Гадаад харилцааны сайд цохон тэмдэглэв
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн Дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжин тэлж буйг дурдаад ХБНГУ нь Монгол Улсын итгэлт сайн анд нөхөр болохыг цохон тэмдэглэв. Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Освальд түүний Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаанд түлхэц өгөх нь дамжиггүйг тэмдэглээд элэгсэг дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлж, мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын Бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэсэн юм.
Монгол, Германы хоёр талт харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны парламент болон парламентын бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар өргөжиж буйг тэд санал нэгтэй тэмдэглээд эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.