Д.Сугар: Түлш эрчим хүчний компаниуд үнэхээр алдагдалтай ажилласан

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Д.Сугар: Түлш эрчим хүчний компаниуд үнэхээр алдагдалтай ажилласан

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй ч, оролцож буй гишүүдийн хувьд Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүнтэй холбогдуулж, нэхэл хатуутай асуулт тавьсаар байна. Тухайлбал, гишүүд дээрх онд төрийн өмчийн болоод төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд юунаас болоод алдагдалтай ажиллав. Төр муу менежмент явуулснаас ийм байдалд хүрэв үү. Эс бөгөөс эдийн засгийн хямралаар далимдуулж, алдагдалтай тайлан гаргаж өгсөн үү” гэдэгт хариулт нэхлээ.

Дээрх асуултад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хариулт өгсөн юм. Тэрбээр “Түлш эрчим хүчний компаниуд хийгээд, тэдэнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг төрийн өмчийн оролцоотой уурхайнууд үнэхээр алдагдалтай ажилласан. Алдагдалтай ажиллахад нөлөөлсөн үндсэн гурван шалтгаан бий. Баримт дурдахад, Багануурын нүүрсний уурхай нь нэг тонн нүүрсийг 19 мянган төгрөг зарж, боловсруулдаг. Дулааны цахилгаан станцуудад нийлүүлэхдээ нэг тонн нүүрсээ 16 мянган төгрөгөөр үнэлж өгдөг. Уурхайнуудын хувьд нүүрсний үнээ нэмэх сонирхолтой ч  цахилгаан, дулааны үнэ өсөхөөс сэргийлж, Засгийн газраас нүүрсний үнийг ямагт хэвээр хадгалсаар ирсэн. Энэ нь алдагдалтай ажиллах анхдагч шалтгаан болсон. Хоёр дахь шалтгаан нь гадаадаас асар их хэмжээний зээл авсан байдаг, төрийн өмчит эдгээр компаниуд. Зээлээ төлөхдөө валютаар хийдэг. Энэ нь бас нэлээд дарамт учруулдаг, валютын хэлбэлзлээс болоод. Гурав дахь шалтгаан нь олон жил ашигласан техник технологио шинэчилж чадаагүйгээс элэгдэл хорогдол ихээр гарч, ашигт ажиллагаа алдагдсантай холбоотой юм. Ер нь Түлш эрчим хүчний компаниуд хийгээд нүүрсний уурхайнуудыг оруулаад 20 гаруй компани алдагдалтай ажилласан байдаг.

Мөн дээр нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр тус бүр алдагдалтай ажилласан. Шалтгаан нь санхүү эдийн засийн хямралтай холбоотой. Өнгөрсөн онд санхүү эдийн засгийн хямралын уршгаар барилгын компаниуд олноор дампуурч, үйлдвэрлэлээ зогсоосноос дээрх үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй байдаг юм” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Чоно бороойноор гэгчээр хямралаар далимдуулж, олон компаниуд алдагдалтай тайлан гаргаж, хонжоо олж байгаа шүү” гэдгийг энэ үеэр анхааруулсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж