Хятад, солонгосчууд авлигаар угжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.25-нд нийтлэгдсэн

Хятад, солонгосчууд авлигаар угжиж байна

"News week" сонины №012 дугаарын “Миний бодлоор” буланг хүргэж байна. Энэ удаагийн Авлигийн талаарх сэдвийг хөнджээ.  

Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь бичиг”-т “Авлига гэдэг нь ёсон бусаар шунаж авсан эд юм” гэж бичжээ. Энгийнээр тодорхойлбол, авлига нь эрх мэдлээ хувийн эрх ашигт урвуулан ашиглахыг хэлнэ. Монгол Улсын Авлигын эсрэг хуульд “Авлига гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил” гэж тодорхойлсон байна. АНУ-ын Азийн сан, “Сант марал” сангаас хамтран явуулсан судалгаанд оролцогчдын 88,8 хувь нь Монгол Улсад авлига нийтлэг үзэгдэл гэж үзжээ. 2006 онд тулгамдаж буй асуудлын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байсан авлига 2012 онд тавдугаар байр руу буусан хэдий ч нийгэмд бугшсан хэвээр байгаа авлигын талаарх хүмүүсийн бодлыг энэ удаагийн “Миний бодлоор” буландаа нийтэлж байна.

Эрх чөлөө, ардчиллын хамгийн том дайсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Ардчилсан тогтолцоонд шил­жих гээд бүтэлгүйтсэн, бүтэлгүйтэж байгаа ихэнх улс орны гол зовлон нь ард түмнээсээ биш муу засаглалаас болж байна. Ардчилсан дэг журам ихэнхдээ гаднаасаа биш дотроосоо муудаж аюулд орж байна. Авлигын хохирогч нь ард түмэн, хожигч нь авлигажсан эрх мэдэлтнүүд болж байна. Авлига, муу мөнгө, түүнийг дагасан сүлжээ хүчтэй байна. Авлига  ардчилалд итгэх иргэдийн итгэлийг эвдэж байна. Эрх чөлөө, ардчиллын хамгийн том дайсан бол авлига, муу засаглал. Авлигатай тэмцэх нь аль ч эрх баригчдын хувьд хамгийн хатуу шалгалт.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлын үеэр 2013.04.29


Монгол хүний  унаган зан биш

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Авлига бол монгол хүний унаган араншин яагаад ч биш. Монголчууд их нэрэлхүү, хүнд муугаа үзүүлэхийг хүсдэггүйтэй нэгэн адил  хүнээс зүгээр юм авахыг тэвчдэггүй. Хомсхон байлаа ч хангалуун  мэт ханддаг тэнгэр заяат ард түмэн. Гэтэл энэ авлига гэгч муу зан газар авсанд гайхаад байдаг юм. Авлигыг арчин хаях, монгол хүн монголоороо хөгжих цаг болсон.

News.mn сайт 2013.05.17


Хятад, солонгосчууд авлигаар угжиж байна

“Номин талст” xамтлагийн дуучин  Т.Дэлгэрмөрөн: 
  
-Авлига нийгэмд хүчтэй байна. Салбар бүрийг хэрэн хэлхсэн авлига төрийн алба, агентлагуудад илүү хүчтэй байгаа санагддаг. Замын цагдаа, авто тээвэр, үл хөдлөх хөрөнгийн газар, газрын алба гээд авлига авдаггүй  салбар гэж алга. Уг үндсээр нь арилгахад хэцүү болчихлоо гэж бодогддог шүү. Ер нь бол монголчуудыг хятад, солонгосчууд л авлигаар угжиж байна шүү дээ. Өмнөд Солонгост бол авлига авсан хүнийг нэр ус, албан тушаалаар нь нийтийн дунд зарладаг юм билээ. Цагаан хоолойгоор зарлаад, нэрлээд байхаар хүмүүс ичдэг бололтой юм. Би хувьдаа авлига өгч, авч  байгаагүй. Тийм шаардлага ч гардаггүй.      

News.mn сайт 2013.05.17


Авлига өгдөг хүнийг биш авдаг хүнийг шийтгэе

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат:

 -Албан тушаалтан авлига авсан нь нотлогдвол албан тушаалаас нь шууд огцруулдаг болоосой. Яагаад гэвэл авдаг тал нь байхаар өгөх нөхцөл бүрдлээ гэсэн үг шүү дээ. Тиймээс авдаг талыг нь шийтгээд, өгдөг хүмүүсийг нь шийтгэхээ больё гэсэн саналыг УИХ-д өргөн бариад байна. Үүнийг дагаад Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Ардчилал  сонин. 2013.04.04

М.СУРА

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №012

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж