Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүллээ

Аваргуудын нэрэмжит барилдаанд У.а Г.Эрхэмбаяр түрүүлж, у.з Ч.Санжаадамба үзүүрлэлээ

МҮБХ, ИНЕГ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг Монгол улсад нисэх хүчин  үүсч хөгжсөний 88 жилийн ойд зориулсан аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2013-05-25/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдааныг нээж ИНЕГ-ын дарга С.Буяндалай үг хэлэв.

Өнөөдрийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ж.Оргил, улсын начин Ду.Батбаяр, Б.Насандэлгэр, Д.Цогзолдорж нараар магнайлуулсан улсын арслан 3, улсын гарьд 3, улсын заан 3, улсын харцага 7 улсын начин 15,  аймаг цэргийн арслан 39, аймгийн заан 16, аймаг цэргийн харцага 10, аймгийн начин 48, сумын цолтой 80 нийт 224 бөх зодоглов.

Хүндэтгэлийнхээ барилдаанд дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат нар болон Д.Дамдин, Ч.Бээжин аваргын гэр бүлээс хүрэлцэн ирсэн бөгөөд нутаг ус, хамаатан садан, харьяа байгууллагуудаас хүндэтгэл үзүүлцгээв. Буур Жамъян даян аваргын охин, даян аварга Г.Өсөхбаярын ээж Ж.Насантогтох аавынхаа нэрэмжит шагналаа энэ удаад Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд олгов. Б.Бат-Эрдэнэ арслан Хөвсгөлийн с.з Т.Балжинням, а.з Д.Дарханбаатар, у.х Б.Даваабаатар, у.г Ж.Бат-Эрдэнэ нараар дөрөв давж бага шөвөгт шалгаран үлдээд у.г Д.Рагчаад тахим буулгасан юм.

 Тавын даваа

  1. Х.Мөнхбаатар у.а – Б.Суманчулуун а.а
  2. Г.Эрхэмбаяр у.а – Л.Нямсүрэн у.н
  3. П.Бүрэнтөгс у.а – Р.Пүрэвдагва у.н
  4. Д.Рагчаа у.г – Б.Бат-Эрдэнэ а.а
  5. Н.Ганбаатар у.г – Ш.Мөнгөнбаатар а.х.а
  6. Б.Соронзонболд у.з – Б.Сангисүрэн у.н
  7. Ч.Санжаадамба у.з – Ц.Содномдорж у.х тунав

Зургаагийн даваа

  1. Г.Эрхэмбаяр у.а -гоц мөргөв
  2. П.Бүрэнтөгс у.а – Н.Ганбаатар у.г
  3. Д.Рагчаа у.г – Б.Суманчулуун а.а
  4. Ч.Санжаадамба у.з – Б.Сангисүрэн у.н тунав

Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээ, Дулааны цахилгаан станц – IV -ийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Атмор компаний бөх аймгийн арслан Б.Суманчулуун нар их шөвгийн дөрөвт шалгарсан бол дунд шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчаа, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын гарьд Н.Ганбаатар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэн нар үлдлээ.

Долоогийн даваа

  1. Г.Эрхэмбаяр у.а – Б.Суманчулуун а.а
  2. П.Бүрэнтөгс у.а – Ч.Санжаадамба у.з тунав

Наймын даваа

  1. Г.Эрхэмбаяр у.а – Ч.Санжаадамба у.з

          /түрүүлсэн/                  /үзүүрлэсэн/

Арван тав дахь удаагаа болсон аваргуудын нэрэмжит барилдаанд ийнхүү Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Сүлд спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж,  Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Ажнай группийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэв.

Маргааш буюу тавдугаар сарын 26-ны 16 цагаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол улсын заан, ОУХМ Чимэдийн Гочоосүрэнгийн алдар тэмдэглэхэд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж