Бразилийн өсөх ирээдүйтэй оддын нэг гэгдэж байгаа Неймар Испанийн алдарт Барселона клубтэй таван жилийн гэрээ байгууллаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Бразилийн лигт гялалзаж байгаа түүнийг өнгөрсөн жилээс эхлэн европийн “аварга загас”-нууд харандаа авсан билээ. Үүнээс Реал, Барса нарын гэрээ байгуулах хүсэл бусад багуудаас илүү байсан гэж болно. Гэхдээ залуу од Неймар Барса клубт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг гэж нэг бус удаа мэдэгдээд байсан билээ. “Би Сантос клубт гайхалтай найман жилийг үджээ. Бүр хүүхэд байхаасаа би энэ клубт тоглож байсан. Мэргэжлийн хөлбөмбөгч болох ур чадвараа дээшлүүлэхэд энэ клуб надад үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан юм. Барса руу явах шийдвэр хөлбөмбөгчийн карьерийн хувьд агуу ч Сантосоос явах шийдвэр тийм ч амархан байгаагүй” гэж Неймар ярьжээ. Тэрээр маргааш буюу даваа гаригт монголын цагаар даваа гаригийн шөнө дунд албан ёсоор Барселона клубтэй гэрээ байгуулах бөгөөд гэр бүлээ Холбоодын цомын дараа Испанид суурьшуулах юм байна. 2009 оноос хойш Сантос клубын гараанд гарч тоглохдоо 102 тоглолтод 54 гоол оруулжээ. Мөн 2012 онд Форбес сэтгүүлээс гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их ашиг орлоготой хөлбөмбөгчдийн долдугаар байрт жилийн 13,8 сая еврогийн орлоготойгоор бичигдсэн байна.
Б.СҮХ