийн дагуу явж байгаа учраас үнэ төлбөргүй.

-Вакцины төлбөр нь хэд юм бол?

-Вакцин бүр өөр өөр. Хамгийн их хийлгэдэг томуугийн вакцин 10 мянга, А гепатит 28 мянган төгрөг байдаг. 

-Хүмүүс дархлаагаа сайж­руулж байгаа нь гээд янз бүрийн эм, тариа хэрэглэдэг. Тухайлбал, “салимон” гэдэг бэлдмэлийг хэрэг­лэх нь их. Энэ нь хэр үр дүнтэй юм бол?

-Шинжлэх ухааны үндэс­лэлээр хэр сайн юм бэ гэдгийг нь би судлаагүй учраас хэлж мэдэхгүй. Гэхдээ биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчил­гээтэй гэж сонссон. Харин вакцин нь яг тухайн халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлааг бий болгодог. Чанартай хоол идэх, витамин хэрэглэх, хөдөлгөөнтэй байх зэрэг нь тухайн хүний биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж байна гэсэн үг. Ерөнхий эсэргүүцэл сайжирсан ч гэсэн тухайн өвчний эсрэг вакцин хийлгээгүй л бол тэр халдварт өвчнөөр өвчилнө л гэсэн үг. Тэгэхээр вакцинд заавал хамрагдах ёстой. Нэг ёсондоо халдварт өвчин үүсгэдэг вирус нянтай ижил төстэй хэлбэр, бүтэцтэй аюулгүй биобэлмэл үйлдвэрлээд хүүхдэд тарих замаар хүний дархлааны системийг хуурч, халдварт өвчний эсрэг дархлааг тогтоодог. Ингэснээр олныг хамарсан дэгдэлт хэлбэрээр гардаг халдварт өвчин эрс буурч, түүний урхаг эндэгдэлгүй болдог. Сахуу, хөхүүл ханиад, татран гэх мэт өвчин эрс буурч, сүүлийн арван жилд ганц, нэг бүртгэгдэж байх жишээтэй. Түүнчлэн манай улс 2000 онд халдварт саа өвчнийг устгасан тухай ДЭМБ-ын гэрчилгээ авсныг зарим хүн мэдэж байгаа байх.

Б.АЗЗАЯА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж