Тамхинд хяналт тавих журмыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

Тамхинд хяналт тавих журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2013 оны тавдугаар сарын 25-ны бямба гаригт/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталлаа

Журамд Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тодорхой болголоо.
 
Тухайлбал, тамхийг худалдааны байгууллагын кассны дэргэд байрлуулахгүйгээр тусгайлан лангуугаар худалдаалах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон кадастрын зургийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх шаардлагатай болж байна. Мөн баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, соёл урлагийн тоглолт, аялал зугаалга, өдөрлөг зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газарт тамхи худалдаалах болон ширхэгээр, гудамж талбайд, гар дээрээс, дуудлагаар хүргэх үйлчилгээгээр худалдаалахыг хориглолоо.
          
Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Тодруулбал, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, татварын байгуулага бүр тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх нээлттэй утсыг олон нийтэд зарлан тогтмол ажиллуулна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тамхи худалдах үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол саналаа эрх бүхий ажилтан, улсын байцаагчид хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм.
 

АОХН-ийн Сайд нарын Бага хурлын дүнг сайшаалаа
 

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар Бага хурлын дүнгийн тухай хэлэлцээд, хурлын дүнг сайшаалаа. Мөн тус хуралд бэлтгэх Үндэсний хорооны удирдлага, гишүүд, хурлыг зохион байгуулахад идэвх, хүчин чармайлт гарган оролцсон төр, засгийн байгууллага, албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, сайн дурынханд талархал илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ.
 
Улаанбаатар хотыг олон улсын арга хэмжээний нэг төв болгох зорилгоор Олон улсын хурлын цогцолбор байгуулах санал боловсруулан, шийдвэрлүүлэх, Монгол Улсад ардчиллыг дэмжих институцийг байгуулах зорилгоор олон улсын сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх, туршлага солилцох төвийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэгтэйгээр байгуулах чиглэлээр ажиллах зэрэг ажлуудыг АОХН-ийн Сайд нарын Бага хурлын мөрөөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн НҮБ-ын албан ёсны 5 хэлээр олон улсын мэргэжлийн түвшний синхрон орчуулагч дотооддоо байнга бэлтгэдэг сургалтын төвийг байгуулах, гадаадад дадлага хийлгэх цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, Улаанбаатар хотноо 2016 он хүртэлх хугацаанд хүлээн авч болох олон улсын арга хэмжээнүүдийн жагсаалтыг гарган, холбогдох олон улсын байгууллагатай ярилцаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг төлөвлөн хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 
 
ТОВЧХОН:
 

·      Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Йинглак Чинаватын Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
 
·      Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хот, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
 
·      Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтворжсонтой холбогдуулан “Монгол Улсын Хөгжлийн банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн банк болон Удирдлагын багийн хооронд байгуулсан Удирдлагын гэрээ”-г дуусгавар болгож, Монгол Улсын Хөгжлийн банк болон БНСУ-ын Хөгжлийн банкны хооронд Зөвлөхийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрлөө.
 
·      Бүгд Найрамдах Герман Улсад 2015 оны 3 дугаар сард зохион байгуулагдах “Ай Ти Би Берлин-2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох тухай асуудлыг дэмжээд, Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо байгуулахаар тогтов.
 
·      БОНХ-ын сайд С.Оюуны 2013 оны 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотноо болох “Даян дэлхийн ногоон өсөлт-2013” дээд хэмжээний чуулга уулзалтад зохион байгуулагч талын зардлаар оролцохыг зөвшөөрөн, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
 
·      2013 оны 4 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад болсон НҮБ-ын Ойн форум, 4 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад болсон Эмэгтэй манлайлагчдын чуулганд тус тус оролцсон тухай БОНХ-ийн сайд С.Оюун Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
 
·      Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид 2013 оны 5 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Дели хотноо болсон Азийн хөгжлийн банкны, 10-11-ний өдрүүдэд Турк Улсын Станбул хотноо болсон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жилийн уулзалтад оролцсон дүнгийн тухай Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
 
·      2013 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч байх, үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны болон тэжээлийн ургамлын тариалалтыг технологийн хугацаанд нь чанар сайтай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгав.

Эх сурвалж: www.zasag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж