![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/15abc879629f6e9c/22a9f3197a347992big.jpg)
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн тааруу, голлох нэрийн барааны үнэ өсч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2012 оны арванхоёрдугаар сард үхрийн цул мах 1 кг нь 9200 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 11200 төгрөгт хүрсэн. Хонины мах 1 кг цул нь 7200 төгрөг байсан бол одоо 8800 төгрөгт хүрсэн зэргээс харахад махны үнэ үндсэндээ 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт харагдаж байгаа. Гэтэл зөвхөн махны үнийг тогтворжуулахын тулд 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шугам нээж өгсөн. Өмнөх жилд махны үнийг тогтворжуулахын тулд улсын төсвөөс буцалтгүй шугамаар 7-8 тэрбум төгрөгийн татаас олгоод үнийг тогтвортой барьж байсан бол Шинэчлэлийн Засгийн газар дээрх алхмыг хийгээд үр дүн дагуулсангүй. Хоёрт гурилын үнийг тогтворжуулахын тулд мөн л 60 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шугам нээсэн. Улаанбаатар хотод гурилын үнэ харьцангуй тогтвортой байсан ч орон нутагт энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс цаашид яах вэ, тэр дундаа баруун аймгуудад гурилын үнийг тогтворжуулахын тулд ямар бодлогыг салбарын яам нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Атрын гуравдугаар аяны үргэлжлэл явах уу, аль эсвэл зогсох уу гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүссэн юм.
Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын тайлбараар бол махны үнийг Улаанбаатар хотод тогтворжуулахын тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилго тавьжээ. Тодруулбал, 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 160 гаруй аж ахуйн нэгжид олгох юм байна. Тэдгээр аж ахуйнууд нь махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлнэ. Тэдгээрийн нийлүүлсэн махаар төв суурин газрынхны махны хэрэгцээг хангана. Ийм арга хэрэгжүүлээд эхлэхээр малчдын махны үнэ буурах талтай, энэ тохиолдолд малчдын махыг гадаад руу экспортлох зорилго тавьж ажиллана. Гурилын үнийн хувьд орон нутагт үнэ өндөр байгаа нь үнэн. Цаашид гурилын үнийг тогтворжуулахын тулд гурилын үйлдвэрийг бүсчилж байгуулахад анхаарна, тэр дундаа газар тариалан эрхлэх бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар дэмжлэг үзүүлнэ. Мөн алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд бүсийн нэмэгдэл олгох замаар төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлээр шийдвэртэй алхам бас хийх ёстой гэж мэдэгдлээ.
Тэгвэл хоёр дахь асуулгын хариу болох Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан 300 тэрбум төгрөгийн бондын хэрэгжилтийн тухайд үр дүн гарч байгаа тухай мэдээллийг өглөө. Тухайлбал, үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчинд урамшуул олгосноор ноосыг 100 хувь дотоодын үйлдвэртээ тушаадаг болжээ. Ноолуурыг мөн 100 хувь дотооддоо боловсруулдаг болохоор зорьж яваа. Жилдээ 6000 тонн ноолуурыг үйлдвэрлэлд оруулж эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал заавал газар ухаж эдийн засгийг тэтгэх биш, малынхаа ноос, ноолуураар үндэсний үйлдвэрлэлээ төдийгүй малчдын ахуй амьжиргааг дээш татах бололцоо бий. Үүний төлөө зорьж яваа. Өнгөрсөн өвөл баталсан малын арьс ширэнд урамшуулал олгох асуудал ч мөн үндэсний үйлдвэрлэлээ өөд нь татаж дэлхийд өрсөлдөх чадвартай болгох зорилттой холбоотой гэдгийг тэрээр онцоллоо. Газар тариалангийн хувьд Атрын аян үргэлжилнэ. Ингэхдээ бүсчилж газар тариаланг хөгжүүлэхэд анхаарна гэлээ.
Харин асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн биелэлт 50 хувьтай байна гэж дүгнэж байна. Хүнсний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 139.5 тэрбум төгрөгийн зээлийн шугам нээгдэж ашигласан байдаг. Гэвч зээлийг бүрэн дүүрэн үр дүнтэй ашиглаж чадсангүй. Цаашид энэ байдалдаа салбар хариуцсан яам нь анхаарах ёстой хэмээн онцлон захисан юм.
Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөв.