Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагт Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг толилуулах гэж байна. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн уг балетын цомнолыг балетмейстер хореограф, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяандагва бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Мэнд-Амар хөгжмийг нь бичсэнээр “Үйлийн гурван толгой” балет бүтсэн түүхтэй. Ж.Мэнд-Амар ардын аялгууг үндэсний найрал хөгжимтэй хослуулан найруулж, жүжгийн удиртгал болгосон нь шинэлэг хэлбэрийг олсон байдаг юм.
Тус балетыг анх 1987оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий бүжгэн жүжгийн үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмгэнэлт харилцааг харуулах болно.
Харин маргааш 17:00 цагт ДБЭТ-ын тайзнаа “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно.
Г.ДАША