“Танайд хоноё” шинэ дүр төрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“Танайд хоноё” шинэ дүр төрхтэй боллоо

MN25 дугаар суваг телевизийн нэвтрүүлгүүдээс үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг нэвтрүүлэг бол “Танайд хоноё” гэхэд хилсдэхгүй биз. Одоо гурав дахь хөтлөгчийнхөө нүүрийг үзэж буй тус нэвтрүүлгийг анх Г.Алтантүрүү хөтөлж, хүмүүст хүргэж байсан. Харамсалтай нь, удирдлагуудтайгаа санал нийлэхгүй байснаас болж ажлаасаа гарч, хувийн бизнес эрхлэх болсноор Тэнгис хэмээх залуу хөтөлж эхэлсэн. Гэсэн ч үзэгчдээс нэг их үнэлгээ авч чадалгүй байсаар мөн л ажлаасаа гарч “Танайд хоноё” нэвтрүүлэг хөтлөгчгүй хоцорсон. Тэгвэл тус нэвтрүүлгийн ээлжит хөтлөгчөөр “Больёо, болоо ш дээ” нэвтрүүлгийг хөтөлж үзэгчдээс багагүй хайрыг хүртэж чадсан сэтгүүлч Г.Ганзориг хөтлөх болжээ. Орос гуравдугаар сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн Г.Ганзориг энэ удаа “Танайд хоноё” нэвтрүүлгийг илүү өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөн ажилдаа хэдийнээ шамдан ороод байгаа гэнэ. Хоёр, гурван ч дугаараа үзэгчдэд хүргээд байгаа сэтгүүлч Ганзориг өнгөрсөн долоо хоногт хилийн чанадад, тэртээ Герман улсад айлд хоноод ирсэн гэнэ.

Түүний Германд очиж хоносон айл нь “Авъяаслаг Германчууд” тэмцээний шилдэг оролцогчдын тоонд шалгаран үлдэж байсан хөөмийчин Хосбаярынх гэнэ. Харийн Европт эх орныхоо үнэт түүх соёлыг гайхуулсан авъяаслаг залуугийн амьдралыг дэлгэх түүний нэвтрүүлэг энэ ням гаригт гарах юм. Ганзоригийн хувьд энэ бүхэн түүний ажлын зөвхөн эхлэл гэсэн шүү. Учир нь тэр тун удахгүй экс ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарынд хонох гэж байгаа гэнэ. Хэрэв тэдэнд ард түмнээсээ нууж хаах зүйл үгүй л юм бол сэтгүүлч залуу мишокоо бариад хаалгыг нь тогшиход бэлэн байгаа аж.
С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж