ОХУ-ын эдийн засаг Грекийн араас орох нь

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

ОХУ-ын эдийн засаг Грекийн араас орох нь

ОХУ-ын эдийн засгийн жилийн өсөлт ирэх арван жилд хоёр хувиас дээш гарахгүй бөгөөд Грекийн араас орох магадлалтай байгааг тус улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх банкуудын нэг болох “Renaissance Capital”-ийн шинжээчид мэдэгджээ. Энэ нь ОХУ-ын улам зузаарах болсон өр Грекийнх рүү тун ойртож буйг илтгэж байгаа аж.

ОХУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 1.6 хувьтай байсан нь хөрөнгө оруулалт болон хувийн хэрэглээ буурч, гаднын эрэлт тааруухан байгаатай холбоотой гэж “Ведомости” сонинд бичжээ. “Renaissance Capital” банкны шинжээч Иван Чакаров тус сонинд ярилцлага өгсөн бөгөөд ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа гол шалтгааныг тус улсын эдийн засаг дундаж орлоготой орны түвшинд хүрээд зогсонги байдалд орсонтой холбоотой гэж тайлбарлажээ.

Орлогын тодорхой (дундаж) түвшинд хүрэх үе буюу жилд нэг хүнд ногдох ДНБ нь 16000 ам.долларт хүрэх үед тухайн орны гол давуу тал нь болж байсан өртөг, зардал нэмэгдэж, эдийн засаг нь зогсонги байдалд ордог. Энэ нь хөгжиж буй орнуудад тохиолддог хэвийн үзэгдэл аж. Харин ОХУ-ын хувьд нэг хүнд ногдох ДНБ 16016 ам.доллар. Тус улс BRICS-ийн орнуудаас дээрх асуудалтай тулгараад буй анхны орон болохыг Иван Чакаров онцолжээ.

Дундаж орлоготой орнуудад нүүрлэдэг энэхүү хүндхэн нөхцөл байдалтай Баруун Европын орнууд 1970-аад онд, БНСУ 1995 онд, Сингапур болон Хонконг 1980 оны эхэн үед тулгарч байсан түүхтэй.

АНУ-ын Эдийн засаг судлалын үндэсний товчооноос гаргасан судалгаагаар аливаа улс дундаж орлоготой болсныхоо дараа хэсэг хугацаанд зогсонги байдалд ордог нь эдийн засгийн өсөлтийнх нь хурдыг 70 орчим хувиар сааруулдаг гэж дүгнэжээ. Иймээс 2010-2011 онд 4.3 хувьтай байсан ОХУ-ын эдийн засгийн өсөлт цаашид 1.6 хувь болтол буурах магадлалтай юм.

Ирэх арван жилд ОХУ-ын эдийн засгийн жилийн өсөлт хоёр хувиас дээш гарахгүй гэж Иван Чакаров хэлжээ. Тэрбээр дээрх асуудалд орох нь нэгэнт тодорхой учраас Засгийн газар улсын өрийн хэмжээгээ нэмэгдүүлэхээс аргагүй болох бөгөөд улмаар Грекийн араас орох магадлалтай гэж үзэж байгаа аж.

Грекийн жилд нэг хүнд ногдох ДНБ 1980-аад онд 16000 ам.долларт хүрч байв. Үүнээс хойш аравхан жилийн хугацаанд ажилгүйдэл 2.5, инфляци 1.5 дахин нэмэгджээ. 1980 оны эхэн үед Грек улсын нийт өр ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцэж байсан бол өнгөрсөн онд 170 хувь болж нэмэгдсэн байна.

ОХУ дээрх асуудалд орохыг “Renaissance Capital” банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас урьдчилан таамагласан аж. Ийм байдалд орохоос зайлсхийх боломж 60 хувьтай байгаа гэж тооцоолсон бөгөөд Засгийн газрын зүгээс эдийн засгийн реформ хийх шаардлагатай гэж үзэж байжээ.

Өнгөрсөн оны эхэн үеэс ОХУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах болжээ. ДНБ 2011 онд 4.3 хувь байсан бол өнгөрсөн оны сүүлчээр 3.4 хувь болон буурчээ. Харин энэ оны эхний улиралд дөнгөж 1.6 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Эдийн засаг нь зогсонги байдалд орсны улмаас тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас хамтран гаргасан ОХУ-ын эдийн засгийн хөгжил ойрын ирээдүйн төсөөллийг дахин шинэчлэхээс өөр аргагүй болжээ.

Хэрэв ОХУ-ын Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол тус улс ирэх намар гэхэд эдийн засгийн хямралд орж болзошгүй хэмээн тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас анхааруулсан байна.
 

Л.ЗОЛЖАРГАЛ
Эх сурвалж: www.MongolianEconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж