Цус сорогчийн халуухан сүйт бүсгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Цус сорогчийн халуухан сүйт бүсгүй

Kristen Jaymes Stewart нь 1990 оны дөрөвдүгээр сарын 9-нд Лос-Анжелес хотноо төржээ. Түүний эцэг John Stewart “Fox” телевизэд продюссэрэр ажилладаг харин ээж Jules Mann-Stewar нь зохиолч, редактор байсан аж. Тэрбээр долдугаар анги хүртлээ сургуульд сурсан ба цаашид бие даан суралцахаар шийдсэн байна.
Kristen найман настайгаасаа жүжигчиний гараагаа эхэлжээ. Тэрбээр сургуулийнхаа шинэ жилийн үдэшлэгийн арга хэмжээнд нэгэн жүжигт тоглосон ба түүнийг үзсэн нэгэн агентлагын төлөөлөгч түүнд кинонд тоглох санал тавьсан аж.
 Ингээд тэрбээр анхны дүр болох “13дах жил” хэмээх киноны охины дүрдээ тоглосон байна. Түүний бүтээсэн дүр нь богино хэмжээний тоглолттой дүр байсан байна.  Үүний дараагаар хоёр ч кинонд тоглосон ба тэр нь тийм их амжилтад хүрээгүй аж. Харин 2002 онд тоглосон “Panic Room” киноны дүрээрээ “Шилдэг залуу жүжигчин” төрөлд нэр дэвшиж байсан ба түүнийг олонд таниулж чадсан чанартай бүтээлүүдийнх нь нэг болж чадсан юм. Тэрбээр энэхүү кинондоо жүжигчин Jodie Foster-той хамтран тоглосон ба өрх толгойлсон эмэгтэйн ганц чихрийн шижин өвчнөөр өвчилсөн охины дүрийг бүтээж юм.
Мөн дараа жил нь “Cold Creek Manor” нэртэй аймшгийн кинонд дүр бүтээж өмнөх жилийнхээ адил шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байжээ. Энэхүү кинонд Холливуудын алдарт жүжигчин Dennis Quaid, Sharon Stone  нартай хамтран тоглосон байна.
Харин түүний хамгийн анхны гол дүр нь 2004 онд бүтээсэн “Catch That Kid” нэртэй инээдмийн, адал явдалт киноны дүр юм. Тэрбээр энэхүү кинонд эсрэг дүрд амжилттай хувирч чаджээ. Хэдийгээр нас нь бага байсан ч тэрбээр кинонд тоглох ажлаа завсардуулаагүй бөгөөд  тухайн жилдээ “Undertow” нэртэй киноны Lila хэмээх охины дүрийг бүтээсэн юм. Түүний хамгийн их анхаарал татсан бүтээлүүдийн нэг болох телевизийн бүтээл болох Speak мөн л энэ онд хийгджээ. Энэ кино нь Laurie Halse Andersonы номноос сэдэвлэн хийгдсэн ба энэхүү кинонд тоглохдоо Kristen дөнгөж 13 настай байсан юм. Түүний бүтээсэн дүр нь Melinda Sordino гэх сурагч охины дүр ба тэр охин хүчирхийлэлд автан цочрол орсноос ярихаа больсон байдаг аж. Энэхүү дүр нь сэтгэлзүйн тоглолт ихтэй, нилээд ур чадвар шаардсан дүр байсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. 2004 он ингээд түүний хувьд олз омог ихтэйгээр өндөрлөсөн юм.
2005 онд зөгнөлт, адал явдалт кино “Zathura”-д сахилаггүй хоёр хүүгийн эгч Lisa-гийн дүрийг бүтээжээ. Энэхүү бүтээл нь кино зохиол болон найруулагчийн ур чадвараар шүүмжлэгдээс өндөр үнэлгээ авсан гол дүр болох Lisa төдийлэн амжилт олж чадаагүй юм.
Мөн энэ жилдээ тэрбээр Griffin Dunne-н найруулсан “Fierce People” кинонд Maya хэмээх охины дүрийг бүтээсэн юм. Энэ кино нь мөн л төдийлэн амжилт олоогүй өнгөрчээ.
Харин 2007 онд тэрбээр уран бүтээлдээ шаргуу ажиллаж эхэлсэн юм. Аймшгийн кино болох “The Messengers” кинонд гол дүр Jess Solomon-ы дүрийг бүтээлээ. Энэ кино нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч ашиг орлогоор дээгүүрт жагсч байсан ч кино шүүмжлэгчдээс доогуур үнэлгээ авчээ.
Түүний дараагийн бүтээл нь уянгын драм болох “In the Land of Women” кинонд Lucy Hardwicke хэмээх өсвөр насны охины дүрийг бүтээсэн юм. Энэ кинондоо Meg Ryan, Adam Brody нартай хамтран тоглосон ба кино нь мөн л төдийлэн амжилт олоогүй юм. Энэхүү бүтээлийнхээ дараа тэрбээр Sean Penn-ийн найруулсан “Into the Wild” кинонд тоглов. Энэхүү дүрээрээ тэрбээр мэргэжилтнүүдээс харьцангуй өндөр үнэлгээ авсан ба хичээнгүй шаргуу байж ур чадвараа дээшлүүлж байгааг магтаж байсан аж.
2007 оны аравдугаар сарын 16-нд “Summit Entertainment” Stephenie Meyer-ийн номноос сэдэвлэн “Twilight” нэртэй кино хийхээр болсон ба киноны гол дүр болох Isabella "Bella" Swan дүрийг бүтээх жүжигчнээр Kristen Stewart-ыг сонгосон нь түүний хувьд амжилтын түлхүүр атгасан явдал болсон юм. Найруулагч Catherine Hardwicke түүнтэй уулзахаар “Adventureland” киноны зураг авалтан дээр нь очсон ба түүнийг хараад шууд л шийдвэрээ гаргасан байна.
Twilight киноны зураг авалтын ажил 2008 оны хоёрдугаар сараас эхэлсэн ба тухайн оныхоо тавдугаар сард зураг авалт нь дууссан юм. Ингээд аравдугаар сарын 21-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болжээ.
Эхний анги нь шуугиан тарьж, ашиг орлогоороо дээгүүрт бичигдэн кино шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авлаа. Ингээд киноны багийнхан киноныхоо үргэлжлэл болох “New Moon”-ээ хийж эхэлжээ. Энэ анги нь 2009 оны арваннэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн юм.
Энэхүү кино ашиг орлогоороо өмнөх ангийнхаа амжилтын эвдэн олон кино наадмуудад нэр дэвшиж байсан юм.
Одоо энэхүү киноны гуравдугаар анги болох “The Twilight Saga: Eclipse” нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа ба энэ сарын 30-наас эхлэн үзэгчдийн хүртээл болно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж