
Өнөөдөр Улаанбаатар хотын хүрээнд байрлах нийт цэргийн анги, байгууллагууд дунд тэргүүний жагсаалч ангиа шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдаан боллоо. Цэргийн жагсаал, уралдаан Сүхбаатарын талбайд 11.00 цагаас эхэлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдааныг энэ оны эхээр зарласнаас хойш тэргүүний жагсаалч ангийн шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулжээ. Нийт 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас Зэвсэгт хүчний 013, 029, 032, 084, 120, 150, 326 дугаар анги, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Хилийн цэргийн 151 дүгээр ангиуд дараагийн шатанд шалгарч үлдсэн байна.
Ингээд өнөөдөр болсон сүүлийн шатны шалгаруулалтад есөн анги өрсөлдсөнөөс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 032 дугаар анги шалгарч, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 150, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 084, тусгай байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагчид тус тус шалгарлаа.
“Монгол цэргийн жавхаа” тэмцээний тэргүүн байрын шагналт, хурандаа н.Батболд ахлагчтай 032 дугаар ангийг 10 сая, хоёрдугаар байрт шалгарсан, хурандаа н.Гансэлэм ахлагчтай 150 дугаар ангийн алба хаагчдыг найман сая, гуравдугаар байрт шалгарсан, хурандаа н.Дамба ахлагчтай 084 дүгээр ангийнхныг зургаан сая, тусгай байр эзэлсэн, хурандаа н.Банди ахлагчтай 120 дугаар ангийн алба хаагчдыг дөрвөн сая төгрөгөөр тус тус шагнаж, урамшуулав. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Зүл гардуулж, тэмцээнд оролцсон Зэвсэгт хүчний нийт анги, хамт олон, дайчдад байр хүргэсэн юм.














