Шилдэг суперкомпьютерийн хоёрдугаар байрыг Хятад эзлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Шилдэг суперкомпьютерийн хоёрдугаар байрыг Хятад эзлэв

Манай урд хөрш дэлхийн хамгийн хурдан суперкомпьютеруудын жагсаалтын хоёрдугаар байрыг эзлэх болжээ. Тус улсын инженер, мэргэжилтнүүдийн бүтээсэн “Nebulae” гэх суперкомпьютер өдгөө Шензень хотын Үндэсний суперкомпьютерийн төвд ажиллаж байгаа бөгөөд саяхан гаргасан дэлхийн топ 500 суперкомпьютерийн жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Ийнхүү анх удаагаа Хятадын хоёр ч суперкомпьютер дэлхийн топ 10 хурдан компьютерийн жагсаалтад багтаж буй тохиолдол нь энэ юм.

Гэхдээ АНУ энэ салбарт тэргүүлэгч хэвээр байгаа. Топ 500 суперкомпьютерийн тоонд тус улсаас хамгийн олон буюу 250 гаруй компьютер багтсанаас гадна дэлхий дээрх хамгийн хурдан компьютер болох “Jaguar” нь тус улсын өмч юм. Теннеси мужийн Оакрижийн үндэсний лабораторид байрлах уг компьютерийн дээд хурд нь 1,75 петафлоп болно. Нэг петафлоп гэдэг нь секундэд 1000 триллион үйлдэл хийх хурдыг заадаг ажээ. “Jaguar”-ыг эрдэмтэн, судлаачид астрофизик, цаг уурын шинжлэх ухаан болон цөмийн эрчим хүчний судалгаанд ашигладаг байна.

Харин Хятад улсын тухайд топ 500-гийн жагсаалтад 24 суперкомпьютер багтжээ. Тус улсын бүтээсэн хамгийн хурдан нь болох “Nebulae” нь 1,20 петафлоп хурдтай бөгөөд уг суперкомпьютерийг бүтээсэн “Dawning” компани цаашид Тяньжин дахь Үндэсний суперкомпьютерийн төвд зориулж, илүү хурдан компьютер үйлдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж