Шөнийн цагаар машин шатаах явдал сүүлийн хэдэн жилд Францын олон хот, мөн Ром, Лондонд гарсан билээ. Байгаль орчны байж байгаа байдал, эрх баригчид, цагдаагийнханд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхийн тулд залуучууд ийм арга сонгодог байна. Энэ нь ч хамгийн хал багатай арга бөгөөд учир нь гал тавилаа гээд хүн хохирно гэвэл тавьсан хүмүүс нь өөрсдөө л түлэгдэн хохирч магадгүй, харин машинууд бүгд даатгалтай тул эзэд нь хохирох явдал байдаггүй аж. Ийм явдал гол төлөв тухайн хотын ядуувтар дүүргүүдэд гардаг. Стокгольмын аль ч дүүрэгт ядуу гэдэг үг төдийлэн тохирохгүй боловч Хюсбюгийн хувьд ямар ч байсан жуулчид гэхэд л очоод байдаггүй. 10 гаруй мянган хүнтэй энэ дүүргийнхний дийлэнх нь (80 гаруй хувь) шведүүдийн нэрлэдгээр “гаднын гаралтнууд” буюу нэг, хоёр мөн гуравдугаар үеийн цагаачид юм. Гэхдээ Шведийн хэвлэл ч тэр, цагдаагийнхан ч тэр, машин шатаасан эздийг цагаачид гэж шууд хэлэхгүй ердөө л “залуучууд” гэж байна. Нарийндаа бол тэдгээр “залуучууд”-ын нэлээд зарим нь 12-13 настай юм. Шведийн TT агентлагийн мэдээлснээр, тэдэнд гэмт хэргийн ертөнцтэй холбоотой томчууд идэвхтэй тусалж байгаа аж.
Залуучуудын үймэх болсон шалтгаан нь дүүргийн оршин суугч 69 настай нэгнийг цагдаа нар буудан амь насыг нь хөнөөсөн явдал байсан гэнэ. Тэрбээр тохойн чинээ урт мачэтэ хэмээх хутга гарган цагдаад заналхийлсэн бөгөөд хариуд нь ийм юм болжээ. Цагдаа нар түүнд өөр арга хэрэглэлгүй заавал яагаад буудсан учир тодорхойгүй байна. Үүнээс гадна уг хүний нас барсан талаарх мэдээллийг цагдаагийнхан өөр өөрөөр өгсөн явдал юм. Эхлээд түүнийг хутгыг нь хурааж эмнэлэгт хүргэсний дараа нас барсан гэсэн бол дараа нь, газар дээрээ нас барсан нь тодорхой болсон юм. Стокгольмын захын дүүргүүдэд ажиллаж “нийгмийн шударга ёс”-онд уриалдаг “Megafonen” хэмээх залуучуудын байгууллагын мэдэгдсэнээр бол хэрэг гарсан газар түргэн тусламж ч ирээгүй тул цагдаагийнхан зориуд худлаа мэдээлэл өгсөн гэнэ. Мөн гэмт хэргийн мэдээнд зүгээр хутга гэхгүй зориуд “мачэтэ” гэсэн нь хохирогчийг цагаач байсан гэдгийг тодотгож харуулах гэсэндээ тэр гэж уг байгууллага үзжээ.
Үймээн 19-ний оройн 22 цагийн үед эхэлжээ. Хэдэн арван өсвөр насны хүүхдүүд бөөн бөөнөөрөө гудамжинд гарч дайралдсан машиныг шатааж эхэлсэн бөгөөд цагдаа нар болон гал сөнөөгчдийг ирэхэд өөдөөс нь чулуу нүүлгэсэн байна. Нэг машинд тавьсан гал ойр орчиндоо тархсан тул 50 гаруй хүнийг гэрээс нь гаргаж, тусгай автобусанд хэдэн цаг байлгасан гэнэ. Мөн нэг хүн шатаж буй машин руугаа орох гэж оролдоод бага зэрэг түлэгдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийнхан галдан шатаагчидтай өглөөний таван цаг хүртэл үзэлцсэний эцэст, өглөө гэхэд Хюсбю дүүрэг ажин түжин болсон байв. Тэр өдөр нь “Megafonen” байгууллага хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд бие даасан мөрдлөг явуулахыг шаардахын сацуу, олон нийтийн санаа бодлыг сонсохгүй бол ийм юм болдгийг эрх баригчдад анхааруулж байснаа хэлээд авчээ. Орой нь харанхуй болонгуут галдан шатаагчид дахин гудамжинд гарав. Урьд орой нь зуугаад машин шатсан бол энэ удаа тоо нь арай цөөрсөн бөгөөд цагдаа нар аанай л чулуугаар шидүүлж, хэд хэдэн хүн гэмтэв. Цагдаа нар ч нэлээд шийдэмгий хандаж, 15-19 насны зургаан хүүхдийг баривчилжээ.
Галдан шатаагчид үйлдлээрээ хэвлэлийнхний онцгой анхаарлыг татна гэж бодож байсан бол энэ удаа эндүүрсэн байна. Даваа гаригийн өглөөний сонинууд эхний нүүрэндээ Швед улс хоккейн дэлхийн аварга болсныг онцолсон бол маргааш нь АНУ-д дэгдсэн хар салхийг чухалчилжээ. Хэдийгээр сонинууд ингэж хандсан ч радикал үзэлтэй залуучууд Хюсбюд болсон явдлыг тун анхааралтай ажиглаж байв. “Aftonbladet” сонинд бичсэнийг үзвэл, мягмар гаригт шилжих шөнө Хюсбютай залгаа Тенст, Ринкебю, Щистээс гадна нийслэлийн өмнөд дэх Фиттья дүүргээс цагдаад, үймээн гарч болзошгүй (тухайлбал, үл мэдэгдэх этгээдүүд галт тэрэг рүү чулуугаар шидсэн) гэх мэдээ ирж байжээ. Өөрөөр хэлбэл бусад дүүргүүдийн дэггүй этгээдүүд ч Хюсбюгийн галдан шатаагчдыг дэмжихэд бэлэн байсан бөгөөд олноор хөдлөхөд шалтаг л хэрэгтэй байсан нь харагдаж байна. Лхагва гаригт шилжих шөнө үймээн дахин үргэлжлэв. Энэ удаа 30 машин шатсанаас гадна сургууль, соёлын төв галд хайлжээ. Түүгээр барахгүй Хюсбюгээс баруун умардад зургаан километрт орших Якобсбэрг сууринд хэдэн этгээд цагдаагийн хэсэгт халдсан байна. Эмх замбараагүй байдал Стокгольмын баруун болон өмнөд дүүргүүдэд хэдийнэ халдварласан ч цагдаагийнхан одоогоор түгшүүрийн харанга дэлдээгүй байгаа бөгөөд хүчний аргаар асуудлыг бүрэн шийдэж чадна гэдэгтээ найдаж байгаа бололтой. Лхагва гаригт шилжих шөнө л гэхэд тэд 18-22 насны найман хүүхдийг баривчилсан юм.
Үймээний цар хүрээ тэлсээр байгаа хэдий ч Шведийн нийгэм болж буй явдалд тун хүлээцтэй хандаж байна. Хюсбюд гол төлөв Турк, Ливан, Сири, Сомалийн цагаачид амьдардаг бөгөөд Шведийн Ерөнхий сайд Фредрик Рейнфельдт талуудыг тайван байж, хууль зөрчихгүй байхыг уриалжээ. Үүний хажуугаар цагдаагийнхан дотооддоо шалгалт явуулж эхэлсэн бөгөөд цагдаагийн ажилтнууд үймээн дэгдээгчдийн эсрэг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай доромж үг хэлсэн гэх яриа үнэн бодитой эсэхийг шалгах ажээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин