“Хоу Ифань хожигдох замаа өөрөө нээж өгсөн”

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

“Хоу Ифань хожигдох замаа өөрөө нээж өгсөн”

Швейцарийн Женев хотод болж өндөрлөсөн дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээнд Гүржийн шатарчин түрүүлсэн билээ. Тэгвэл манай улсаас их мастер Б.Батчимэг анх удаа оролцоод, эх орондоо ирэв. Тэмцээний сонин сайхнаас сонсохоор их мастер Т.Батчимэгтэй ярилцлаа.

-Анх удаа эмэгтэйчүүдийн гран прид оролцоод ирлээ. Тэмцээнийхээ сониноос хуваалцах уу?

-Швейцарийн Женев хотод болсон дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээнд анх удаа оролцлоо. Юун түрүүнд энэ тэмцээнд оролцох боломжийг нээж өгсөн Монголын шатрын холбоо, дасгалжуулагчдын зөвлөлд баярласнаа илэрхийлье. Анх удаа оролцсон гэдэг утгаараа маш их зүйлийг сурлаа. Өрсөлдөгч бүр маань дор хаяж 200 функтээр илүү чансаатай байсан учраас өрөг болгон хариуцлагатай байсан. Өндөр чансаатай шатарчидтай тоглох амаргүй байлаа. Хамгийн эхний өрөгтөө одоогийн дэлхийн аварга Анна Ушенинатай тоглож тэнцсэн. Энэ тоглолтод би маш их сандарсан. Харин тэнцээд гараад ирсэний дараа бага зэрэг тайвширч, сайхан санагдаж байлаа. Дээрээс нь миний төрсөн өдөр байж таарсан учраас өөртөө тэнцээгээр бэлэг барьсан гэсэн үг. Тэр том шатарчинтай тэнцсэн нь том амжилт юм. Гуравдугаар өрөгт Хятадын бахархал болсон, одоогийн номер нэг шатарчин Хоу Ифанийг 41 дэх нүүдлээрээ буулгаж авсан. 16-хан насандаа дэлхийн аварга болж, олон дээд амжилтын эзэн болсон энэ мундаг шатарчинтай тоглоод хожсондоо хязгааргүй их баяртай байна. Тухайн үед миний сэтгэл маш их хөдөлсөн байсан учраас ариун цэврийн өрөөнд орж өөрийгөө тайвшруулсан даа. Энэ тоглолтын дараа өөртөө маш их итгэлтэй болсон. Тэгээд мундаг шатарчныг хожсон болоод ч тэр үү бага зэрэг тайвширч хоёр өрөг дараалан хожигдсон байгаа. Туршлагагүйгээс болсон хэрэг л дээ. Байрлалын хувьд хожих боломж бүрэн байсан ч ашиглаж чадаагүй. Дараалсан хожигдлын дараа дахин суралцаад тоглолтоо арай өөр төвшингөөс харж, анхнаасаа төлөвлөсөн тактикаараа тоглож эхэлсэн. Дор хаяж тэнцэхэд л хангалттай гэсэн бодолтой байлаа. Яагаад гэвэл надад алдаад байх зүйл байхгүй. Мэдээж боломж гарвал хожихын төлөө тоглох ч хэцүү байдалд орвол тэнцэх тактик боловсруулсан. Хамгийн гол нь энэ тэмцээнээс маш их зүйл сурсан гэдгийг онцолмоор байна. Сурсан зүйлээ Арменд болох хоёр дахь цувралд хэрэгжүүлж, амжилтаа ахиулахын төлөө хичээнэ. Тойргоор тоглодог тэмцээний давуу тал бол хэнтэй тоглох нь тодорхой болсон байдаг учраас бэлдэх боломжтой. Швейцарь систем бол өндөр рейтингтэй тоглогчтой тун цөөхөн таардаг. Нэг тэмцээнд дээд тал нь 2-3 өндөр зэрэглэлийн шатарчинтай таарах жишээтэй. Харин энэ тэмцээний бүх тамирчид жигд чансаатай учраас маш их туршлага хуримтлуулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тэмцээнд оролцоход монгол дасгалжуулагч нар маань маш их тусалж, зөвлөгөө өгсөн. Миний өөрийн багш Ц.Батсайхан болон шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдорж тэргүүтэй бүх багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн цувралд их мастер Д.Шаравдоржтой явахаар тохирсон.

-Таны хувьд ихэвчлэн оролцож байгаа тэмцээндээ ихэвчлэн ганцаараа явдаг. Ер нь тэмцээнд дасгалжуулагчтай, эсвэл дасгалжуулагчгүй оролцох хоёрт ямар ялгаа байна вэ?

-Сүүлийн гурван жилд олон улсын тэмцээнд ганцаараа явсан. 2010 оны оюутны дэлхийн аварга, өнгөрсөн жилийн олимпиадыг эс тооцвол бусад тэмцээнд ганцаараа оролцдог байлаа. Нэг тэмцээнээс медаль хүртэх гэж байхад сүүлийн ганц, хоёр өргөөс болоод мултарч байсан тохиолдол бий. Тэр нь дасгалжуулагчтай байсан холбоотой. Тиймээс маш их ялгаа байдаг. Тамирчин өөрөө тактик боловсруулах, дасгалжуулагчтайгаа сууж байгаад хамт төлөвлөгөө гаргах хоёр тэнгэр, газар шиг зөрүү байна. Мэдээж тоглолтын үр дүн нь ч тийм өөр гарна. Тийм болохоор үлдэж байгаа тэмцээнд аль болох дасгалжуулагчтай явахыг эрмэлзэнэ. Швейцарь улс маш өртөг өндөртэй орон, дээрээс нь цаг давчуу байсан учраас дасгалжуулагчийн асуудлыг шийдэж чадаагүй.

-Хоу Ифань мастерыг хожсоны дараахь яг тэр агшин дахин төсөөлбөл?

-Хоу Ифань бол агуу тамирчин. Гран пригийн өмнө Хятадын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдтэйгээ тоглоод амжилт гаргасан юм билээ. Ер нь бол форм сайтай байсан учраас өөрөөсөө рейтинг багатай шатарчинтай тоглосон учраас хожих гэж хэт улайрсан нь эцэстээ сөргөөр нөлөөлсөн байх. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө хожих ёстой гэж бодсон юм шиг байсан. Түүнээс болж хожигдох замуудаа өөрөө нээж өгсөн. Хоу Ифань тухайн үед хожигдсондоо сэтгэл дундуур байсан ч сэтгэлийн тэнхээтэй юм билээ. Бид хоёр найзууд болоход өөртөө итгэлтэй, тайван хүн шиг санагдсан. Ялангуяа Хятадын тамирчид сэтгэлзүйн тал дээр бүрэн бэлтгэгдсэн байдаг юм болов уу гэж бодсон. Миний хувьд мэдээж хамгийн сайхан мөч байсан. Гэхдээ нэг тоглолтоор асуудлыг шийдэхгүй учраас үлдсэн өргүүдөд өөрийгөө хянаж байлаа. Тэгж байж хүссэн амжилтдаа хүрнэ шүү дээ.

-Та оролцогчдоос хамгийн бага чансаатай нь байсан. Өөрөөсөө өндөр чансаатай шатарчидтай тоглоход сэтгэлзүйн тал дээр хэр бэлдэв. Женевт өнгөрүүлсэн өдрүүд хэр стресстэй байсан бэ?

-Маш их стресстэй байсан. Яагаад гэвэл бүгд дэлхийд гайхагдахаар амжилт үзүүлсэн шилдгүүд. Тиймээс эхний өргөөс эхлээд сандарч байлаа. Гэхдээ өөрийн тактикийн дагуу цагт орохгүйг маш их хичээсэн. Эдгээрийг баримтлаж, багшийнхаа захиас бүрийг санаж тоглосон. Ер нь бол өдөр маш хурдан өнгөрч байлаа. Өглөө босч цайндаа орлоо, дараа нь интернэтээр багштайгаа бэлтгэлээ хийнэ. Дараа нь өдрийн хоолоо идээд, шууд тоглолтдоо орсон. Нэг тоглолт 4-6 цаг үргэлжилж байсан болохоор ядралт ихтэй учраас шууд амарч байгаа юм. Яг ийм хэмнэлээр өдөр хоног хурдан өнгөрсөн. Тоглолт бүр ачаалалтай. Гэхдээ дэлхийн шилдгүүдтэй тоглож болохоор юм байна гэдгийг мэдэрсэн.

-Бэлтгэлийг яг хэзээнээс хийж эхлэв?

-Намайг оролцуулах шийдвэр нэлээд сүүлд гарсан. Ингэж бодохоор сар хүрэхгүй хугацаанд шахуу бэлтгэлтэй байсан. Гэхдээ аль болох хар талаа сайжруулах бэлтгэл хийсэн. Цагаан тал дээр бол эхэлж нүүх учраас давуу байрлал авах боломжтой. Гарааны хувьд асуудал гарч магадгүй гэсэн үүднээс хар тал дээр илүү ач холбогдол өгч бэлтгэл хийсэн байгаа. Яг хангалттай бэлтгэл хийж чадаагүй.

-Оросын их мастер Татъяна Косинцеваг хожих боломж бүрэн байсан ч тэнцсэн. Ямар алдаа гаргав. Энэ талаар товч ярих уу?

-Маш сонирхолтой өрөг. Дунд үед бага зэргийн алдаа гаргаад тэнцээ болгосон. Мөн цаг бага байсантай холбоотой байх. Хэдийгээр давуу байрлалтай байсан ч сүүлдээ явсаар байгаад тэнцээ болсон. Ер нь цаг багасаад ирвэл ямар ч өндөр зэрэглэлийн тамирчин алдаа гаргах магадлал өндөртэй. Литвийн их мастертай тоглохдоо хүртэл хожлоо өнгөрүүлсэн тал бий. Яагаад ч юм найдвартай гэсэн бодол миний толгойноос салж өгөхгүй байсан. Үүнээс болж хожлуудаа өнгөрсөн тохиодол байгаа.

-Ингэхэд Швейцарьт хэдэн удаа очсон бэ?

-Гурав дахь удаагаа очсон. Харин Женев хотод хоёр дахиа очсон минь энэ. Анх 1999 онд Испанируу хүүхдийн дэлхийн аваргад оролцоод буцах замдаа Женевт дөрөв хоносон. 2010 онд Цюрихт оюутны дэлхийн аваргад оролцох гэж Швейцарийг зорьж байлаа. Харин энэ удаа гран прид өрсөлдөх гэж Женевт очсон. Энэ далимд Женевт байгаа Консулын газар, элчин сайд Оргил, түүний зөвлөх Жаргалсайхан нарт баярланаас илэрхийлье. Намайг тэнд байх хугацаанд тусалж дэмжиж байсан. Хүүхэд насны дурсамжтай хотдоо дахин очсондоо баяртай байлаа.

-Явсан газрынхаа тухайн бага зэрэг сонирхуулж яриач. Маш үзэсгэлэнтэй газар гэж ярьдаг юм билээ. 10 гаруй жилийн дараа очиход хэр их өөрчлөгдсөн байна вэ?

-Женев бол маш үндэстнийг цуглуулсан хот. Яагаад гэвэл олон улсын томоохон байгууллагуудын төв байдаг шүү дээ. Мөн байгалийн үзэсгэлэнт газар, цэвэр усаараа дэлхийд тэргүүлдэг газрын нэг. Банк, мөн шоколад, цагаараа алдартай. Харин өөрчлөлтийн хувьд харьцангуй бага санагдсан. Европын орон учраас хуучны барилга, архитектураа хадгалж үлдэхийг эрмэлзсэн байх. Мэдээж бага зэргийн өөрчлөлт байлгүй яах вэ. Харин өртөг маш өндөр. 1.5 литр цэвэр ус таван ам.долларын үнэтэй байх жишээтэй. Цалин өндөр учраас түүнийгээ дагадаг байх. Баячууд ихтэй. Яагаад гэвэл татварын тал дээр таатай нөхцөлтэй учраас баячууд тэнд байх дуртай. Дэлхийн баячуудыг улсдаа татдаг арга нь ерөөсөө л татвар.

-Амралтын хоёр өдрийг хэрхэн өнгөрүүлэв. Тухайн оронтойгоо танилцах, бусад спортын тэмцээн уралдаан үзэх боломж хэр гарсан бэ?

-Өөр спортын тэмцээн үзэх боломж огт гараагүй. Харин эхний амралтын өдрөөр Женевийн нуураар усан онгоцтой аялал хийсэн. Тэмцээнд оролцож байгаа бүх тамирчид оролцсон аялал үнэхээр сайхан байлаа. Мөн ОХУ-ын их мастер Татъяна Косинцева, Хятадын Жү Вэнжүн болон бусад шатарчидтай илүү ойр танилцаж, нуурын эргээр зугаалсан. Нэлээд их ядарсан учраас сүүлийн хоёр тойргийн амралтыг бүх тамирчид унтаж, дараагийн өрөгтөө бэлдэж өнгөрүүлсэн.

-Өмнөх гран прид их мастер Б.Мөнгөнтуул оролцдог байсан. Харин Монголоос шинэ тамирчин ирэхэд өрсөлдөгч нар хэр хүлээж авч байна вэ?

-Сайхан танилцсан. Зарим нь намайг эчнээ мэддэг. Америкт тоглодог байсан гэдэг утгаар нь шүү дээ. Ихэнх нь Европ учраас тэдэнтэй оросоор, Хятадын шатарчидтай англиар яриад маш сайхан найзууд болсон. Тэмцээнийг зохион байгуулагч нар болон ФИДЕ-гийн мэдээллийн ажилтан, Кирсан Илюмжиновын туслах гээд олон сайхан хүмүүстэй дотно танилцсан байгаа. Бүх тамирчид намайг найрсаг, халуун дотнооор хүлээж авсанд их сэтгэл хангалуун байна.

-Ингэхэд анхны том тэмцээн танд ямар дурсамж үлдээв?

-Маш сайхан дурсамжийг үлдээсэн. Илүү сайн амжилт үзүүлж болох юм байна гэсэн итгэл олж авсан. Саяын тэмцээнд сурсан зүйлүүдээ дараагийн гурван цувралд гаргаж, амжилтаа ахиулна. Эдгээр тамирчидтай дахин тоглоход арай өөр байх болов уу. Тактикаа өөрчлөөд илүү итгэлтэй тоглолт үзүүлнэ. Дээрээс Армены цувралд шинээр таван шатарчин орж ирнэ. Үлдэж байгаа 20 гаруй хоногт бэлтгэлээ сайн хийнэ. Ялангуяа шинээр солигдох шатарчидтай хэрхэн тоглох тактикаа боловсруулна.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Баярлалаа. Энэ тэмцээнд оролцоход бүх талаар минь дэмжсэн Спортын бэлтгэлийн төв, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооныхоо хамт олонд маш их баярлалаа гэж хэлье. Цаашид илүү сайн тоглоно. 2250-гаас дээш рейтингтэй шатарчин оролцож болдог юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс энэ боломжийг нээж өгсөн Монголын шатрын холбоондоо дахин талархал илэрхийлье.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж